
Өнөөдөр Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу “Үндэсний бахархлын өдөр”. Энэ онцгой өдөрт зориулан Монгол Улсын төрийн шагналт зохиолч, СГЗ, нэрт сэтгүүлч Ш.Гүрбазарыг “Хөрөг” ярилцлагын нэвтрүүлэгтээ урьж оролцууллаа.
Ш.Гүрбазар гуай магадгүй монгол бахархлын тухай хамгийн олон шүлэг бичсэн нэгэн байх. Мөн 1991 онд төрийн их наадмын есөн хөлт цагаан тугийг цэнгүүлэх ёслолыг санаачилж, Н.Жанцанноров, нэрт найруулагч Г.Доржсамбуу нарын хамт олон нийтэд хүргэж байсан нь хуульд тусаж өнөөг хүртэл ёслол төгөлдөр хэрэгжиж байгаа билээ.
Ш.Гүрбазар гуайг хэцүү нэрт өвчнийг даван туулахын сацуу эмчилгээ, уран бүтээл гээд нөр их завгүй явахад нь шалж, шалж ийм нэгэн яриа авснаа хүргэсүү.
Хэтэрхий урт нуршуу санагдах аваас уншигч танаас урьдчилан хүлцэл өчье.
-Таны бие тэнхээ тавлаг уу. Уран бүтээл өндөр үү. Хамгийн сүүлд 10 Богдын магтаал хийж ард түмэндээ өргөн барих шиг болсон?
Богдын магтаал, “Ногоон дарь эх”, “Цагаан дарь эхийн магтаалуудыг гаргалаа. 2025 он гарснаас хойш миний хувьд уран бүтээлийн нэлээд олз омогтой, урамтай жил болж байна. Тэр талаараа би баяртай явна. Мөн ярих урлагийн ном гаргах гэж байна.
Монголын ард түмэн миний эрүүл мэндийн байдал, туулсан зүйлсийг мэдэж байгаа байх. Жаахан хүнд үе тохиосон ч Германд таван сар эмчлүүлээд их урам зориг авч, ард түмэндээ талархлаа бүтээлээрээ илэрхийлье гэж бодсон юм. Их олон хүн сэтгэлийн сайхан үг хайрласан нь надад их хүч болсон.
Амьдралд үхэлтэй нүүр тулчхаад дахин босох үед хүн урам зориг, эрч хүчээр дүүрдэг юм байна. Тэр эрч хүчээ би ард түмэндээ зориулъя гэж шийдсэн. Тийм болохоор энэ жил миний уран бүтээлүүд нэлээд шахуу, бас олз омогтой, урамтай явж байгаа.
Энэ жил монголчуудын хувьд чухал, бэлгэшээлт он. Анхдугаар Богд Өндөр Гэгээн Занабазарын мэлмий гийсний 390 жилийн ой тохиож байна. Бас X Богд маань заларч, сууриндаа суусан гээд энэ бүхэнд бид маш их бэлгэшээлтэйгээр, хүндэтгэлтэйгээр хандах учиртай. Тиймээс би арван Богдод зориулж магтаал зохиож, Гандантэгчэнлин хийдэд өргөсөн. Энэ бол Монголын ард түмэндээ өгч буй чин сэтгэлийн өргөл юм.
Монголын олон Богдуудын бүтээл, үйлс тасралтгүй үргэлжилж ирсэн. VIII Богд гэхэд л Монголын тусгаар тогтнолд том хувь нэмэр оруулсан байдаг. Өндөр Гэгээн Занабазарын соёлын бүтээл, оюун ухааны өв бол бидний бахархал.
Магтаалын шүлгээ би зориуд шинээр зохионо гэхээсээ илүү Богд бүрийн намтар судраас нь баримжаа авч нэгтгэн, шингээж бүтээсэн. Би өөрөө явган сүсэгтэн хүн биш. Гэхдээ Бурхны шашны учир ухаан, философи, соёлын гүн утгад их дуртай, хүндэтгэдэг, судалдаг. Дэлхийн соёлын нэг том өв гэж үздэг. Тиймээс энэ бүтээл миний хувьд бас гүн хүндэтгэлийн илэрхийлэл болж буй юм.
Мөн нэг сайхан тохиол гарсан нь Ногоон дарь эхийн магтаалыг хийлээ.
Бурхны олон зүйлсийг хөнгөн оролдож болдоггүй учраас маш хүндэтгэлтэй, няхуур хийхийг зорилоо. Бүтээл гэхээсээ илүү сэтгэл хөдлөл, бишрэл, сүслэл дээрээ тулгуурласан болохоор хийх явц өөрөө их зугаатай, аз жаргалтай байсан. Тавдугаар ангиасаа шүлэг бичиж эхэлсэн надад ийм сайхан үе дахин ирсэнд баяртай байна.
-Тавдугаар ангиасаа бичиж эхэлсэн та, 16 насандаа жирэмсэн эхнэрээ дагуулаад, зохиолч болох мөрөөдлөө өвөртлөөд Улаанбаатарт хөл тавьсан гэдэг байх аа?
