
Аливаа улсын нэрийн хуудас нь спорт байдаг. Спортоор дамжуулан тухайн улсын эдийн засагт хөрөнгө оруулалт болдог гол цөм нь энэ салбар юм.
Үүнийг дагаад спорт менежмент, спорт-аялал хөгжиж байдаг. Тэгвэл Монгол Улсын нэрийг дэлхийн чанадад, Олон улсад дуурсгадаг хүмүүс бол яахын аргагүй спортын тамирчид юм.
Харин тэд ямар цаг хугацааг туулан, хүнд хэцүү замаар урагшилж, эхэлсэн цэгээсээ өдийг хүртэл явж ирсэн нь хүн бүхний өмнө тийм нээлттэй бус байдаг. Алдаа, оноотой энэ салбарт тэсвэр тэвчээр заан өөрийгөө золиослон байж яг л энд хүрч ирдэг.
Хамгийн гол нь тэд хувь ганц тамирчин бус Монгол Улсын нэрийн төлөө л хилийн чанадад тэмцээн уралдаанд оролцдог.
Тамирчид сурч боловсрох бүхий л цаг хугацаа, алтан боломжоо алдаж, эцэст нь өөрийгөө гээчихсэн байдаг нь нууц биш. Тэр дундаа эмэгтэй тамирчид спортоосоо зодог тайлсны дараах нийгмийн амьдрал нь хэтэрхий орхигдсон байдаг. Сүүлийн өдрүүдэд спортын нэгэн үеийн “Тод” төлөөлөл болсон Жүдо бөхийн тамирчин Г.Отгонцэцэг, тэшүүрийн тамирчин Б.Сумъяа нар цахим орчинд “Шүгэл” үлээгээд буй.
Бид энэ удаад үүсээд буй асуудалтай холбогдуулан нэгэн цаг үед Тэшүүрийн спортын шигшээ багийн тамирчин явсан Б.Сумъяатай холбогдож дараах ярилцлагыг авсан юм.

-Сайн байна уу? “Өрөг.mn” сайтын зүгээс Улаанбаатар хотоос холбогдож байна. Өөрийн тань хувьд 10 гаруй жил тэшүүрийн спортод Монгол Улсын нэрийн өмнөөс тэмцээн уралдаанд оролцож явсан. Тухайн үед өрнөж байсан нөхцөл байдал яг одоо ч хэвээрээ байгааг анзаарч, тамирчдынхаа өмнөөс шүгэл үлээлээ?
-Сайн сайн байна уу. Сайн байна уу? Холбогдсонд баярлалаа. Энэ шударга бус байдал ер нь намайг тамирчин байхад ч байсан. 2015 оноос хойш нэлээн эрчимтэй гэх юмуу, ийм санхүү хөрөнгө, эрх мэдлийн асуудал хүчтэй яригдаж эхэлсэн. Миний хувьд 2018 онд гулгахаа болиод тэшүүрийн спортын холбоогоо тасалсан юм. Одоо БНСУ-д оюутан, суралцаж байгаа.
Тамирчин байх үед санхүү, мөнгөний хүндрэл байнга л гардаг байсан. Дандаа л тэшүүрийн холбооныхон тэр тэмцээнд явуулах мөнгөгүй, энэ ч олимпийн эрх авах тэмцээнд оролцуулах төсөв хөрөнгө байхгүй гэдэг байв. Тухайн үед жаахан хүүхэд байсан болохоор санхүү, төсөв мөнгөний тухайд ойлголт бага, мэдлэг муутай, тэгээд ч холбооны дотоод ажилд оролцоод байх цаг зав байдаггүй, тийм ч эрх мэдэлгүй байдаг. Үнэхээр нь тэдэнд тийм зовлон байгаа байхаа гэж бодоод л зөвхөн урагшаа хараад Монгол Улсынхаа нэрийг гаргахын тулд аав ээж, ах дүү, найз нөхөд хамаатан саднаасаа тухайн оролцох тэмцээний зардал, мөнгийг зээлээд л өөртөө гэр бүлийнхэндээ санхүүгийн дарамт үүсгээд л явдаг байлаа.


