
Өглөөний сэрүүн салхи хотын барилгуудын завсраар шүүрэн орж, замын хашлага, зөөлөн чимээтэй алхаж яваа хүмүүсийн хөлд шүргэн урсана. Бэхи таягныхаа үзүүрээр газар зөөлөн товшиж, бусдын хардаггүй өнгөөр ертөнцөө мэдэрч явна.
Бэхи 24 настай. Амьдралынхаа хорин жилийг хараагүй хүний амьдралаар туулсан. Цаашид ч туулна.
Гэхдээ тэр хэзээ ч хараагаа алдсанаа “хязгаар” гэж ойлгож байгаагүй.
2005 он
Бэхи аав, ээжтэйгээ Солонгос Улсад амьдардаг байв. Тэр үедээ булчирхайн хорт хавдраар оношлогдож эмнэлэгт хэвтэж байхдаа төсөөлөхийн аргагүй муухай зүүд, зүүдлэн сэрсэн ч гэгээ биш түнэр харанхуй түүнийг бүрхэн авчээ.
Гараас нь хөтлөн суух ааваасаа “Би харанхуй болтол унтчихсан юм уу” гэж асуухдаа тэр дөнгөж дөрвөн настай байсан.
Хэнд ч харахгүйгээр орчлонг даван туулахад амаргүй. Гэхдээ Бэхи өөрийнхөө тавиланг хүлээн зөвшөөрөхгүй бол амьдралын бүх хаалга түгжигддэг гэж итгэдэг учир бэрхшээлээс зугаталгүй, өөрийн амьдралын нэг хэсэг шиг тэвэрч авч сурсан.

Ханаа тэмтрэн явах бяцхан охины чихэнд тоглоомын талбайд шуугилдах чимээ дэндүү тод сонстоно. Өмнө нь тэр тэдний дунд байсан. Гэтэл…
Цэцэрлэгт ч явж үзээгүй Бэхи цаг алдалгүй суралцах хэрэгтэй болсон тул 116 сургуульд элсэн оржээ.
Анх сургуулийн босгоо алхан орохдоо тэр бусдыг нүдээр биш, сэтгэлээрээ ажиглаж сурсан. Анги дотор хүүхдүүдийн тоглох чимээ, багш нарын алхах хэмнэл, анги ширээний модон үнэр… Энэ бүхнээс орчноо зурдаг байлаа.
Гэхдээ түүний зурсан зурагт “Хүртээмжгүй чанаргүй боловсрол, баг нарын ялгаварлан гадуурхалт”-ын дүр буужээ.
Үүнийг нь үл тэвчин хичээл хаялт зарлаж дуу хоолойгоо хүргэн өөрсдийнхөө төлөө өөрчлөлт авчрах гэсэн боловч үр дүнд хүрээгүй юм.
Үүнээс Бэхигийн хамгийн их ойлгосон зүйл бол:
“Хүүхэд учраас түүний үгийг хэн ч сонсохгүй.
Өөрийн бодолтой байж болно гэдгийг томчууд хүлээн зөвшөөрдөггүй”
Хэзээ ч биелэхгүй мөрөөдөл шиг хүртээмжтэй боловсролын системээ тэр хүлээн зөвшөөрч бие даан сурч эхэлсэн. Одоо тэр Улс төр судлаач, Улс төрийн сэтгүүлч, Төрийн албаны ажилтан.


Сургуулиа төгссөн ч тэр одоог хүртэл тэнд сурч буй мянга мянган хүүхдийн өмнөөс санаа зовниж, өмнөөс нь дуу хоолойгоо хүргэхийн тулд түүний сонгосон мэргэжил. Хүүхэд гэх нэрээр амаа үдүүлсэн ч тэр одоо том болсон. Тиймээс түүнд хийхийг хүссэн, өөрчлөхийг хичээсэн маш олон зүйл бий.


