
“Physical Asia” шоуны Австралийн багийн оролцогч Доминик Ди Томмасо Монгол Улсад ирээд байгаа билээ. Түүнтэй хэдхэн хором уулзаж, сэтгэгдлийг нь сонслоо.
Тэрбээр “Монголчууд асар ухаантай хүмүүс юм билээ. Бид хүчтэй ч ухаанд нь ялагдсан” хэмээн ярьж байлаа.
Монгол Улсад ирсэн сэтгэгдлээ хуваалцана уу?
– Миний хамгийн эхний сэтгэгдэл бол үнэхээр хүйтэн юм байна гэж бодогдлоо. Гэхдээ үнэхээр сайхан санагдсан зүйл нь нарны гэрэл барилгуудын завсраар тусах нь. Эндхийн барилгуудын хананууд, орчин нь бүгд маш сонирхолтой, яг л паркур хийхэд тохиромжтой юм шиг санагдсан. Гэхдээ зам нь жаахан халтиргаатай тул болгоомжтой байх хэрэгтэй. Боломж гарвал хэдэн үсрэлт хийчихнэ гэж найдаж байна.
Тэгэхээр та паркур хийх төлөвлөгөөтэй явж байгаа юм байна, тийм үү?
– Би үргэлж паркур хийдэг шүү дээ.
Шоуны үеэр Монголын багийн талаар ямар сэтгэгдэл төрсөн бэ?
– Тэд бол өрсөлдөгч багуудын дундаас хамгийн хүчтэй, хамгийн хөгжилтэй баг байсан. Бас үнэхээр ширүүн, ухаалаг баг. Миний бодлоор Монголын баг Австралийн багаас илүү ухаалаг байсан. Шоунд оролцох явцдаа олон өөр соёлын талаар мэдэж, нүд нээгдэх шиг болсон. Тиймээс одоо тэр шинэ найз нөхөд, соёлуудыг илүү танин мэдэхийг хичээж явна.
Цаашдын зорилгоосоо хуваалцвал?
– Миний зорилгын нэг хэсэг нь орон орны паркурын хамт олонтой уулзаж, тэд хэрхэн бэлтгэлээ хийдэг, спортоо хэрхэн хөгжүүлдэгийг сурах. Тэдний арга барилыг ойлгож, хамтдаа суралцахыг хүсэж байгаа.
Паркур хийдэг залуус ирвэл хамтдаа бичлэг хийх саналыг хүлээж авах уу?
– Паркур хийдэг залуус хүрээд ирвэл ирээрэй. Хамт паркурын бичлэг хийнэ гэвэл хүлээж авна шүү.
Цөөн хором ярилцсанд баярлалаа.
– Маш их баярлалаа, Монголчууд аа.