-Хар нялхын юм даа. Миний анхны багш Р.Батжаргал надад урам өгч, чиглүүлж байсан нь тэр л дээ. Боржигоны их найрагчдын өвийг сонсож өссөн учраас уран бүтээлч болох суурь их эрт тавигдсан. Одоо бодоход уран зохиолд бүтэн 50 жил зүтгэжээ.
22 настайдаа анхны жүжгээ бичээд Дорноговийн театрт тавьсан юм. Өнөөдрийг хүртэл 400 гаруй дуу, жүжгийн зохиол бичсэн байна. Жүжгийн хувьд гэхэд зуугаад бий. Дуу бол бүр ч олон.
Энэ бүхнийг тоочоод байх шаардлагагүй. Ард түмэн намайг хэр зэргийн уран бүтээлч болохыг хэлнэ байх. Хөгжмийн зохиолч Л.Балхжав бид хоёр л гэхэд 100 гаруй дуу хийсэн байна. Тэр дуунуудын ихэнх нь л олон түмэнд хүрч надад их урам болжээ.
“Д.НАМДАГ ГУАЙ БИДЭНД АВЬЯАС БОЛ ЭМЗЭГЛЭЛ БАС ХӨДӨЛМӨР ГЭЖ ХЭЛДЭГ БАЙСАН”
-Таны удаах багш төрийн хошой шагналт, УГЗ, Монголын орчин үеийн уран зохиолын гол төлөөлөгчдийн нэг, жүжгийн зохиолч, монголын театрын урлагийн ахдагчдын нэг Д.Намдаг гуай юу. Та Д.Намдаг гуайтай учирсан дурсамжаа хуваалцаач?
-Тэр үед би өөрийгөө хайж, олон зүйлд идэвхтэй оролддог байлаа. Би бүр циркт очоод алиалагчийн шалгалт өгч байсан хүн. Алиалагч болъё гэж бодоод төрийн шагналт Т.Цэнд-Аюуш даргад шалгуулаад тэнцээгүй. Т.Цэнд-Аюуш гуай надаас чи “Багшийн дээдийн ямар ангид сурдаг вэ” гэж асуулаа. Би
“Хэл, уран зохиолын ангид сурдаг” гэтэл
“Тэгвэл тэр сургуулиа сайн хөө. Урлагт дуртай бол давхар давхар оролцоход саадгүй шүү хө” гэж хэлээд гаргаж билээ.
Удалгүй Ардын жүжигчин, кино найруулагч Г.Жигжидсүрэн гуайтай танилцаж “Хүний амь” кинонд тоглож арай дөр суугаадахлаа. Мөн хажуугаар нь тэр үеийн Зохиолчдын хорооны нийгмийн байр гэж том газарт хошин шог уншиж, уран уншлага хийдэг байсан. Тэр үед Т.Латифтай уншлага хийснийг Д.Намдаг гуай сонссон юм билээ. Дөрөвдүгээр курст байхад Д.Намдаг гуай намайг дуудуулсан.
“Намдаг гуай надтай уулзана гэдэг чинь нэг хэрэг мандлаа. Юу болох нь энэ вэ” гээд сандарч очсон юм.
Тэгээд гэрт нь яваад очтол их сайхан өвгөн сууж байна. Дайлаад л, ярилцаад л…
“Чамайг би сонссон. Би Хонгорзул гэж Монголын анхны инээдмийн театр байгуулж байгаа. Чи уншлагаар оролцож үз” гэв ээ.
Ингээд л би тэр театрын уран бүтээлд оролцож, дараа нь сургууль төгсөөд телевизэд ормогц Д.Намдаг гуайн албан ёсны шавь болчихсон. Би хоёр дахь төгсгөсөн ангийнх нь хүүхэд. Эхнийх нь ангид Дэмбээгийн Мягмар, Дарамын Батбаяр, Х.Зандраабайды, Ж.Лхагва нар. Тэд бүгдээрээ монголын нэрт зохиолчид болсон. Тэд анхны жүжгээ Д.Намдаг гуайн удирдлага дор тавьж байлаа. Монголын жүжгийн урлагийн домог болсон хүмүүс дээ.
Харин манай ангид урлаг судлаач, доктор Ү.Хүрэлбаатар, судлаач Р.Чүлтэмсүрэн, зохиолч Ж.Барамсай, англи хэлний судлаач н.Доржготов гээд олон сайхан сэхээтнүүд сууж байсан. Д.Намдаг багшаас авч байсан тэр их сургаал, надад бэлгэшээлтэй үнэт зүйл.
Д.Намдаг гуай бидэнд үргэлж хэлдэг байсан “Авьяас бол эмзэглэл бас хөдөлмөр” гэж. Тэр үг одоо ч чихэнд сонсогдож байна.
-Жүжгийн зохиол бичих сууриа Д.Намдаг гуайгаар тавиулсан гэвэл хилсдэхгүй нь ээ?
-Д.Намдаг гуайн буян гэж асар их. Би дэлхийн хоёр ч гран-при шагнал авсан. Нэгийг нь Б.Баатар найруулагчтай хамт авч байлаа.
Үндэсний урлагийн анхны том фестиваль болоход миний жүжиг түрүүлж алдарт найруулагч И.Нямгаваагийн жүжиг хоёрт орж байсан нь хүртэл надад урам болсон.
