
Энэ жил Хубилай Сэцэн хааны мэндэлсний 810 жилийн ой тохиож байна. Гэвч төр засгаас уг ойд онцгой анхаарал хандуулахгүй байгаа аж. Харин МУБИС-аас уг ойг тэмдэглэн эрдэм шинжилгээний хурал зохион байгуулжээ.
Эрдэм шинжилгээний хурлын үеэр бид доктор Я. Ганбаатартай цөөн хором ярилцлаа.
-“Монголчууд Бээжин хотыг байгуулалцсан” гэх яриа бий. Энэ үнэнд хэр дөхөх вэ?
-Би төрийн томилолтоор Бээжин дэх Монгол Улсын ЭСЯ-нд хэдэн жил ажиллах хугацаандаа эрдэм шинжилгээний ажлаа орхилгүй үргэлжлүүлсэн. Бээжин хот нь Монголын түүхтэй салшгүй холбоотой тул судалгаа хийх өргөн боломжтой газар юм.
Бээжинг “Монголчууд байгуулсан” гэх тогтсон хэллэг бий. Энэ нь тодорхой үндэстэй ч уг хот 2000 гаруй жилийн түүхтэй, эртнээс хүн суурьшсан төв байсан гэдгийг мартаж болохгүй. Монголчуудтай шууд холбогдох түүх нь 13-р зуунаас, ялангуяа 1264 онд Хубилай хаан нийслэлээ урагш шилжүүлснээс эхэлдэг.
Үүнээс өмнө ч нүүдэлчин угсааны улсуудын оршин тогтносон үе бий. Хятан гүрэн таван том хоттой байсан бөгөөд түүний нэг нь өнөөгийн Бээжинтэй холбогдоно. Дараа нь Зүрчидийн Алтан улсын үед “Шанду” нэртэй, дунд нийслэл нь оршиж байв. Чингис хаан Шандуг эзлэн авч, Монголын мэдэлд оруулсан нь Бээжин-Монголын түүхэн холбооны дараагийн үе юм.
1260 онд Хубилай хаан төрийн эрхийг авч, Шилийн голын Кайпин дахь Шанду хотод эхлээд төвлөн сууж, 4 жилийн дараа нийслэлээ Бээжин рүү шилжүүлжээ. Үүнээс хойш Дайду буюу Ханбалиг хотын түүх эхэлдэг. Энэ хотыг Хубилай хааны зарлигаар монголчуудын санаачилгын дор 5–6 жилд барьж байгуулсан. Тухайн үеийн барилга архитектурын гол зохион байгуулагчид нь Лю Бин Жун (Хубилай хааны дэргэдэх шадар зөвлөх), Гуо Шоу Жин (одон зурхай, барилга, архитектурын мэргэжилтэн) нар байсан. Цаана нь олон хүн бий.
Италийн алдарт аялагч Марко Поло “Орчлонгийн элдэв сонин” номдоо Дайду Хаанбалгас хотын тухай маш дэлгэрэнгүй, тодорхойлж, зурж өгүүлсэн байдаг.
-Бээжин хотод монголчуудын эзэнт гүрний үетэй холбогдох ямар дурсгалууд хадгалагдаж байна вэ?
-Эртний дэлхийн томоохон хотуудын түүх, туурьтай харьцуулахад Бээжингээс харьцангуй их зүйл үлдсэн нь тодорхой харагдана.
Бээжин өнөөдөр 20 гаруй сая хүн амтай, асар том хот. Голд нь Хубилай хаан байгуулсан Дайду хот оршиж байв. “Дайду” гэдэг нь хятадаар “Их нийслэл” гэсэн утгатай. Харин хааны орд, төв балгасыг Ханбалиг гэж нэрлэдэг. Энэ нь тухайн үеийн Монгол-Турк хэлний нөлөөг илтгэнэ.
Энэ талын судалгааг Хятадын болон Өвөр Монголын эрдэмтэд нарийн хийсэн бөгөөд өнөөдрийн байдлаар Дайду хотын тухай 40 гаруй газрын нэрийг баримттай тогтоожээ. Би 2014 онд элчин сайд н.Батсүхтэй хамтран “Гүрний их нийслэл Дайду Ханбалгас” номыг хэвлүүлсэн. Тус номд бид 22 газрыг очиж үзэж, судалсан.
Энэ 22 газар нь сүм хийд, хааны орд, цамхаг, суварга, гудамж, талбай зэрэг биет соёлын өвийг багтаасан. Дайду хотод 700–800 жилийн өмнөх соёлын өв, сонирхолтой дурсгалууд үлдсэн.
Гаалийн хотыг хэдий хугацаанд барьж байгуулсан, хэчнээн газрыг хамарсан, ямар зохион байгуулалттай байсан, хот дотор ямар орд, туслах байгууламжууд байсан гэх мэт асуултуудыг авч үзэж болно.
Өнөөдөр, 2025 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Их Монгол Улсын анхны нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулах ажил өрнөж байна. Энэ үеэр би Хятадын түүхийн бичиг, археологийн үр дүнг нэгтгэн судалж байгаа.
Хархорум хот харьцангуй жижиг, Дорно дахины хотын зохион байгуулалтын хэв маягтай. Харин Бээжин том тул илүү өргөн цар хүрээтэй. Тиймээс Хархорум богино хугацаанд баригдсан.
-Монголын хэдэн хаан тэнд суусан бэ?
-Монголчууд Дайду хотод нийт 13 хааны турш, 100 гаруй жил ноёрхсон. Энэ хугацааг тооцох аргаас хамаарч 98-118 жил гэж үздэг. Хятадын түүхэн дэх том 25 төрт улстай харьцуулахад Юань улс харьцангуй богино настай мэт харагдавч тухайн цаг үеийнхээ хамгийн хүчирхэг төр байлаа.
