
Өнгөрөгч баасан гарагт УИХ-ын нэгдсэн чуулган үдэш болтол хуралдаж “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа.
ТАВАН жилийн хөгжлийн төлөвлөгөөг том зургаар нь харвал:
“Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл” нь
- “Хүний хөгжил”,
- “Нийгмийн хөгжил ба үндэсний нэгдмэл үнэт зүйл”,
- “Эдийн засаг ба дэд бүтцийн хөгжил”,
- “Байгаль орчин, ногоон эдийн засаг”,
- “Засаглал, дижитал шилжилт”,
- “Бүсийн хөгжил”,
- “Үндэсний өрсөлдөх чадвар”,
- “Шинжлэх ухаан, технологи, хиймэл оюун” гэсэн бодлогын 8 чиглэлээс бүрдэнэ.
Энэ хүрээнд үндэсний 10, салбарын 35, төсвийн ерөнхийлөн захирагчийн 85, хөтөлбөрийн 200 үр дүнг тус тус тодорхойлжээ.
Үүнд:
- Боловсрол, эрүүл мэндийн салбарт хийх шинэчлэлийн хүрээнд чанартай, хүртээмжтэй үйлчилгээг иргэн бүрд тэгш хүргэж, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн хүний нөөцийг бэлтгэн, хүний хөгжлийн үзүүлэлтийг 0.813 оноонд хүргэх;
- Хөдөлмөрийн харилцаа, цалин хөлс, нийгмийн даатгалын уялдаа холбоог сайжруулж, хөдөлмөр эрхлэлтийн түвшнийг нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлж, ажлын байран дахь осол гэмтэл, хөдөлмөрлөх эрхийн зөрчил, маргааныг бууруулах замаар зохистой хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, дундаж давхаргын эзлэх хувийг 20 хувиар нэмэгдүүлэх;
- Иргэдийн оролцоо, соён гэгээрэл, хамтын хариуцлагыг нэмэгдүүлж, тэгш боломжийг ханган, эх хэл, түүх, өв соёлоо дээдэлсэн үндэсний соёлын дархлааг бэхжүүлэн, эв нэгдлийг бататган үндэсний нэгдмэл үнэт зүйлсийн үзүүлэлтийг 55 хувьд хүргэх;
- Эрүүл, аюулгүй амьдрах орчин, хүртээмжтэй орон сууц, чанартай нийгмийн хамгааллын үйлчилгээгээр амьдралын чанарыг дээшлүүлж, гэр бүлийн эрүүл тогтвортой байдлыг бэхжүүлж, хүний эрхийн баталгааг ханган, хүүхдийн хөгжил хамгааллыг шинэ шатанд гаргаж, нийгмийн сайн сайхан байдлын үзүүлэлтийг 20 хувиар өсгөх;
- Боловсруулах салбарын боловсруулалтын түвшнийг дээшлүүлж, бүтээмж, төрөлжилтийг нэмэгдүүлснээр эдийн засгийн тогтвортой өсөлтийг 6 хувиас дээш түвшинд тогтвортой хадгалах;
- Анхдагч экосистемийн тэнцвэрийг хангаж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулж, байгалийн нөөц баялгийн нөхөн сэргээлт, зохистой ашиглалтыг дэмжин, байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологи нэвтрүүлж, үйлдвэрлэл, хэрэглээнээс үүсэх бохирдол, хаягдлыг бууруулж, орчны чанар стандартыг сайжруулж байгаль орчны гүйцэтгэлийн үзүүлэлтийг 59.0 оноонд хүргэх;
- Авлигыг бууруулж, иргэдийн шүүхэд итгэх итгэл, шударга ёсны тогтолцоог бэхжүүлж, ил тод байдал, хариуцлагыг нэмэгдүүлж, батлан хамгаалах, үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг сайжруулж, “Цахимаар түрүүнд” зарчмыг хэрэгжүүлж, иргэн төвтэй үйлчилгээг бүрдүүлж зөв засаглалын үзүүлэлтээр эхний 90 орны нэг болох;
- Бүс, орон нутгийн хөгжлийн ялгааг багасгаж, эдийн засгийн хувьд төрөлжүүлж, хүн амын шилжилт хөдөлгөөнийг тэнцвэржүүлэх замаар орон нутгийн хөгжлийн үзүүлэлтийг 20 хувиар нэмэгдүүлэх;
- Бизнес эрхлэх орчныг сайжруулж, зах зээл дэх төрийн оролцоог багасгах, шударга өрсөлдөөнийг дэмжих, бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах, татварын болон гаалийн шинэчлэлийг гүнзгийрүүлж, Монгол Улсын өрсөлдөх чадварын үзүүлэлтээр 50 орны нэг болгох;
- Монгол Улсын хөгжилд оруулах шинжлэх ухаан, технологи, инновацын хувь нэмрийг дээшлүүлж, төр, хувийн хэвшил, судалгааны байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлж, судалгааны үр дүн, оюуны өмч, шинэ технологийг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх боломжийг нээж Дэлхийн мэдлэгийн индексийг 52.4 оноонд хүргэх аж.