Би нэг хэсэг жүжгийн урлаг руу нэлээд хүчтэй орсон. Хүн өөрийнхөө амьдралыг сөхөж ярихаар төвөгтэй ч гэлээ энэ удаа би чамд дэлгэж байна. “Би” гэсэн үзэл биш юм шүү.
Жүжгийн зохиолуудын маань зарим нь кино болчихсон нь ч байна.
-Шар гэгээ юу?
-Тийм. Шар гэгээ чинь жүжгийн зохиол байлаа шүү дээ. Хориод жилийн өмнө Дорноговь аймгийнхаа театрт тавьж байсан санагдаж байна. Хожмоо найруулагч Б.Батдэлгэр кино хийхээр сонгосон. Тэр жүжгийн түүх мартагдаж байгаад дахиад амь орж, дахиж тайзан дээр гарч, наадамд нэр дэвшиж, шилдэг зохиолчийн номинацид орно гэдэг үнэхээр баярлууштай хэрэг. Шар гэгээгээс гадна одоо гарч байгаа Галбингаа тэргүүтэй арваад кино зохиол бичсэн байна.
Кино гэдэг бол олон бичдэг зүйл биш, их бодож боловсруулж байж л төрдөг. Цаашдаа ч би үргэлжлүүлнэ. Киноны ертөнцөд хийх юм их бий.
“БИЧНЭ ГЭДЭГ БОДОЖ, УНШИЖ, ЭМЗЭГЛЭХИЙН НЭР”


-Таны бүтээлүүдийг бодсон чинь шүлэг, кино, жүжиг, дууны үг, шүлэглэлт роман гээд олон төрлөөр туурвиж ээ? Бүтээл туурвих арга барилаасаа хуваалцаач. Өдөрт хэдэн цагийг бичихэд зарцуулж байна?
-Тогтмол нэг цагийг барьдаггүй. Бичнэ гэдэг бодож, уншиж, эмзэглэхийн нэр. Бичихийн тулд заавал их унших хэрэгтэй. Сайн бичихийн үндэс нь их унших, төвлөрч бодох хоёр.
Жүжиг ч бай, шүлэг ч бай, дууны үг ч бай гол нь бодож л байвал сайн үр дүн гардаг. Миний гайгүй болсон бүтээлүүд ихэнхдээ л сайн бодож боловсруулсных байдаг гэж санадаг юм.
Дууны үг бол онгодын зүйл. Яг л зүрхнээс гарсан сэтгэл өөрөө өөрийгөө бичүүлдэг.
Харин жүжгийн зохиолд нэг сайхан онцлог бий. Хүний хувь заяаг би шийдэж байна гэж бодох нь их гоё. Тэгж бодож бичвэл жүжиг сайн болдог. “Зохионо, хүчилнэ” гэж хандах биш, харин тэр дүрүүдийн хувь заяа чамд өөрөө шивнээд эхлэх үед л жинхэнэ зохиол төрдөг. Би “Надаар тоглосон хайр” жүжгээ бичиж дуусаад уйлж байсан. Яг дэлхийн том зохиолчид шиг, гол дүр нь зовж шаналж байхад хамт уйлдаг.
Цолмонтамир өөр хүнтэй сууж, харин нөгөө хоёр нь үлдэх үед би өөрөө сууж чадахаа болтлоо уйлж байсан. Тэр бол зохиолчийн хувьд айл гэрийн хооронд чимээгүй өрнөж буй хувь заяаны урсгалыг зүгээр л тэмдэглэж байгаа хэрэг.
Жүжгийн зохиол төлөвлөдөг зүйл биш. Урьдчилж “ингээд сална, тэгээд нийлнэ” гээд төлөвлөх шаардлагагүй. Хувь заяа нь өөрөө чихэнд шивнээд ирдэг. Дүрүүд хоорондоо ярьж байгааг би сонсож бичдэг, зохиож байгаа юм биш, тэмдэглэж байгаа юм. Миний бүтээлүүдийн арга барил магадгүй энэ байх.
Би олон хайрын тухай жүжиг бичсэн. Хүмүүс надаас “Ямар төрөл хамгийн хэцүү вэ?” гэж асуувал, би эргэлзэхгүй хайрын жүжиг гэж хэлнэ.
Учир нь хайрыг хүн бүхэн мэддэг. Хайр гэдэг бол хүн бүрийн зүрхний гүн дэх мэдрэмж. Тиймээс тэр мэдрэмжийг жижгэрүүлж, хуурамч болговол тэр дороо л мэдэгддэг. Тэгээд ч хайрын жүжгийг үзсэн хүн бүр өөрийн амьдралтайгаа зүйрлээд, өөрийн хайрын түүхийг олж хараад эхэлдэг.
Надаар тоглосон хайр жүжгийг манай хөршийн арван жилийн хүүхэд хоёр удаа үзчихээд ирж уулзангаа “Ах аа, яг миний амьдрал шиг байсан” гэж хэлж байсан.
Харин ахмад настай хүн үзээд “Ээ, миний залуу нас. Яг ийм байсан” гэж ярьдаг юм. Ийм л болохоор хайртай холбоотой зохиол хамгийн эмзэг, хамгийн хэцүү төрөл.
Тиймээс зохиолч хүн үзэгчийн мэдэрдэг тэр нарийн мэдрэмжийг хэзээ ч алдах ёсгүй. Алдвал бүх зүйл нурдаг.
