
/Энэхүү сурвалжилгыг бэлтгэхдээ асрамжийн газар болон ахмадуудын зөвшөөрлөөр нийтэд түгээв/
“Та явах болоогүй биз дээ. Яриад л суугаад байвал гоё байдаг юм” гэж ярих Б.Долгорсүрэн гуай өдгөө 90 нас, 7 сартай.
Тэр СЭМҮТ-ийн сэтгэцийн эмч байжээ. Түүний нөхөр “Элэгний Бираа” гэж алдартай эмч байсан гэнэ. Хоёр хүүхэдтэй байсан ч хорвоогийн мөнх бусыг үзүүлж, ганцаардаж, ганихархын эрхэнд “Жаргалан эдлэн” асрамжийн газрыг бараадсан аж. “Том хүү минь одоо байсан бол 70 настай өвөө сууж байх байлаа шүү дээ” гэж санааширна.
Удаах өндөр настан Л.Лхамжав гуай “Өргөө амаржих” газрын эх барих эмч байжээ. Тэр одоо 80 настай. Хөхний хорт хавдар тусаж, түүнээ даван туулсан ч удалгүй харвалт өгч нэг тал нь мэдээгүй болсон байна.
Үр хүүхдүүд нь гадаадад явсан түүний хувьд “Хүүхдүүд удахгүй ирж авна” гэх хүлээлттэй. Төд удалгүй “Нулимс л урсаад байх юм” гэж учирлана. Залуу насандаа яг ч үгүй 350 гаруй хүүхэд эх барьж авсан энэ хүн “Хатуу бэрх тавилан хүнд тулгардаг л юм байна. 2024 онд Жаргалан эдлэн асрамжийн газар ирсэн. Харж хандах хүнгүй үхэх шахсан надад энэ газар их ач тусаа өгсөн” гэж ярив.
“Жаргалан эдлэн” ахмадын асрамжийн газар яг ийм хүний мөрөөсөл болсон 62 ахмадтай. Тэдний ихэнх нь альцхеймер буюу зөнөх өвчинтэй. Анх уг асрамжийн газар ирэхдээ тэтгэврийн зээлтэй, гар, хөл нь хугарчихсан ирж байжээ.
Мөн ахмадуудаас гадна хүнд бэртэж гэмтсэн, оюуны хомсдолтой иргэд ч бий. Ихэнх нь хэвтэрт байх бөгөөд өдөрт хоёроос гурван памперс солиулж, өтгөн шингэнээ гадагшлуулахдаа хүртэл бусдын тусламж авдаг.
Тэгвэл уг асрамжийн газрыг малчин эмэгтэй С.Цэгмид байгуулсан аж. С.Цэгмид ээжийгээ элэгний хорт хавдраар алдчихаад сууж байхдаа хойчийн буяныг нь бодож байгуулжээ.
Ингээд асрамжийн газрын үүсгэн байгуулагч С.Цэгмидтэй ярилцлаа.
-2022 онд танай байгууллагаас ирж сурвалжилга бэлтгэсэн дараа сайхан сэтгэлт хүмүүс тусламжийн гараа сунгаж байшинтай болсон гэж сонссон уу?
-Танай сайт ирэхэд манайх хөдөөгөөс ирээд байрыг түрээсэлж байсан. Түрээслүүлж байсан эзэн маань “Зарна” гээд яаралтай зарах хэрэг гарсан учраас сандарсан. Тэгээд танай телевиз ирж бичлэг авсан нь маш олон хүн үзэж, олон хүнд тус болсон. Танай хамт олон маш их баярлалаа.
Мөн Гандантэгчэнлин хийдийн сүсэгтний холбоо, Алтанцэцэг, Цолмон нарт баярлалаа.
