
Тайландын бизнесмэн, “Miss Universe” тэмцээнийг зохион байгуулагч байгууллагын гүйцэтгэх захирал Нават Ицарагрисил Мексикийн мисс Фатима Бошийг олны нүдэн дээр доромжилсныхоо төлөө уучлалт гуйжээ.
Дэлхийн 120 гаруй орны миссүүд цугласан “Miss Universe” тэмцээний үйл ажиллагаан дээр Нават Ицарагрисил Мексикийн мисс Фатима Бошийг “Miss Universe” тэмцээнийг зохион байгуулагч орон болох Тайландын тухай нийгмийн сүлжээндээ хангалттай нийтлэхгүй байна хэмээн шүүмжилж, “тэнэг” гэж дуудахын зэрэгцээ Ф.Бошийг дэмжиж, уг арга хэмжээг орхин гарсан бусад миссүүдийг тэмцээнээс хасна гэж заналхийлжээ.
Мексик улсын мисс 25 настай Ф.Бош сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа Нават Ицарагрисил түүнтэй маш хүндэтгэлгүй харьцаж, түүнийг хэд хэдэн удаа тэнэг гэж дуудсан талаар дурджээ. Уг үйл явдалтай холбоотойгоор “Miss Universe” байгууллагын Ерөнхийлөгч Рауль Роша Н.Ицарагсирил нь Мексик улсын мисс Фатима Бошийг доромжилж, үл хүндлэл үзүүлж, эрх мэдлээ урвуулан ашиглаж хамгаалалтын албаныхныг дуудан эмэгтэй хүнийг айлган сүрдүүлэхийг оролдсон хэмээн Н.Ицарагрисилын цаашдын оролцоог хязгаарлах эсвэл бүр цуцлах арга хэмжээ авна гэжээ.
Түүнчлэн “Miss Universe” байгууллага Н.Ицарагрисилд хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэдгийг онцолжээ. Нават Ицарагрисилын хувьд өнгөрсөн лхагва гарагт болсон хэвлэлийн бага хурал дээр хийсэн үйлдэлдээ гэмшиж буйгаа илэрхийлэн уучлалт гуйсан байна. Тэрээр уг арга хэмжээг хариуцан ажиллах нь дарамт ихтэй тул алдаа гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрч, хэнийг ч гомдоохыг хүсээгүй гэдгээ онцлон, бүх оролцогч нараас уучлалт гуйжээ.