– Та өөрөө хэр их хайрладаг хүн бэ. Хайрыг юу гэж ойлгодог вэ?
Би хайр гэдэг зүйлийг номоос олж үзээгүй. Хайр бол тайлагдашгүй, тайлагддаггүй ертөнц. Хэрвээ хайрыг ном уншаад ойлгодог байсан бол хүмүүс бүгд хайрлаад амьдраад явчихгүй юу. Харин хайр бол тайлагдашгүй учраас л хүмүүс амьдралынхаа туршид хайрын тухай бодож, өвдөж, уяраад явдаг юм. Би их хайрладаг. Бүр маш их. Зохиолуудыг минь уншсан, жүжгийг минь үзсэн хүн болгон түүнийг мэдэрдэг байх. Үнэндээ хайрлаж чаддаггүй хүн бичиж чадахгүй дээ.
-Та амьдралд, эх орондоо ч их хайртай хүн байх нь?
Би амьдралыг их өөдрөгөөр хардаг. Сайн сайхан бүхнийг хараад баярладаг, бусдын жаргалд хүртэл догдолдог. Тийм зан хүнээ ч, уран бүтээлээ ч гэрэлтүүлдэг юм билээ. Би амьдралд дуртай, баярлах дуртай, догдолж амьдрах бүр дуртай хүн.
Саяхан фейсбүүкт “Гүрбазар баахан зохиол бичээд, онгироод, яараад байх юм. Үхэх гэж яараад байгаа юм уу?” гэж бичсэн байна лээ.
-Муухай хатуу үг байна шүү?
Хатуу үг. Гэхдээ би яараагүй. Би догдолж байгаа юм. Ард түмэнтэйгээ уулзаж, тэдэндээ баярлаж байгаа юм. Эмч хүртэл надад “Юм бич” гэж хэлсэн. Би ч бичиж л байна. Амжаагүй зүйлээ амжих, бодож амжаагүйгээ бодох гэж.
Ямар аз болоход бурхан надад яруу найраг, шүлэг бичих авьяасыг хайрласан юм бэ гэж би боддог. Юм бичнэ гэдэг бол надад өгсөн хамгийн том урам, бас дотоод бясалгал. Юм бичнэ гэдэг чинь өөрийгөө эдгээж байгаа нэг төрлийн эмчилгээтэй адил. Сайн сайхныг бодоод суухад хүний сэтгэл өөрийн эрхгүй сэргэдэг.
“Р.ЧОЙНОМТОЙ УУЛЗАЖ ЯВСАН ХҮНИЙ ХУВЬД ХЭЛЭХЭД ТЭР ӨНӨӨ ЦАГТ АМЬД БАЙСАН БОЛ БИ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨ ТЭМЦЭГЧ БАЙСАН ГЭЖ ОРИЛХГҮЙ ХҮН”


-Р.Чойномын “Хүн” романаас хойш энэ төрөлд томоохон бүтээл гарсан нь ховор. Харин миний “Бодь гөрөөсний зүүд” роман гарсан. Одоо түүний араас хайрын тухай шүлэглэлт роман бичиж байгаа. Дуусаагүй ч би энэ бүтээлдээ сэтгэл хангалуун, маш их баяртай, бас жаахан омогшсон. Эх үрийн элбэрлийн тухай роман байгаа юм. Тэр бүхнийг дүрслэхдээ би өөрөөсөө гайхмаар их хүч гаргасан.
Миний найзууд “Чамайг авьяастай гэж боддог байсан, гэхдээ ийм хэмжээнд хүрнэ гэж огт төсөөлөөгүй” гэж хэлж байна лээ.
Энэ бүтээл кино, сонсдог ном болгоход ч үнэхээр тохирно.
Тэр зохиолд туульсын шинж ч бий. Хүмүүст хүрнэ, уншигдана гэж би итгэж байгаа. Боломжтой бол хэвлэж, албан ёсоор уншигчдад хүргэх санаатай.
Бардам хэлэхэд, тэр бүтээл Р.Чойномын “Хүн” романтай эн тэнцэх вий. Гэхдээ би Р.Чойном гуайг маш их хүндэлдэг шүү.
1977 онд би Зохиолчдын хороонд ажилд ороод байхдаа “Дугуй хээтэй наадам” гэдэг шүлэг бичсэн. Хожим “Чойномын нууц захидал” номд түүний нэг найздаа бичсэн захидал гарсан байдаг.
Тэнд Р.Чойном гуай бичихдээ:“Сүүлийн үед утга зохиол үзэв үү? Бодвол залуу хүн байх. Ш.Гүрбазар гэж нэг залуу ‘Дугуй хээтэй наадам’ гэж сайхан шүлэг бичжээ. Яруу найргийн сайхан хүүхэд төрөх нь дээ” гэж дурдсан байдаг.
Түүний энэ үг надад том урам, ерөөл болсон. Тэгэхээр би тэр хүнийг шүтэлгүй яах вэ, урам авалгүй яах вэ. Тэр агуу хүний хэлсэн ганц үг надад их дэм болсон юм.