Харин энэ зүйл хаанаас урган гардаг вэ гэвэл өөрөөс нь үл шалтгаалах нийгмийн харилцаа, хүрээлэн буй орчин.
Бэхи таягныхаа үзүүрээр орчин тойрноо зурж явна. Гэхдээ зам нь жилийн жилд шинэ бордюраар “сюрприз” барина. Зарим бордюр өндөр, зарим нь налуу, зарим нь тасархай. Хүмүүсийн нүдэнд жижиг зүйл харааны бэрхшээлтэй хүмүүсийн хувьд УУЛ МЭТ ДАВАА.
Автобусны буудал дээр ирэхэд ч ялгаагүй. Дуу чимээ холилдон урсахад, ямар чиглэлийн автобус ирж буйг ялгах боломжгүй. Бусдаас сураглан сууж ч амжаагүй байхад нь хажуугаар нь хурдтай зөрөн өнгөрнө.


“Дараагийн зогсоол” гэх байнга нь явж байдаг үг, буух буудал заасан бичиг энэ бүхэн хүртээмжийн асуудалтай холбоотой. Тиймээс зайлшгүй эдгээр зүйлсээ ажиллуулж явах шаардлагатай аж.
Учир нь харааны бэрхшээлтэй хүн бүр Бэхи шиг нүүрэмгий биш. Ичиж, сандрахдаа буух буудлаа өнгөрөх, автобусандаа сууж чадахгүй үлдэх асуудлуудтай тулгарна. Тиймээс стандарт гэх зүйлээ зайлшгүй баримтлах нь зүйн хэрэг.
Хүнсний дэлгүүрт ч тэр. Харааны бэрхшээлтэй хүмүүс тэмтэрч л олно шүү дээ.
Гэтэл энэ үйлдэл нь худалдагчийн нүдэнд хулгайч шиг харагдаж, очиж зандрах тохиолдол ч гардаг аж.
Хаа хаанаа л хүртээмж, стандарт гэдэг зүйлээ баримтлаад сурчихвал…


Бэхи энэ бүхнээс л шантармаар байдаг ч шантрах эрхгүй. Учир нь тэр маш олон мөрөөдөлтэй.
“Бусад хүмүүсийн хувьд энгийн зүйл байж болох ч өөр нэгний хувьд бүхэл бүтэн ертөнц хэзээ ч биелүүлж чадахгүй ч зориглож хүсэх мөрөөдөл нь байдаг юм шүү”
Би машин барьж, толинд харан нүүрээ будаж, үзмээр байна. Хэзээ ч харж байгаагүй ч чихээрээ дурласан уран зураг гэх зүйлийг хармаар байна.
Тэр зүгээр бодоод л дуусаагүй “Луврын музей” явах маршрутаа бодож боловсруулж, судалж, төсөөлж, дотроо хэдэн арван удаа очсон. Одоо түүнд техник технологийн хөгжил дэвшил талаас л тус болох зүйл үлдэж.


“Бид чамайг бүр харахгүй гэж бодоогүй юм.”
“Тэгэхээр бид авч чадахгүй нь.”
Энэ үг бүрийн цаана “чамд боломж байхгүй” гэсэн далд хариу нуугдсан мэт.
Гэхдээ Бэхи хэзээ ч бууж өгсөнгүй.
Хамгийн хэцүү нь ажилд орсныхоо дараа ч түүний ур чадварыг бус, бэрхшээлийг нь эхлээд хардаг хүмүүсийн хандлага.


Бэхи таягныхаа үзүүрийг даган хаана юу байгаа нь үл мэдэгдэх хотын харанхуй зам руу алхан орохдоо дотроо нэг л зүйл боддог.
“Би харахгүй байж болно.
Гэхдээ би амьдралаа хэзээ ч харанхуйд амьдруулахгүй. БИ ЧАДНА”
Өнгө, гэрэлгүй ертөнцөд амьдардаг ч тэр дотроо гэрэл асаадаг.
Хүмүүсийн хандлага өөрчлөгдөж байгаа ч Бэхи нийгэмд нэг л зүйл хатуу сонсогдох ёстой гэж боддог:






