
Аливаа улсыг айл өрхөөр жишээлбэл Монголоос хэр их мөнгө, доллар гадагшаа гарч, хэр их доллар гаднаас орж ирж байгаагийн зөрүүг төлбөрийн тэнцэл гэж хэлдэг. Төлбөрийн тэнцэл хасах байвал, энэ нэг ёсондоо бид гадаадаас худалдан авалт их хийж, гадагшаа гарч аялаж, эмчилгээ хийлгэж их мөнгө зарцуулж байвал төлбөрийн тэнцэл хасах, эсрэгээрээ манайх руу гаднаас доллар их орж ирж байвал төлбөрийн тэнцэл эерэг байна гэж үздэг.
2025 онд төлбөрийн тэнцэлд гол нөлөөлж байгаа нь бараа бүтээгдэхүүний худалдаа, тэр дундаа нүүрс, зэс нийлээд 74%-ийг эзэлж байна.
Гол экспортын бүтээгдэхүүн болох нүүрсийг авч үзвэл 2024 онд гаргасан түвшинтэй бараг ижил хэмжээний нүүрс гаргаж чадаж байгаа юм. Харин орж ирж байгаа долларын хэмжээг харьцуулж харвал бараг 2 тэрбум ам.доллар бага орж ирж байна. Үүний цаана хэмжээ биш үнэ чухал гэдгийг харуулж байна.
Гол шалтгаан нь нүүрсний үнэ энэ онд 40 гаруй хувиар уначихсантай холбоотой. Экспортын бусад бүтээгдэхүүн буюу зэс, алт, төмрийн хүдэр байгаа ч өнгөрсөн оны экспортын орлогын дүнгээс энэ олны эхний 9 сарын байдлаар бүхэлдээ 1 тэрбум ам.доллароор дутаж байгаа юм.
Тэгвэл 2026 онд бид нүүрсний экспортоо ч нэмэгдүүлнэ, үнийг ч өөдрөгөөр төсөөлж, төсөвтөө тусгасан. Тэгвэл дэлхийн түүхий эдийн зах зээл дээр дээрх түүхий эдүүдийн үнийн төлөв ямар байна вэ?
Б.Дөлгөөн Эдийн засагч
“2026 оны бараа таваарын таамаглалыг харахад зэсийн үнэ цаашаа үргэлжлүүлж өсөхөөр байна. 2025 оны байдлаар Монгол Улсын нийт экспортын 36%-ийг зэс эзэлж байна. Тэгэхээр ирэх онд зэсийн үнэ цаашдаа унах эрсдэл байхгүй.
Алтны хувьд тодорхой хэмжээгээр унаад 3300 ам.долларт очно гэсэн таамаглалыг АНУ-ын хөрөнгө оруулалтын банкуудын дийлэнх нь гаргасан байна.
Нүүрсний хувьд өнгөрсөн 10 жилийн хугацаанд харахад, мөн зарим нэг хөрөнгө оруулалтын банкны таамаглалуудыг харахад нүүрс тэгэж айхтар, тэр дундаа коксожсон нүүрсний үнэ унах, аль эсвэл өсөх хүлээлт байхгүй байна.
Өнгөрсөн 2022-2023 онд БНХАУ-ын зах зээл дээр коксожсон нүүрс өмнө нь байгаагүй хэмжээгээр буюу 4 дахин өсөөд, буцаад бууж байгаа энэ бууралт дээр манай эдийн засгийн хувьд бид нар буруу тооцоолол хийсэн. Үүнээсээ болоод төсөв, санхүү, эргээд эдийн засгийн өсөлтүүдээ хүртэл энэ хэмжээнд унахгүй болов уу гэсэн өөдрөг төсөөлөлтэй хийчихсэн учраас өнөөдрийн энэ хүндрэлтэй байдалд орж байгаа гэж хэлж болно.
2026 оны хувьд одоогийн түвшнээс айхтар буухгүй гэсэн таамаглалууд гарч байна. Тэгэхээр энэ дээр бид нар зөв тооцооллоо гаргах, тэр дундаа хэр хэмжээгээр бид нар нүүрсээ гаргах боломжтойгоо зөв тооцоолж чадвал улсын төсөв болон бусад бодлогуудад ирэх сөрөг нөлөө бага байна.”