-Одоо ч энэ төсөв мөнгөний асуудал тамирчдад том дарамт болж байна. Гэсэн атал Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг БТСУХ-ноос 2024 онд 400 гаруй сая төгрөг, 2025 оны эхний 10 сарын байдлаар нийт 257 сая гаруй төгрөгийг Монголын тэшүүрийн холбоо руу шилжүүлсэн шилэн дансны баримтыг өөрөө ил тодоор цахим хаягтаа нийтэлсэн байсан?
-Биеийн тамир спортын улсын хорооны веб сайт руу орж үзээд ер нь жаахан мэдээлэл хайж үзсэн юм. Одоо энэ шилэн дансны хуулгаар тэшүүрийн холбооны данс руу 3 удаагийн гүйлгээгээр мөнгө шилжүүлсэн байна.
Монголын тэшүүрийн шигшээ багт 4 тамирчин 1 дасгалжуулагч байдаг. Тамирчдын нэг нь л эмэгтэй, бусад нь эрэгтэй. Энэ 5 хүнээс бүрдсэн тухайн багийг өвлийн олимпын эрх авах Дэлхийн цомын тэмцээний өмнөх хамтарсан бэлтгэлд оролцох замын зардал, байр, хоолны төсөвт нийт 72 сая 207,274 төгрөгийг зарцуулна гээд БТСУХ-ноос тэшүүрийн холбоо авчихсан баримт нь байна.




-Гэтэл тамирчид БНСУ-д очсон хойноо Солонгос дасгалжуулагчийн байрны хажуу өрөөнд байрлаад зогсохгүй, тэр айлын гал тогоонд нь хоол ундаа хийж идэж байсан гэдгээ надад хэлсэн. Зарим бэлтгэл ихтэй өдрөө хоолоо хийж идэж амжихгүй ч байсан байгаа юм. Харин уг төсөвт шаардагдах зардлын задаргаан дээр хоол хүнсэнд 22 сая 921,500 мянган төгрөгийг зарцуулна гээд ил тод энэ байж байна. Ийм шударга бусаар бүр ил цагаандаа гарчихсан байдлаар тамирчдыг хохироож болохгүй биздээ.
Спортод зориулах ёстой гээд улсын төсвийн мөнгөнөөс зардал гаргаад санхүүг нь батлаад өгч байхад, тэр мөнгө яг эзэндээ хүрч очихгүй, замын дундаас нь ор мөргүй алга болж байна шүү дээ.
Энэ шударга бус байдал одоо ч байгаа учраас би цахим орчинд нотлох баримттай “Шүгэл” үлээсэн. Яагаад Монгол Улсын нэрийн өмнөөс хувийн ажил, амьдралаа хойш нь тавьж, өөрийгөө золиосолдог тамирчид шуналтай, цэвдэг сэтгэлтэй хүмүүсээс болж хохироод үлдэх ёстой гэж…






Б.Сумъяа: Намайг тамирчин байх үед бид гадагшаа тэмцээнд оролцохоор явахдаа хамгийн хямд буудал олж байрлаад,
бэлэн гоймон чанаж иддэг, заримдаа дундаа нэг хоол авч, өл дарах байдлаар хооллодог байсан.
-Өөрийн чинь тамирчин байх үед элдэв дарамт шахалт байв уу? Яагаад тамирчны замналаа орхих болов?
-“Пёнчан 2018” өвлийн олимпт болж өгвөл оролцоно гэсэн зорилго өмнө тавиад бэлтгэл сургуулилтаа хийж байсан.