“Судлаачид НЭГДҮГЭЭР эх сурвалжийн ач холбогдлыг онцгойлон анхаарах шаардлагатай”
-Манай Юань судлал, Хубилай судлал хэр зэрэг хөгжиж байна вэ? Судалгааг хэрхэн урагшлуулах вэ?
-Монголд энэхүү чиглэлийн судалгаа хийгдэж байгаа бөгөөд эрдэмтэд өөрсдийн хийх ажлаа тасралтгүй үргэлжлүүлж байна. Гэхдээ цаг үе өөрчлөгдсөн тул хуучны судалгаа өнөөдрийнхөөс ялгаатай болсон. Өнгөрсөн 1960–1990-ээд оны судалгааны арга барил тухайн үедээ тохирсон байсан бөгөөд тухайн үеийн судалгааг удирдаж байсан ахмад эрдэмтэд аль хэдийн үгүй болсон. Иймээс өнөөдөр судалгааны өнгө аясыг арай өөр өнцгөөс авч үзэх шаардлага үүсэж байна.
Өнөөдөр судлаачид олон болсон ч нарийн мэргэжсэн, тухайн чиглэлээр эх сурвалжийн хэл, бичгийг эзэмшсэн хүмүүс харьцангуй цөөхөн байна. Энэ нь боловсон хүчнээ бэлтгэх тогтвортой систем дутагдаж байгааг харуулж байна.
Монголд Юань судлал, Хүннүгийн судлал зэрэг судалгаанууд хийгдэж байгаа нь 9 сараас хойш зохион байгуулсан арга хэмжээ, илтгэлүүдээс харагдаж байна. Жишээ нь, Цагаадайн хаант улсын судалгааны хурал, Хубилай хааны ойд зориулсан хэлэлцүүлэг зэрэг арга хэмжээнүүдээс судалгааг улам гүнзгийрүүлж, өргөжүүлэх шаардлагатай байгааг харж болно.
Бид зөвхөн Монголын эх сурвалжид тулгуурлах биш, олон эх сурвалжид хандах хэрэгтэй байна. Монгол хэлээрх судалгаа хангалтгүй бөгөөд нэгдүгээр эх сурвалжийн ач холбогдлыг онцгойлон анхаарах шаардлагатай. Хятад хэл, бичгээр маш их материал бий. Мөн Япон, Солонгос, Хятад, Өвөр Монгол болон өрнөдийн эрдэмтэд энэхүү чиглэлээр ихээхэн судалгаа хийж байна. Энэ тал дээр бид арай дутуу байгаа нь харагддаг.
-Бээжин хотод очиход ямар газруудыг заавал үзэхийг зөвлөх вэ? Та хэд хэдэн газрыг нэрлэж болох уу?
-Монголчууд гэр бүлээрээ, үр хүүхдүүдтэйгээ, найз нөхөдтэйгээ өмнөд хөршийн олон хотод аялж зугаалах нь ихэссэн. Тэгэхдээ аяллынхаа явцад Монголын түүх, соёлтой холбоотой газруудыг үзэж сонирхох нь түүхийн мэдлэгийг гүнзгийрүүлэх боломж юм. Бээжин хотод ийм газрууд олон бий. Жишээлбэл:
Бэхай парк (Beihai Park)
Бээжингийн төвд орших Бэхай парк нь XIII зууны үед Монголын Юань гүрний хаад, ноёдын орд харш байрлаж байсан түүхэн газар юм. Паркийн дотор хойд, дунд, өмнөд гэсэн гурван нуур бий: Бэйхай, Жунхай, Нанхай. Тухайн үеийн Монголын төр, засгийн төв эдгээр нуурын эргэн тойронд байрлаж байжээ. Өнөөдөр Бэхай парк олон нийтийн амралт, үзэсгэлэнгийн газар болсон бөгөөд Жун Нанхай нь Хятадын төрийн ордон, Төрийн зөвлөл, Их хурлын байруудтай холбоотой түүхэн ач холбогдолтой газар юм. Паркийн дотор Хубилай хааны төрийн ёслолд хэрэглэдэг 4 тонн жинтэй цул ногоон хаш чулуугаар хийсэн одоо “Цайллагын сав” буюу айргийн сүм бий. Төрийн ёслол, баяр наадам, цайллага зэрэг арга хэмжээг энэ газарт хийдэг.Хубилай хааны Гүнжийн сүм
Бээжингээс баруун тийш 50 км-т орших Танжоус (Mento) нэртэй газар. Хубилай хааны нэгэн гүнж буян номын үйлд зориулан бүх насаа зориулсан, үсээ хусаж Лаа гэлэнмаа болж шавилан суусан түүхтэй. Энэ сүм нь эмэгтэйчүүд, охид, лам хуврагуудын дунд үнэт түүхэн, үлгэр жишээ үзэсгэлэнт газар гэж үнэлэгддэг. Монгол эмэгтэйчүүдийн хувьд ч Мандухай сэцэн хатан зэрэг нэрт эмэгтэйчүүдтэй харьцуулж судлах боломжтой.
Эдгээр газруудад очиж судалж, танилцаж сонирхоход Монголын түүхтэй холбоотой мэдлэгээ улам зузаатгах боломжтой. Бээжингийн түүхэн, соёлын бусад олон газруудыг ч мөн адил үзэж судлах боломж бий бөгөөд нийтдээ 20 гаруй гол газар, судалгааг өргөжүүлбэл 40 гаруй газарт хүрч болно.
ВИДЕО ҮЗЭХ БОЛ:
[/vc_column_text][/vc_column][/vc_row]