Бид тэр цаг хугацаанаас хойш байшинг өөрийн болгосноос хойш урсгал засвар хийсэн. Тэр үед 40 хүнтэй байсан бол одоо нэг өрөөг сэргээн засах болгож, 62 хүнтэй болсон. Гадаа өөрчлөлт гарч, худагтай, сүүдрэвчтэй болсон. Байрны хувьд маш дулаахан, олон сайхан ажилчидтай болсон. Одоо хуулийн зөвлөх, сэтгэл зүйч, тогооч, асрагчтай ажиллаж байна.
-62 ахмад байна гэлээ. 2022 онд ирж ярилцлага авч байсан өндөр настнууд харагдахгүй байх шиг?
-2022 онд ирэхэд 40 гаруй ахмад байсан. Тэднээс ганц хоёр хүн л байгаа. Хэвтрийн хүнд хүмүүс их байсан учраас хориод нь өнгөрсөн. Одоо байгаа 62 ахмадынхаа сэтгэл зүйг амар амгалан байлгаж, өлсгөхгүй, дааруулахгүй үйлчилгээ үзүүлэх гэж хичээж байна. Сэргээн засах эмнэлэгт хэвтүүлэх, сувилалд ээлжээр хэвтүүлэх боломжтой. Мөн урлаг, аялал, эрт илрүүлэх баг, шүдний эмнэлэг, сүрьеэгийн шинжилгээ, генетикологийн төв зэрэг олон төрлийн үйлчилгээ үзүүлдэг болсон.
-Ирэх ахмадын тоо нэмэгдэнэ гэдэг гунигтай зүйл шиг санагдах юм. Ямар шалтгаантай хүмүүс ирж байна?
-Голдуу өндөр настай, үр хүүхэд, хань ижил нь өнгөрсөн, гэр оронгүй, альцхеймер, зөнөглөлтэй, асрах хүнгүй хүмүүс халамжийн байгууллагаас Энэрэл эмнэлэгт ирдэг. Тэтгэврийн зээлтэй, хүүхдүүд нь ээж аавыгаа гаргаад хаясан нөхцөлтэй хүмүүс байна. Зарим нь Батсүмбэрт очих зам хэцүү, гэр бүл салалттай, эцэг эхээ танихгүй хүмүүс ч бий. Гэхдээ бүх хүний хүүхдүүд хаяагүй. Өөрсдөө нялхад нь үр хүүхдээ хаясан хүн байна. Тэгээд өөр нөхөр, гэр бүлтэй болсон. Насны эцэст сүүлд суусан хань ижил нь асрахгүй болж, асуудал үүсдэг. Харин анхнаасаа ээж аавдаа хайрлагдаж өссөн хүүхдүүд хаядаггүй.
-Тэтгэврийн зээлийг нь аваад хаячихдаг гэж байсан шүү дээ?
-Өвдөөд эмнэлгээр яваад тэтгэврийн зээлээ авсан нь бий. Одоо харин манайд ирээд ахмадууд маань тэтгэврийн хуримтлалтай болсон. Тэтгэврийн хуримтлалтай хүн өвдсөн ч санхүүгийн асуудал багасдаг, сэтгэл зүйд нь эерэг нөлөөтэй юм билээ. Сая манай байгууллагаас 20–25 хүн гадаад паспортоо гаргаад Хөх хотоор аялж, эмнэлэгт оношилгоо хийлгэсэн нь үр шимээ өгсөн.
Мөн бид ахмадууддаа эмчилгээ, сувилгаа, сэтгэл зүйч, иогийн багш, гадаадын эмнэлэгүүдийн тусламжийг авч байна. Өвдсөн хүмүүсийг өлсгөхгүй, дааруулахгүй, амар амгалан байлгахыг зорьж байна. Уг нь памперсийг солих, асаргаа хийх зэрэг нь нярай хүүхэд шиг нарийн үйлчилгээг шаарддаг.
-Том хүний памперс солих хэцүү санагддаг уу?