2017 он гараад, Биеийн тамир спортын улсын хорооны журам шинэчлэгдсэн гэж бид нарт хэлсэн. Өмнө нь ҮШБ-ийн тамирчдын сонгон шалгаруулалтыг Биеийн тамир спортын улсын хороон дээр хийдэг байсан. Харин ҮШБ-ийн албанаас яг тухайн онд бидэнд мэдэгдэхдээ шигшээ багийн бүрэлдэхүүнийг сонгох үйл ажиллагаа тухайн спортын холбооны эрх мэдэлд очиж байгаа гэсэн мэдээлэл өгсөн. Тэр үед уралдаж байхад нэлээн хэцүү байдаг байсан. Яг хичнээн төгрөг төсөвлөгдөөд тэшүүрийн шигшээ баг дээр хуваарилагдаад ирдэг байсныг үнэхээр сайн мэддэггүй байв. Бид гадагшаа, дотогшоо тэмцээнд оролцохоор явахдаа байрлах айл эсвэл аль болох хамгийн хямдхан буудал л хайж олдог. Хаана үнэ хямдхан хоол байна, түүнийг л олж иддэг. Заримдаа хоолгүй хоносон өдрөө бэлэн гоймон чанаж иднэ, Монголоос авч явсан махны шуузнаасаа хоол хийж иднэ. Хааяа тамирчид бид дундаа ганцхан л хоол өл дарах байдлаар авч иддэг байсан даа. Юун нөгөө тамирчдад хэрэгтэй, амин дэмтэй хоол хүнс тэр бол тухайн үед “Мөрөөдөл” байсан. Тэгээд л гэрээсээ жаахан мөнгөтэй явбал дэлгүүр гарч жижиг сажиг юм авч идээд л, олсон газартаа бэлтгэлээ хийгээд л байдаг байсан. “Алдар” спорт хороон дээрээ үгүй бол Богд уул руу гарч гүйдэг ч юмуу тэгэж л бэлтгэлээ хийдэг байв. Ингээд 2017 оны 10 дугаар сард бөөн юм болсны эцэст бид нар Хятад руу 21 хоногийн цугларалтад гарсан. Гэтэл олимпын эрх олгох дэлхийн цомын цурвал тэмцээнүүд аль хэдийнээ эхэлчихсэн байсан. Ингэснээр дэлхийн цомын тэмцээн бүү хэл, олимпын эрх ч бараадахааргүй боллоо гээд л сэтгэлээр маш их унаж байлаа.
Багшийнхаа зөвлөснөөр 2018 оны улсын аварга шалгаруулах тэмцээнд бэлтгэл маш муу ч байсан ч оролцож уралдсан. Учир нь багийн нийт дүн хувь тамирчдын оролцоо, онооны үзүүлэлт нийлээд гарах байсан болохоор багш маань оролцоод үзээч гээд зөвлөөд, тэр тэмцээнд уралдсан юм.
Мөсний гулгалт хангалтгүй учраас бид нар цаашид өвлийн спортоор хичээллэх, тэмцээнд оролцох ямар ч нөхцөл боломжгүй болсон учраас миний хувьд жаахан шантраад гулгахаа болиод, хэсэг амаръя гээд л шийдсэн. 2015 оноос хойш маш их ачаалалтай бэлтгэл хийдэг байсан, нэлээд ч шантарсан. Ямар ч мөнгөгүй гээд л тэмцээн уралдаандаа оролцож чадахааргүй болчихлоо. Ээж аавыгаа хүртэл өмнө нь 3 сард тэмцээнд явахдаа баахан зээл авхуулаад явчихсан. Одоо надад мөнгө гаргаж өгөх хүн байхгүй.
