
2020 онд коронавирусын цар тахал гарснаас хойш Боловсролын салбарт цахим хичээл гэдэг үг хүч түрэн орж ирсэн. Энэ зүйл багш, сурагч, эцэг эхчүүдийн хувьд ч шинэ зүйл байж, бүгд хамтдаа суралцсан.
Дижитал эрин үе рүү шилжиж байгаа энэ үед цахим, танхим хослуулан сурах нь хөгжил, дэвшилтэйгээ хөл нийлүүлэн алхаж буй мэт үйл явдал боловч үүний цаана зэрэг алхъя гээд ч амжихгүй хоцорч буй олон үрс байна.
Цахим хичээлд хамрагдахын тулд ухаалаг гар утастай, түүндээ дататай байх шаардлага үүснэ. Гэтэл үдийн цайгаараа өдрийнхөө өлийг дааж явдаг олон хүүхдүүд өнөө цахим хичээлд яаж хамрагдах билээ?
Жишээлбэл П.Одхүү, ЕБС-ийн хоёрдугаар ангийн сурагч. Өнгөрсөн жил Цагаан толгойн 35 үсгээ сурч дөнгөж үржих хуваахаа өнөө сурч байгаа түүний хувьд утасны жижиг дэлгэцний цаанаас багшийнхаа бэлдсэн цахим хичээлийг харж, ярихыг нь сонсоод ойлгож, дэвтэртээ буулгахад хүндхэн байгаа. Гэвч түүний амьдардаг гэр хороололд эрчим хүчний саатал үүсэж өдөртөө 1-2 цаг тог тасарчихдаг байна.
П.Одхүү: “Өчигдөр хичээл орох үед тог тасарчихсан. Ээж ажлынхаа цайны цагаар ирээд надад утсаараа хичээлийг маань үзүүлэх гэж байсан чинь тог ирээгүй учраас ээж ажилдаа яараад явчихсан”
П.Одхүү шиг тоггүй, датагүй, утасгүй олон бага ангийн сурагчид “цахим хичээл” нэртэй хичээлийн хоцрогдолд орох нь тодорхой болоод байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд Монгол Улсын иргэн сурч боловсрох эрхтэй гэж заасан байдаг. Гэтэл тэр эрхээ эдэлж, бүрэн хангуулж чадаж байна уу?
Манай сурвалжлах баг багш нарын ажил хаялттай холбоотойгоор Нийслэлийн захын дүүрэгт байрлах сургууль дээр очиж сурвалжилга бэлтгэсэн юм. Энэ үед багш нарын хамгийн их санаа зовж байсан зүйл нь “Сургууль дээрээ ирж тайван байдаг, үдийн цайгаараа өдрөө даадаг, дулаацдаг хэдэн хүүхдүүд минь одоо яаж байгаа бол оо” гэсэн асуудал байсныг энд саная.
Үүнээс ургуулан бодвол, тэдэнд ухаалаг утас бий юу, интернэтэд орох дата байгаа юу? Магадгүй хүүхдийнхээ хичээлд анхаарал хандуулаад, хянаад, заагаад суух эцэг эх бий юу?
Энэ асуултын хариуг танд үлдээе…
Цахим хичээлийн үед хүүхдүүддээ яаж хичээлээ ордог вэ гэж нийслэл, аймгийн сургуулиудаас тодруулахад “Их нүүдэл”, “google meet”, “Teams” “Zoom” “Classroom” зэрэг аппликейшнуудыг ашиглан хичээл ордог, урьдчилаад хэвлээд явуулдаг ч сургууль, багш нар байна. Гэхдээ хичээлдээ цахимаар орж ирээгүй хүүхдүүдийг суугаагүй буюу “тас” гэж бүртгэхээс өөр аргагүй гэдгийг багш нар хэлж байна.
Үүний цаана тэр хүүхэд хичээлдээ суух хүсэлтэй ч гар утасгүй, интернэт датагүй, гэрэл цахилгаангүй бол яах вэ? Энэ боловсролын тэгш хүртээмж мөн үү П.Наранбаяр сайд аа?