-Асрамжийн газар гоё гэж хүмүүс боддог ч бодит байдал нь тэс өөр. Хүнд хүмүүсийг асарна гэдэгт ойлголт заримд нь муу. Үнэндээ ирж буй хүмүүс бүгд асаргаа шаардлагатай болдог. Өөрийгөө асарч чаддаг хүн энд ирдэггүй. Өтгөн шингэнээ гадагшлуулж буйгаа ч мэдэхгүй хүн ихэнх нь шүү дээ. Үүний улмаас өглөө, орой угаалга хийх шаардлага гардаг. Би ядарч байгаа юм биш. Энэ миний сонголт байсан. Гэхдээ үргэлж хардаж, харлуулдаг хүмүүст хандаж хэлж буй юм. Одоо би өтгөн шингэний харшилтай болсон. Памперс авахад л халуун агаар дээш хөөрдөг, үнэрлээд шууд хамаг бие захтнаад эхэлдэг. Гэхдээ би болихгүй л байна.
-Сая хүмүүс муухай үгээр дайрдаг гэв үү?
-60–62 хүн нэг дор асарч байгаа нөхцөлд сөрөг сэтгэгдэл, коммент их ирдэг. Тиймээс асрагч хүн сэтгэл зүйгээрээ бэлэн байх шаардлагатай. Би өөрөө хүнд орчинд ажилладаг болохоор сэтгэлээр амархан унадаг. Гэсэн ч дандаа сайн зүйл бодож, хүмүүст туслахыг хичээдэг.
Би энэ ажлыг ээжийнхээ хойчийн буянд зориулан хийж байна. Би өөрөө үр хүүхдүүдийнхээ сайн сайхны төлөө зүтгэж байна. Энд олон хүн асаргаанд хамрагдаж, өвчтэй байсан ч хөл дээрээ босч, амьдралаа үргэлжлүүлж байна. Жишээ нь, 160 гаруй хүн асарсан туршлага бий. Энэ хүмүүсийн зарим нь барилгаас унасан, хөл, гар гэмтсэн ч эргээд хөл дээрээ босч амьдралаа үргэлжлүүлж байна.
Зарим хүн сошиалаар худал мэдээлэл тараадаг. “Энэ газар шорон шиг” гэж хэлдэг ч бодит байдал нь эсрэг. Энд ирсэн хүмүүсийг гэр бүлээрээ асарч, арчилж байна. Тиймээс хүмүүсийг буруутгахгүй байхыг хүсэж байна. Ирээд нэг өдөр ажиллаад үзвэл бодит байдал ойлгогдоно. Намайг мөнгө идлээ, барилаа гэж хараана. Яг үнэндээ ахмадуудын тэтгэврийн 30 хувийг л авдаг. Түүгээрээ хоол, унд, бүх юмыг нь болгоно. Үлдсэн хувийг нь өөрсдөө хураадаг. Хураасан мөнгөөрөө аялах, чихэр, тамхи зэрэг наад захын хэрэгцээгээ хангадаг.
Манайд долоо хоногийн өмнө төрийн шалгах эрх бүхий байгууллагууд ирээд явсан. Прокурорын газрын хүн намайг “бүр ямар чамбай юм бэ” хэмээн магтсан. Бүх тайлан, тооцоо надад бий. Ахмадуудын худалдан авсан бүх юм НӨАТ-тай нь баримттай хадгалагдсан байна.
Харин ч би коронагийн хөл хорионы үеэр хоттой хониноосоо 400 гаруйг нь гуйж аваад эдэндээ идүүлсэн. Хань минь муу хүн байсан бол аль хэдийн гэрээсээ хөөх байсан биз ээ.
-Та ярианы төгсгөлд юу гэж хандаж хэлмээр байна?
-Манай үүд хаалга нээлттэй, хүссэн хүн ирж, эмээ, өвөө нартай хамт тоглож, цагийг өнгөрөөж болно. Одоо тулгамдаж буй асуудал нь тогны хүчдэл хангалтгүй учраас угаалгын машин ажиллахад доголддог. Манайх нарны панел тавих талаар судалж байна. Ингээд эдийн засгийн хувьд зарим асуудлууд гарсан. Тиймээс тогны асуудлаа шийдэхэд минь туслаарай гэж хүсэж байна.