Хүмүүсийн мөнгийг баахан дэмий үрээд, амжилт олсон ч юм байхгүй ер нь дэмий л юм болчихлоо гээд хэсэг шантарч байгаад, гулгахаа ер нь больдог ч юм уу гээд бодож байсан. Түүний дараахан Пёнчаны өвлийн олимпын нээлтийн үеэр хоёрхон тамирчныг дагаад маш олон дарга нар явж байгаа зураг цахим орчин болоод хэвлэл мэдээллээр цацагдаж, шуугиан тарьж эхлэхэд манай аав телевиизэд ярилцлага өгсөн юм. “Өвлийн спортоор хичээллэж буй тамирчдаа бэлтгэл сургуулилт хийх нөхцөл боломжоор хангахгүй, төсвөөс мөнгөгүй гэж хэлээд шигшээ багийн тамирчдаа анхан шатны бэлтгэл сургуулилт хийх нөхцөл боломжоор хангахгүй өдий хүртэл явуулж олимпын эрх хийлгээгүй байж, өөрсдөө ингээд хоёрхон тамирчныг дагаад чиг үүрэг нь тодорхойгүй 20 гаруй албаны хүмүүс хамт явчихлаа” гэсэн агуулгаар ярилцлага өгсөн. Үүний дараа Тэшүүрийн холбоо болон БТСУХ-ны дэргэдэх ҮШБ-аас мэдээлэл хийсэн юм.
Миний 2018 оны улсын аварга шалгаруулах тэмцээнд муу уралдсан бичлэгийг тавиад, Б.Сумъяа гэдэг тамирчин тэшүүрийн спортод нэг их тийм сайн амжилттай хүн биш ээ гэсэн агуулгаар миний эсрэг олон нийтэд цоллож эхэлсэн. Мөн холбооноос ч мэдэгдэл хүртэл гаргасан. 2016 оны залуучуудын олимпын наадмын багийн төрөлд зүүсэн алтан медалийг тэр бол ядуу буурай оронд амжилт үзүүлсэн, үзүүлээгүй олгодог алтан медаль. Зүгээр л өгчихдөг бэлгэдлийн чанартай медаль гэж мэдэгдэл хүртэл гаргаад миний эсрэг бүх асуудлаа чиглүүлж эхэлсэн. Үнэн хэрэгтээ яг цагаа тулахаар бид нарт мөнгө байхгүй, мөнгө байхгүй, та нар одоо өөрсдөө тэмцээний зардал мөнгөө аргалаад оролц. Холбооны бид нар өнөө маргаашаа яая гэж байна, улсынхаа АШТ-ийг арай гэж л зохион байгуулж байна хэмээн хариу өгдөг байсан. Надад маш их дайралт ирээд л, холбооноос ч гэсэн маш их залгаж дарамталдаг байсан. Энд тэнд ярилцлага өгөхдөө би намайг хувцас хэрэглэл, материалаар дэмжсэн МҮОХ-ндоо талархлаа илэрхийлэхээр
Монголын тэшүүрийн холбооноос:
-Чи яахаараа холбоогоо ярьдаггүй юм, чи хэн болчхоод ингээд хуцаад байдаг юм, чи ер нь хэн юм, чамайг одоо дахиж гулгуулахгүй, одоо тэшүүрийн спортоос зайлуулна гэх мэт утсаар залгаж дарамталдаг байсан. Ийм сэтгэлзүйтэй тамирчин спортоороо цаашаа үргэлжлүүлэх үү, эсвэл бүрмөсөн орхих уу гэсэн хоёр салаа замын сонголт дээр ирсэн.
-2002 оноос хойш Монголын тэшүүрийн баг тамирчид “Өвлийн олимп”-н эрхээ авч чадаагүй өдийг хүрлээ. 2026 оны Италид болох өвлийн олимп хаяанд ирчихсэн байхад мөн л адил дахин Монголчууд тэшүүрийн спортоор олимпийн замд уралдаж чадахгүй эрсдэлтэй нөхцөлд орчихлоо?
-Цаг хугацаа маш их тулчихсан байна. Дэлхийн цомд өрсөлдөж эрхээ биелүүлэх байсан манай улсын шигшээ багийн тамирчин ОУХМ Б.Гэрэлтуяа маань тун хүндхэн байдалд ороод байна. Магад дэлхийн цомдоо ч оролцож чадахгүй эрсдэлд байгаа. Гэхдээ тухайн тамирчин зөвхөн шорт трейкийн төрөлд оролцоно шүү дээ.