Түүнчлэн хуульд заасны дагуу “Монгол Улсын 2026-2030 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн төслийг боловсруулсан бөгөөд түүнд хөгжлийн төслүүдийг эрэмбэлж, 30 тэрбум төгрөгөөс дээш өртөгтэй, техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл хийгдсэн, хөгжлийн урт болон дунд хугацааны бодлоготой нийцсэн төсөл, арга хэмжээнүүдийг тусгасан.
Энэ бүхнийг хэрэгжүүлэх санхүүжилтийг хаанаас, хэнээс…
“Монгол Улсын 2026-2030 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн төсөлд санхүүжилтийн эх үүсвэр нь шийдвэрлэгдсэн 66.6 их наяд төгрөгийн төсөвт өртөг бүхий 87 төслийг тусгасан ба тэдгээрийг нийт 55.2 их наяд төгрөгийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Тус төслүүдийн
- 44.8 хувь буюу 39 төслийг улс, орон нутгийн төсвөөр,
- 28.7 хувь буюу 25 төслийг гадаадын зээл, тусламжаар,
- 16.1 хувь буюу 14 төслийг шууд хөрөнгө оруулалтаар,
- 3.4 хувь буюу 3 төслийг төр-хувийн хэвшлийн түншлэлээр,
- 2.3 хувь буюу 2 төслийг Засгийн газрын гадаад, дотоод үнэт цаасаар,
- 3.4 хувь буюу 3 төслийг холимог эх үүсвэрээр,
- 1.1 хувь буюу 1 төслийг бусад эх үүсвэрээр санхүүжүүлэх юм.
Тухайлбал, зарим томоохон төслүүдийг дурдвал,
Боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухаан, соёлын салбарт нийт 4.6 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн. Энэ хүрээнд боловсролын салбарт улсын хэмжээнд
- 108 сургууль,
- 95 цэцэрлэгийг,
- Зүрх судасны үндэсний төв,
- Хавдар судлалын үндэсний төв-II,
- Халдварт өвчин судлалын төв-II,
- Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэг,
- дүүргийн нэгдсэн эмнэлгийн барилгыг,
- Байгалийн шинжлэх ухааны музей,
- Үндэсний урлагийн их театр,
- Хүүхдийн номын ордон,
- Шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн нэгдсэн цогцолборыг барьж байгуулах аж.
Боловсруулах үйлдвэр, дэд бүтцийн салбарт нийт 18.7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн. Энэ хүрээнд,
- зэсийн баяжмал хайлуулах,
- боловсруулах үйлдвэр,
- газрын тос боловсруулах үйлдвэр байгуулж,
- Гашуунсухайт–Ганцмод, Ханги–Мандал,
- Шивээхүрэн–Сэхээ боомтын төмөр зам болон авто замын холболтын төслүүдийг хэрэгжүүлнэ.
Эрчим хүчний салбарт 15.9 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийхээр төлөвлөсөн.
- Баянгийн 660 МВт-ын Дулааны Цахилгаан Станц,
- Тавантолгойн 450 МВт-ын Цахилгаан Станц,
- Эрдэнэбүрэнгийн Усан Цахилгаан Станц,
- Дулааны V Цахилгаан Станцыг шинээр байгуулна.
Бүсчилсэн хөгжлийн хүрээнд 13.6 их наяд төгрөгийн 36 төслийг хэрэгжүүлнэ.
- Туулын хурдны зам,
- Шинэ тойрог зам,
- Нийтийн тээврийн дүүжин зам,
- төмөр зам доогуурх авто замын нүхэн гарц төсөл,
- баруун, зүүн, хангай, төвийн бүсийг холбосон авто замын төслүүд багтана. Тухайлбал, Чойр-Мандалговь-Арвайхээр, Бор-Өндөр-Хэрлэн, Улиастай-Алтай, Ховд-Улаангом, Баянхонгор-Шаргалжуут, Өлгий-Цэнгэл, Төв аймгийн холболтын зэрэг 10 гаруй чиглэлийг шинээр хатуу хучилттай авто замаар холбоно.
Харин төрийн институцийн чадавх, гамшгийн эрсдэлийн удирдлага болон үндэсний аюулгүй байдлын хамгаалалтыг бэхжүүлэхэд нийт 1.98 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр тус тус төлөвлөснийг баталлаа.