Мэдээлэлтэй холбогдуулан Шведийн ахмадын асрамжийн газар ямар байдаг талаар хуваалцъя
Олон улсын судалгааны байгууллагаас ахмад настны эрүүл мэнд, санхүүгийн хараат байдал, чадамж /ажил эрхэлж буй байдал/, нийгмийн оролцоо гэсэн дөрвөн үзүүлэлтээр өндөр настанд хамгийн ээлтэй орнуудыг шалгаруулахад Швед улс сүүлийн жилүүдэд эхний гуравт жагсаж байна. Шведийн вант улсын нийт хүн амын /10.04 сая/ 20 хувийг 65 болон түүнээс дээш насныхан бүрдүүлнэ.

Шведийн ахмадын асрамжийн үйлчилгээг гэрээр нь асрах үйлчилгээ, ахмадын өдөр өнжүүлэх, senior housing буюу 55-75 насны ахмадын нийтийн байр, 80-аас дээш настны асрамжийн газар, тусгай хэрэгцээт хүмүүсийн асрамж зэргээр ялгаж болно.
Бид хүүхдээ өндөр өнжүүлэхэд явуулдаг бол Шведэд өндөр настнуудын өдөр өнжүүлэх үйлчилгээ гэж бий. Асрамжийн газруудын хоол хангамжийн үйлчилгээ, эрүүл мэндийн үзлэг, ахмадын дасан зохицох сургалт, нийтийн тээврийн үйлчилгээ зэрэг бүхий л үйл ажиллагааг хуульчилж өгсөн.
55-75 настнуудын асрамжийн газар /senior housing/

55-75 насны ахмадуудад зориулсан хувийн болон улсын хэвшлийн асрамжийн газар олон бий. Эмч долоо хоног болгон ирж үзлэг хийнэ, мөн 24/7 цагийн асрагч, сувилагчид үйлчилнэ. Асрамжийн газрын байр нь хурлын танхим, саун, фитнес, тоглоомын өрөө, номын сан, мужааны өрөө, усан бассейн болон гадаах цэцэрлэгтэй. Асрамжийн газарт сэтгэл зүйч, арга зүйч, мэдрэлийн эмч, нийгмийн ажилтан, асрагч, сувилагч авч ажиллуулна.
Орчин нөхцөл нь дээрхтэй төстэй болов ч 70-аас дээш настай ахмадууд амьдардаг асрамжийн газар гэж тусдаа бий. Энэ барилгын өрөө бүрт яаралтай тусламжийн болон хүргэлтийн үйлчилгээний хонхтой.
Тусгай асрамжийн газар

Тусгай асрамжийн газарт сэтгэцийн өөрчлөлттэй, алзхеймрийн өвчтэй, хорт хавдартай зэрэг хүнд өвчтэй ахмадуудыг хүлээн авч асарна. Тиймээс эмчилгээ, асаргаа сувилгаа, хоол хангамжийн үйлчилгээнд онцгойлон анхаарна. Шведийн эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамны судалгаагаар 2011 онд ахмадын 2,710 асрамжийн газар бий аж. Үүний 80 хувь нь буюу 2,324 нь улсын харьяалалтай. Улсын болон хувийн асрамжийн газрын үйлчилгээний чанарт төдийлөн ялгаа байдаггүй аж.
Оюутан залуус туслахыг хүсвэл очиж, хашааны цас зэрэг аж ахуйн ажилд нь тусалж болох юм байна.
Та бүхэн “Жаргалан эдлэн” асрамжийн газартай 88636086 /Цэгмид/ дугаараар шууд холбогдоорой.
Мөн хандив, тусламж өгөхийг хүсвэл Хаан банкны 5749330533 тоот дансаар /хүлээн авагч С.Цэгмид/ харилцах боломжтой.