Монгол Улсад миний хичээллэж байсан гүйлтийн тэшүүрийн төрөлд нэг ч тамирчингүй болчихсон. Энэ төрөлд гал нь бөхсөн тун харамсалтай…


Олон нийтэд төөрөгдөл төрүүлэхгүйн тулад асуудал хөндсөн сэдвийн хүрээнд хоёр талын байр суурийг хүргэх нь сэтгүүлзүйн үндсэн чиг үүрэг юм. Иймээс бид Монголын Тэшүүрийн холбооны ерөнхийлөгч Д.Болормаа руу утас цохьсон.
Харин таны залгасан дуудлага завгүй байна гэсэн дохио өгөөд байсан тул тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Нарангэрэлтэй утсаар холбогдов.
Монголын Тэшүүрийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Нарангэрэл: “Холбооны нэр хүндэд халдсан Б.Сумъяаг бид шүүхэд өгнө”
-Сайн байна уу? “Өрөг.mn” сайтаас тантай холбогдож байна. Сүүлийн өдрүүдэд тэшүүрийн холбоотой үүссэн нөхцөл байдалтай холбогдуулын та бүхний байр суурийг асууж лавлах зорилгоор ийн холбогдож байгаа юм?
-Бид нар өөрсдийнхөө байр суурийг энэ 7 хоногтоо багтаан илэрхийлэх болно. Манай тамирчин Б.Гэрэлтуяа маань ч гэсэн өнөөдөр өглөө(2025.11.11) тэмцээнээс эх орондоо ирчихлээ. Тамирчинтайгаа бид уулзаж яриилцаад, байр суурийг нь сонсоно. Бид баримт нотолгоотой л ярина.
Бид одоо болтол чимээгүй яваад байгаа нь ямар нэгн учир шалтгаантай л байгаа шүү дээ. Ямар ч баримт нотолгоогүй тэшүүрийн холбооны нэр хүндэд халдаж байгаа Б.Сумъяаг бид шүүхэд өгөх болно.
-Бидний зүгээс та бүхний байр суурийг авч буй энэхүү ярилцлагаа бичиж авч байгаа. Олон нийтэд хоёр талын байр суурийг эн тэнцүү хүргэх үүргийнхээ дагуу бичвэрээр буулгаж оруулах болно?
-Тэгэж болно. Энд бүхэл бүтэн нэг байгууллагын нэр хүнд яригдаж байна. Би дөнгөж сая Биеийн тамир спортын хороотой бичиг баримтын гүйцэтгэлээ тулгаад, шалгаж үзээд гарч явна. Угаасаа бид нарыг АТГ-аас шалгадаг, одоо ч дахин шалгана гэж байгаа. Б.Сумъяа бол буруу аргаар, биднийг гүтгэж, харлуулж байгаад маш их гомдолтой байна. Иймээс бид номхон хүлцэнгүй хараад суулгүй, дараагийн шатны арга хэмжээг авах болно. Холбооны талаар олон нийтэд өгч буй мэдээлэл нь хамгийн гол нь буруу ташаа мэдээлэл.
-Нэгэн цаг үед өвлийн спорт тэр дундаа гүйлтийн тэшүүрийн төрөлд Монгол Улсын нэрийг дэлхий, олон улсад таниулж явсан тамирчин Б.Сумъяа маш олон удаа хохирсон. Сүүлчийн хохирогч золиос нь би байг. Үүгээр муу бүхэн дуусаг гэж хэлж байсан?
-Б.Сумъяа бол одоо манай холбооны тамирчин биш шүү дээ. Өмнө нь тухайн үед би холбоонд ажиллаж байгаагүй. Өмнө нь Б.Сумъяа холбооны эсрэг бөөн баримт бичиг болгоод л олон удаагийн гомдол гаргаж байсан юм билээ. Гэхдээ тэр нь мөн л буруу ташаа байсан. Бид тухайн үед түүнийг шүүхэд гомдол гаргах гэтэл хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гээд чадаагүй. Харин одоо өмнөх бичиг баримтыг, одооныхтой бүгдийг нь нийлүүлээд холбооны нэр төрд ноцтой халдаж байгаа тул түүнийг шүүхэд өгөх болноо гэдгээ хэлье.