Би чинь Р.Чойном гуайтай биеэрээ таарч үг сольж байсан хүн. Хожим би “Цогтын эмнэлэгт” хэвтэж байх үед нь уулзаж байлаа. Даруухан, дотогшоо хүн байсан. Уушгины хүнд өвчтэй, ядарсан ч гэсэн нүд нь их гярхай харагдаж билээ. Би саяхан Р.Чойномын тухай ганц хүний драм бичсэн. Нийгмийн будилаантай, яг өнөөдрийн энэ цаг руу Р.Чойномыг авчирвал яах вэ гэдэг санаагаар бичсэн юм. Хэрэв Р.Чойном амьд байсан бол өнөөдөр 90 гаруй настай байх байсан. Тангадын Галсан гуайгаас дүү хүн.
Р.Чойном амьд байсан бол 1990 оноос хойш болж өнгөрсөн нийгмийн будилааныг яаж харж бичих байсан бол. Туг барьж хөөрсөн хүмүүстэй яаж харьцах байсан бол?
Ардчилал ялахад Р.Чойном гуай лав туг бариад гүйх хүн биш. Өнөөдрийн байдлыг ч тэс өөрөөр харж, өөр өнцгөөс хэлж бичих байсан. Яг тэр сэтгэл, тэр онгод дээр нь би жүжгээ бичсэн. Тийм болохоор энэ бол энгийн драм биш, ёстой л нэг улс төрийн цэвэр жүжиг. Ганц хүний жүжиг.
“Д.НАМДАГ БАГШ НЭГ УДАА НАДАД ХЭЛЭХДЭЭ АВЬЯАС ГЭДЭГ БОЛ МӨНГӨӨР ХЭМЖИГДДЭГГҮЙ, ХАРИН АРГА БАРИЛТАЙГАА ХОСОЛБОЛ НАСАН ТУРШИЙН БАЯЛАГ БОЛДОГ ГЭЖ БИЛЭЭ”


-Уран бүтээл гэдэг чинь заримдаа өөртэйгөө ярьж байгаа юм шиг санагддаг. Шаналал, эмзэглэл, гомдол, баяр баясал бүгдийг зэрэг мэдэрнэ. Миний хувьд араншин болчихсон.
Одоо миний насанд баян, тэрбумтан болно гэж бодох юм байхгүй. Тэр үе маань өнгөрсөн. Би бизнес ч хийж үзсэн. Тэр бол тухайн үеийн амьдралын шалгуур л юм билээ. Харин одоо зүгээр л амар амгалан, хөдөлмөрөө үнэлүүлээд, гартаа таван цаастай байвал болоо. Хүүхдүүд өсчихсөн, амьдрал тогтсон. Тэр л жаргал. Хамгийн гол нь эрүүл байх жаргал.
Д.Намдаг багш нэг удаа надад хэлэхдээ “Авьяас гэдэг бол мөнгөөр хэмжигддэггүй, харин арга барилтайгаа хосолбол насан туршийн баялаг болдог” гэж.
Тэр үг одоо ч намайг хөдөлгөдөг.
Эмзэглэж чадсан тохиолдолд хүссэн ч, хүсээгүй ч уран бүтээлийн үнэн суучихдаг. Жишээ нь эх орны шүлгүүдийг би шагнал авах гэж бичээгүй. Зүгээр л эмзэглээд, дотор минь хөдөлсөн учраас бичсэн шүлгүүд.
Зарим хүн эмзэглэнэ гэдгийг гунихтай андуураад байдаг. Гэтэл эмзэглэл гэдэг бол яг үнэндээ өөр өнцгөөр харах, өөр өнгөөр мэдрэх л асуудал. Тэмүүлэлтэй, дотоод ухаантай холбоотой зүйл. Миний “Монголтойгоо адилхан, Монголын үнэртэй салхи, Монголоороо гоёдог” гэсэн гурван шүлэг төрийн шагнал хүртсэн. Судлаачдын хороо нь Монголын яруу найрагт уянгын хийсвэрлэл гэдэг шинэ урсгалыг оруулж ирсэн гэж үнэлсэн байсан. Би өөрөө тэгж бодоогүй л дээ. Хүмүүсийн дүгнэлт тийм байсан. Өдий наснаас эргээд харахад хүн өөрийнхөө хийсэн юмыг бас ярьж баймаар юм билээ.
“Монголоороо гоёно”, “Монголын үнэртэй салхи” гэж яг бодитоор бол байхгүй, хийсвэр санаа л байгаа юм.
Уран бүтээл зорилготой байх хэрэгтэй. Өглөө босоод л хэдэн мөр шүлэг бичээд, ном хэвлээд, “би их юм хийлээ” гэж бодох нь уран бүтээл биш. Тоонд ч биш. Дэлхий ертөнц мэдээлэл ихтэй болж, хүмүүсийн зав ч багассан. Чиний 40 роман, 50 шүлгийн номыг бүгдийг нь уншиж суух хүн ховор болсон цаг. Харин нэгхэн сайн дуу, нэгхэн сайн роман үлдэх боломжтой.
Тийм учраас хэзээ ч хуучрахгүй нэг бүтээл хийж чадвал тэр л жинхэнэ хүнд хэрэг болдог. Яг үнэндээ час хийсэн дөрвөн мөр л байхад болно. Тэр дөрвөн мөр шүлэг ард түмний сэтгэлд үлдэж байвал чи өөрөө үлдэж байгаа хэрэг.
