
Монгол Улс болон Евро-Азийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд худалдааны түр хэлэлцээр байгуулах албан ёсны хэлэлцээг 2023 оны есдүгээр сараас эхлүүлж, олон нийтээр удаа дараа хэлэлцүүлж, гарсан саналуудыг тусган эцэслэснээр 2025 оны зургадугаар сарын 27-ны өдөр гарын үсэг зурсан юм.
Хэлэлцээрийг гурван жилийн хугацаатай, талууд өөрөөр тохиролцоогүй бол хугацааг сунгасанд тооцохоор байгуулсан бөгөөд нийт 31 зүйл, дөрвөн хавсралтаас бүрдэж буй юм.
Үүнд хөрөнгө оруулалт, үйлчилгээний худалдаа, банк санхүү, төлбөр тооцоо зэрэг асуудлыг тусгаагүй, зөвхөн 367 барааны хүрээнд тохиролцсон байна.
Хоёр талаас ижил тооны буюу “Бараа тодорхойлох кодчлолын уялдуулсан систем” (БТКУС)-ийн зургаан оронтой кодоор 367 бараанд
1. “тарифыг шууд тэглэх”,
2. “тариф бууруулах”,
3. “тохирсон квотын хэмжээнд тарифыг тэглэх”,
4. “тохирсон квотын хэмжээнд тарифын хөнгөлөлт эдлэх” гэсэн дөрвөн төрлөөр тарифыг бууруулах, хөнгөлөлт үзүүлэхээр тогтжээ.
Энэ нь зөвхөн гаалийн тарифт хамаарах бөгөөд нэмэгдсэн өртгийн албан татвар болон онцгой албан татварт хамаарахгүй аж.
Хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсаас экспортлох 367 барааны 97.5 хувь нь хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай бараа байх бол ЕАЭЗХ-ноос манай улсад импортлох 367 барааны 81.7 хувь нь манай улсад үйлдвэрлэх боломж хязгаарлагдмал эрдэс, химийн салбарын, 7.5 хувь нь аж үйлдвэрийн салбарын бараа байна.
Улаанбуудай, өндөг зэрэг хүнсний гол нэрийн барааны импортын нөлөөллийг бага байлгах, дотоодын зах зээлийг хамгаалахад онцгойлон анхаарч жилд импортлох хэмжээнд квот тогтоох, квотоос хэтэрсэн тохиолдолд гаалийн тарифыг хэвээр ногдуулах зэрэг дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах зохицуулалтыг тусгажээ.
Хэлэлцээр хэрэгжсэнээр худалдааг хөнгөвчилж, үйлдвэрлэл болон бизнесийн зардал, мөн итгэмжлэгдсэн аж ахуй нэгжийн хөтөлбөрийг талууд хамтран хэрэгжүүлснээр бичиг баримт, шалгалтын ачаалал буурна гэж Засгийн газар үзжээ.
Олон улсад чөлөөт худалдааны хэлэлцээр хийхэд түгээмэл ашигладаг “Ерөнхий тэнцвэрийн загвар” (GTAP)-ын аргаар тооцоход хэлэлцээр хэрэгжсэнээр манай улсын
- дотоодын нийт бүтээгдэхүүн 0.02 хувь,
- хөрөнгө оруулалт 2.57 хувь,
- ЕАЭЗХ руу хийх экспорт 24.1 хувь өсөх тооцоо гарчээ.
Тухайлбал, мах, махан бүтээгдэхүүн, ноос ноолуур, нэхмэл, сүлжмэл болон арьс шир зэрэг боловсруулах үйлдвэрийн гол бүтээгдэхүүний экспорт 152 хувь хүртэл нэмэгдэж, гаалийн татваргүйгээр 180 сая хүн ам бүхий, таван улсын зах зээлд нэвтрэх нөхцөл бүрдэх юм.
Манай улсад үйлдвэрлэдэггүй, бүтээн байгуулалт болон үйлдвэрлэлд зайлшгүй шаардагдах бараа, тоног төхөөрөмжийн татварыг тэглэснээр импортын өртөг буурч, инфляцыг тооцоход ашигладаг 42 нэрийн импортын бүтээгдэхүүний тарифыг тэглэснээр өрхийн жилийн дундаж хэрэглээний зардлыг бууруулах тооцоо гарчээ.
“Цагаан алт”, “Хүнсний хувьсгал”, “Шинэ хоршоо хөдөлгөөн” зэрэг хөдөө аж ахуйн салбарыг дэмжих хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж буй энэ үед тус хэлэлцээр нь дотоодын боловсруулах үйлдвэрлэл болон нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлж, малчин өрх болон үйлдвэрлэгч, экспортлогчдын орлогыг өсгөх, ажлын байрыг нэмэгдүүлэх ач холбогдолтой.
Монгол Улсаас ОХУ болон Евразийн эдийн засгийн холбооны таван улс руу нийлүүлэх бараа бүтээгдэхүүнийг хэд хэд ангилж авч үзэж болно.
Монгол Улаас Евразийн эдийн засгийн холбооны тэрбум орчим ам.долларын зах зээл рүү мах махан бүтээгдэхүүний 29 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, мөн ойролцоогоор 7 тэрбум орчим ам.долларын зах зээл рүү 60 нэр төрлийн арьс ширэн бүтээгдэхүүн, 7.5 тэрбум ам.долларын зах зээл рүү 204 нэр төрлийн ноос ноолууран бүтээгдэхүүнийг гаалийн татваргүй экспортлох боломжтой болно.
Евразийн эдийн засгийн холбоо бол таван гишүүн орныг өөртөө нэгтгэсэн олон улсын байгууллага. Монгол Улсын Засгийн газраас тус холбоотой гурван жилийн хугацаатай чөлөөтэй худалдааны түр хэлэлцээр байгуулахаар гарын үсэг зурсан юм.