-Одоо шигшээ багийн тамирчин Б.Гэрэлтуяа өвлийн олимпын эрх авахаар бэлтгэгдэж буй энэ чухал үед мөн л холбооноос болоод хохирч байгаа талаар та бидэнд үнэн зөв мэдээлэл өгнө үү?
-Тийм юм байхгүй. Харин ч холбооноос бүх тамирчдад ижил тэгш хандаж ирсэн. Б.Гэрэлтуяа ийм чухал үед сэтгэл санааны маш хүнд цохилтод орж, эрхээ авч чадахгүй нөхцөл байдлаас үүдсэн гарсан зардлаа харин ч эргээд улсын төсөвт төлөх өрөнд бараг л уначхаад байна. Бид тэр тамирчныхаа яг энэ асуудалд маш их санаа зовинож байгаа.
Яг үнэндээ бол жадны үзүүрт яваад байгаа манай Б.Гэрэлтуяагийн өмнөх олимпод явах эрхийг Б.Сумъяа өөрөө хулгайлаад, багштайгаа нийлж луйвар хийж өөрөө явсан асуудал бий. Б.Сумъяад өвлийн спортоор, тэшүүрээр дамжуулан өөртөө олж авсан тэр нэр алдар, хүнд бүгдээрээ одоогийн манай тамирчин Б.Гэрэлтуяад байх ёстой, тийм бололцоо боломж байсан. Тэрийг нь нотлох хурлын протокол, Тэшүүрийн холбооны удирдах зөвлөлийнхний хурлын хийж байсан протокол, тэр талийгаач багшийнх нь хэлж ярьж, орилж хашгирч байсан дууны бичлэг гээд бүх нотлох баримтууд бидэнд бий. Тийм болохлоор бид нар Б.Сумъяатай энэ удаал арай өөрөөр ярина аа. Бид нар хэтэрхий боловсон, хэтэрхий даруухан хандаж байсандаа маш их харамсаж байна гэж өмнөх нарийн бичгийн дарга Нармандах ч бид нарт товч тодорхой хэлсэн.
Ярилцсанд баярлалаа.
Энэ мэтчилэн Улсын төсвөөс спортын салбарт зарцуулаарай гээд төсөвлөж, олгосон мөнгийг яг хүрэх эзэнд нь зарцуулах бус шигшээ багийн тамирчид хувийн зардлаараа гадаад орныг зорьж, хямд байранд буудаллаж, хамгийн хямд хоолоор өл залгуулан, тэмцээн уралдаанд оролцохдоо ядуу тарчигхан байдаг талаар ний нуугүй ярьж байна.
Ийм асуудлаас шалтгаалан өсөх ирээдүйтэй олон тамирчны спортын замнал харамсалтайгаар өндөрлөж, Монгол Улс өвлийн спортын зарим төрөлд дараагийн шинэ залгамж халаагүй болон, галын дөл хүртэл дахин асах боломжгүйд хүрчээ.
Угтаа бол өвлийн спорт хамгийн ахицтай, урагшилж хөгжих боломж бүхий жилийн 4 улиралтай эх орон шүү дээ…
Тэшүүрийн холбоотой адилхан кейстэй спортын холбоод ч бий. Эцэст нь улсын төсвөөс спортод зориулагдан зарцуулах ёстой санхүү, зардал эзнээ онолгүй, төөрч явдаг дараагийн жишээнүүдийг бид цувралаар бэлтгэн хүргэх болно.
Видео ярилцлагыг БҮТЭН ҮЗЭХ ЛИНК:







Байхгүй байсан байсан ялгаагүй ямар амжилт гаргах биш ер нь зарим спортыг хаях хэрэгтэй