Монголын яруу найргийн хаана нь явдгаа би мэдэхгүй, тооцож үзээгүй, тооцох шаардлага ч надад байхгүй. Нэг шүлгийг минь хэн нэгэн уншдаг байвал, нэг л дууг дуучин хүн аялдаг байвал, тэр дуу цагийн шалгуурыг даваад үлдвэл тэгээд л болоо. Би тийм л зорилготой.
Хэзээ ч Б.Явуухулан Б.Лхагвасүрэн шиг болно гэж өрсөлдөөн тавьж байгаагүй.
-Гэснээс та зохиолчдын хороо гэдэгт хэдэн онд элссэн хүн бэ?
-1977 онд. Тэр үед Зохиолчдын хороо жинхэнэ зохиолчдын хороо байлаа даа. Агуу Б.Явуухулан, С.Эрдэнэ, Ч.Чимэд гээд бүх томчууд нэг дор. Хувь заяа надад тэдэнтэй зэрэгцэн суух боломж олгосон. Тэднээс би ёстой асууж, заалгаж биш харж, мэдэрч, чимээгүй суралцсан.
Би Б.Лхагвасүрэн ахыг 16 наснаасаа дагасан. Лхавгаа ах “Гүрээ бид хоёр унагатай гүү шиг явлаа”гэж номдоо бичсэн нь одоо ч бий.
Би тэр хүнээс ихийг сурсан. Уран бүтээлийн ёс суртахуун, хүний үнэр, ажиглалт, мэдрэмжийг сурсан.
Уран бүтээлч хүн багшаа шүтэж, хайрлаж, түүнийгээ үнэлж явах ёстой. Би одоо том хүн болсон, би өөрийн байр суурьтай гэж хий хөөрөх огт хэрэггүй.
“БОЛОР ЦОМ АРГАА ӨӨРЧИЛЧИХ. АРД ТҮМНЭЭС САНАЛ ХУРААХГҮЙ ЮУ”


-Тийм. “Би ингээд дахин оролцохгүй” гэж хэлээд шууд тайзнаас буусан. Би 1986 онд Д.Пүрэвдорж гуайн санаачилсан Болор цомоос эхлээд орсон хүн байхгүй юу. Агуу Пунцагийн Бадарч, Дэндэвийн Пүрэвдорж, Бавуугийн Лхагвасүрэн, Цэндийн Чимэддорж, Очирбатын Дашбалбар нартай аралцаж явсан хүн шүү дээ. Тэгээд хоёр удаа дэд байранд орсон юм.
Би орохдоо дуртай, бэлгэшээдэг байсан. Нэгийн даваанд хасагдлаа гээд ердөө хамаа байхгүй. Найз нөхөдтэйгөө таарч тайзанд гарч шүлэг унших нь л сайхан байсан юм. Магадгүй орой нь тэдэнтэйгээ зуу татаад л..
Харин яагаад орохоо байсан нь хоёр шалтгаантай.
Нэгдүгээрт, нэг залуу надад: “Гүрээ ах аа та ингэж матийгаад байвал үхэхээсээ өмнө Болор цом авна даа” гэж хэлэхэд гэнэт дургүй хүрчихгүй юу. Би Болор цом авах гэж биш, наадах гэж ордог байсан юм. Гоё байдаг байхгүй юу.
Хоёрдугаарт, Би тэр үед Монголын зохиолчдыг хариуцсан удирдах зөвлөлд нь ажиллаж байсан хүн. Сүүлдээ жаахан мөнгө орсон юм. Тэгээд би сэжиглэдэг болчихсон. Тэгж хэзээ ч болохгүй шүү. Үнэхээр болохгүй
-Одоо та Болор цом үздэг үү? Болор цомын чансаа ер нь жоохон унаад байна уу даа?
-Аргаа өөрчил. Монголын ард түмэн яруу найрагт дуртай хэвээрээ л байгаа. Алдаануудаа битгий дахин дахин давтаад бай.
Найраг бол тэгж их уралдаад байдаг зүйл биш. Хэнээс ямар гоё шүлэг гарахыг Болор цомоор ард түмэн үздэг болох ёстой. Хэн түрүүлэх нь хоёрдугаар зэргийн асуудал байхгүй юу.
Зүгээр баяр л байвал болно. Магадгүй одоо сошиал хөгжсөн юм чинь санал асуулга л явуулчих л даа. Тэгэхгүй доктор нэртэй таван хүн суучихсан шүүнэ ч гэх шиг. Тэр арга барил чинь хоцорчхоод байна шүү дээ. Жишээ нь Гүрбазарт нэг код өгчихнө. Тэгээд л тэр кодоор Гүрбазарын Хоршоо Дэрэм шүлэгт ард түмний зүгээс тэдэн оноо өглөө гээд л гаргачихвал өөрсдөд нь ч амар байхгүй юу
-“Хоршоо Дэрэм” хэдэн оны Болор цомын шүлэг вэ. Багад их цээжлүүлдэг байсан юм. Тэгээд асууя гэж бодоод л яваад байлаа. Хоршоо Дэрэм бодит хүн үү?
-Хэдэн оныг санахгүй байна. Би анх аавдаа зориулж “Манаач” гэдэг шүлэг бичье гэж бодсон юм.
Тэгээд бодож бодож, сум болгонд байдаг тийм нэг хүний тухай бичихээр болсон нь тэр. Дэрэм шиг гэмгүй, гурил үүрээд л яваад байдаг, клубт очоод зарлал хийгээд явдаг ийм нэг хэн ч тоодоггүй, түгээмэл дүр. Тэрийг нь хоршооны дүр болгож өөрчилсөн юм. Бүх суманд байдаг, хүн бүхэн “гоё шүү” гэж хэлдэг тийм дүр.
Тэрийг би яаж мэдсэн гэхээр, 25-р суваг телевизийн захирал З.Алтай намайг “Чи өөрөө найруулаад зохиомж хийгээч” гэсэн. Би өөрөө зохиолоо бичээд, өөрөө найруулаад, Ц.Төмөрбаатарыгаа тоглуулаад, зохиомж хийв ээ.
Гэтэл нэг ч хүн хүлээж аваагүй. Тэгтэл нэг хүн надад “Та яах гэж Хоршоо Дэрэмийн дүрийг зохиомж болгож байгаа юм бэ. Миний сэтгэлд буусан тэр хоршоо Дэрэм байхгүй болчихлоо” гэсэн юм. Тэгэхээр хүн бүрийн зүрхэнд нэг Хоршоо Дэрэм явсан л гэсэн үг. Тэрийг зохиомжоор харуулах гэж оролцоод алдчихгүй юу.
-Өнөөдөр Монгол бахархлын өдөр. Эх оронтой холбоотой шүлэг бичихээс гадна таныг есөн хөлт цагаан тугийг цэнгүүлэх ёслолыг санаачилж байсан гэж сонсож байлаа. Үнэн үү?
-1991 онд би АИХ болон Улаанбаатар хотын депутат байсан. Наадмын комисс, хотын удирдлага намайг дуудаад “Ардчилсан шинэ нийгмийн эхний наадам. Нээлтийн зохиолыг бич” гэж даалгасан. Ингээд би ерөнхий сценарийг боловсруулж, Төрийн ордноос 9 цагаан туг гарч Талбайг нар зөв тойрон залаад, цагаан эсгий дээр Ерөнхийлөгч морилно гэж бичиж байв шүү дээ. Үүнтэй холбоотой 9 туг, 9 морийг олж бүрдүүлэх зэрэг ажлыг зохион байгуулсан. Найруулагчаар Г.Доржсамбуу, аяыг Н.Жанцанноров хийсэн. Бид хамт бүтээсэн ч санаачлагч, автор нь би юм.
Тэр намар Үндсэн хуульд 9 хөлт цагаан тугийг төрийн шүтээн болгон тусгаж, албажуулсан. Одоо армийн ангиуд морь малыг нь маллаж хамгаалдаг болсон юм билээ. Н.Жанцанноров гуайн тэр “ДҮН ДҮН ДҮН” гэж эхэлдэг ая өнөө ч сонсоход огшмоор. Наадмын нээлт Монголчууд юуг эрхэмлэх, юуг шүтдэгийг сануулах үүрэгтэй. Гэтэл зарим найруулагч өөрийнхөөрөө тайлбарлаж, түүхийн хичээл шиг болгочхоод байх юм. Чингис, чоно улих, гал бадрах, Мандухай, Богд хаан гэх мэтээр. Ингэх нь үндсэн агуулгыг бүдгэрүүлдэг юм.
Наадам бол тогтсон дэгтэй олон зуун жилийн ёс жаягийг л мөрдөж байх учиртай юм шүү дээ. Тиймээс нээлтийн үндсэн утга, зохиол тогтмол байх ёстой, харин найруулагч жил бүр өөрийн өнгө аясаар баяжуулж болно. Гол агуулгыг өөрчлөх ёсгүй л гэж боддог доо.
“ОДООГИЙН ЗАЛУУС ГУРВУУЛАА НИЙЛЭЭД ИХ ХУРЛЫН ГИШҮҮН БОЛООД ХУВААЖ ИДЬЕ ГЭХ ОЙЛГОЛТООС ХАМААГҮЙ ХОЛ, ТОЛГОЙ НЬ ӨӨРӨӨР СЭРСЭН”
-Тэгвэл бидний мөрдөж явах ёстой, тэр үнэт зүйл нь юу вэ. Юуг хайрлаж хамгаалбал болох вэ?
-Залуу үе. Залуу үеэ л хайрлах хэрэгтэй. Байхгүй юмыг хайрлаад яах юм бэ. Юуг үнэт зүйл болгохыг тэд л мэднэ.
Одоо Монголыг харахад танай үеийн залуучууд зөв сэрчихсэн. Хоёр нийгмийн дунд тэлэгдчихсэн мань мэт шиг улсууд л янз янзаар хөрвөөд байгаа болохоос, залуучууд гайхамшигтай сэрсэн. Гадаад, дотоодод ажил хийх нь хамаагүй. Нийтээрээ зөв сэрчихсэн байхгүй юу. Би тэдэндээ итгэдэг. Зөв сэрсэн хүмүүсийн сэтгэлгээнд л тэр юмыг суулгаж, омогшуулж, тогтоож байж Монгол Улс хөдөлнө. “Сайн цаг эхэллээ” гэж би ярьж байсан нь энэ. Ийм сэрсэн үед нь бид хойч үеэ бодох ёстой. Тэднийг зөв тогтоочихвол итгэл үнэмшил нь маргаашийн ирээдүй болно.
Одоогийн залуус “за, гурвуулаа нийлээд Их хурлын гишүүн болоод хувааж идье” гэх ойлголтоос хамаагүй хол, толгой нь өөрөөр сэрсэн. Сайхан оюунлаг залуучууд байгаа болохоор эх орон баталгаатай байна. 1990 оноос хойш нэг нам, нэг фракц, улс эх орноо хувааж идээд ноёрхоод байх боломжтой үе зөндөө байсан. Гэхдээ яг одоо болохгүй.
Хоёрдугаарт эх орондоо хайртай бай.
Миний Монголоороо гоёно гэдэг шүлэгт
“..Аргалын чинээ уул байлаа ч зулайд нь хүргэж залбирна аа Эх орон минь
Алгын чинээ нутагтай гэвч заяа минь гэж тайтгарна Эх орон минь
Буйран чинээхэн уулс байвал сөхөрч суугаад жаргана
Бүрэн эрхт Монгол минь байхад сvvгээ өргөөд залбирна аа..” гэж мөрүүд бий.
Алгын чинээ нутагтай байсан ч заяа минь тайтгарна, залбирна гэж байгаа юм. Тэгж бодож эх орноо хайрла. Эх орноо хайрла гэдэг нь урдах, урдах ажлаа чинээндээ тултал сайн хий гэж байгаа юм. Бизнес хийдэг бол түүнээ л сайн хий. Цэвэрлэгч бол цэвэрлэгчээ л сайн хий. Эх орныхоо төлөө гэж бодож хий. Үнэхээр үхэж ч болохгүй хайрламаар тийм эх орон юм шүү.
“САЙН ХАНЬ ХҮНИЙ НАСНЫ ТАЛЫГ НЬ БОСГОДОГ ЮМ БАЙНА ЛЭЭ, БИ МЭДЭРСЭН”
-Та эх орны талаар их бясалгаж байна уу?
-Бясалгасан. Би Ц.Бавуудоржийн “Монголын их амар амгалан” шүлгээр бясалгаж үзсэн. Айхтар орж байна лээ.
Би энэ ярианы төгсөглд залууст та нарт хэрэг болгуужин гэж хэдэн үг хэлье.
НЭГДҮГЭЭРТ: Залуучууд минь, болж өгвөл сайхан төвшин амьдрахыг бодоорой. Ядрахад хань л байдаг юм байна лээ. Сайн хань хүний насны талыг нь босгодог юм байна лээ, би мэдэрсэн. Хүний амьдрал янз бүр байж болно. Заавал олон жил хамт байхдаа биш, хань гэдэг бол гайхамшиг юм байна даа гэсэн бодол төрөх болсон.
ХОЁРДУГААРТ: Би их ядарч, өвдөж байхдаа “яагаад ижий, аав минь зүүдэнд орж ирдэхгүй байгаа юм бол” гэж боддог байсан. Гайхмаар, бараг жүжиг шиг санагддаг байлаа.
Гэтэл ээж, аав хоёр маань надад дахин төрсөн мэт ойр байсан юм байна лээ. Тэр нь миний ач зээ нар. Тэгж хүртэл тайвширч байсан.
Тэгээд би өвдсөн дараагаа Германд байгаа хүүхдүүд рүүгээ очъё гэж бодсон юм. Нуулгүй хэлэхэд ижий, аав дээрээ очъё гэж бодсон нь тэр. Гол нь ижий, аавдаа очихсон гэсэн сэтгэл байсан. Тэр сэтгэлээ хүнд хэлээгүй, номдоо л бичсэн байгаа. Яг тэгж явах үедээ би өөрийнхөө хамгийн дуртай шүлгийг тарни мэт уншсан. Хүмүүсийн хамгийн сайн мэддэг шүлэг бий. Хоршоо Дэрэм гэж шүлэг.
Хоршоо Дэрэм шүлэгт минь
“..Магтъя гэж магтаагүй ээ
Манай сумынхан мартдаггүй юм
Өрөвдье гэж өрөвдөөгүй ээ
Өөрөөн бодогдоод болдоггүй юм…” гэж мөр бий.
Би энэ мөрөө олчхоод хэчнээн баярласан гэж санана. Магадгүй хүн төрөлхтний мөнхийн байр суурь тэр байх. Хэн нэгэнд миний тухай бодогддог байвал, хэн нэгний сэтгэлд нэг удаа ч болов ордог л бол хүн байсны утга утга учир байх. Гүрбазар амьд байгаагийн, хүн байгаагийн жишээ нь тэр ч юм билүү.







Гайхамшигтай хүн шүү. Хүнд үеийг давсан юм чинь одоо алзахгүй ээ. Урт наслаж, удаан жаргаж, олон олон сайхан бүтээлүүдээ олон түмэндээ өргөж,олон олон он жилүүдийг эрүүл саруул эрчтэй хүчтэй угтаарай. Амжилт хүсье.