
Монгол орон даяар боловсролын байгууллагын багш нарын ажил хаялт нийт ажлын 13 хоног үргэлжилж 11 дүгээр сарын 3-ны өдөр буюу өнгөрөгч Даваа гарагт оройны 18:00 цагт албан ёсоор зогссон. Ингэхдээ хөдөлмөрийн хуулинд заасанчлан ажил хаялт зогссоныг 24:00 цагийн өмнө Монголын боловсрол, шинжлэх ухааны Үйлдвэрчний эвлэлийн холбооноос албан ёсоор зарласан гэдгийг хэлж буй. Ингээд тус салбарын Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга З.Цогтгэрэлтэй уулзаж, дараах тодруулга ярилцлагыг бэлтгэлээ.
-Сайн байна уу? Багш нар нь ажилдаа орж, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа албан ёсоор эхэллээ. Уг асуудал бүрэн шийдвэрлэгдсэн гэж ойлгож болох уу?
-Сайн байна уу. Монголын боловсрол шинжлэх ухааны Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Боловсролын яамтай 2024-2026 оны хэлэлцээрийн хүрээнд энэ асуудал яригдаад, маргаан үүсээд, ажил хаялтаар үргэлжилсэн. Багш нарын цалинг нэмэх асуудлыг бүрэн шийдвэрлэсэн. Зөвхөн 2024-2026 оны улсын хэлэлцээрийн 3.1 дэх заалтаар л маргаан үүсэж, 2026 оны улсын төсөвт багш нарын цалинг нэмэх асуудал 0 төгрөг байсан. Тэрнийг бид нар бас эргэж харах хэрэгтэй.
Мөн 7 дугаар сарын үед орон тооны цомхотгол болон төсвийн асуудал дээр нэг ч төгрөг тусгаагүй гэдгийг цуглаж, энэ асуудлыг хөндөн ярьж, үүнээс улбаалаад цалингаа нэмүүлэх асуудлыг тавьсан.
-Цалин нэмэгдүүлэх дүн буюу тоон дээр багш нар 3,5 сая төгрөг болгохыг нийтээрээ шаардаж байсан?
-Багш нарын цалин өслөө гэхэд ерөөсөө 3,5 саяд хүргэх боломж байхгүй байсан. Гэхдээ ядаж хамгийн дээд тал нь 2 сая 500 мянга болгочихвол хангалттай байна аа гэдэг дээр нийт масс эхэндээ санал нэгтэй байлаа. Мэдээж бид нар 3,5 сая төгрөг болгож өгөх хүсэлт, шаардлагаа бол эхнээсээ л тавиад явсан л даа. Мэдээж зорсьондоо хүрэхийн тулд хэн хэн нь аль ч талдаа хэлэлцээр хийж, хоёр талаасаа буулт хийх ийм асуудлууд үүсдэг. Хамгийн гол нь 2026 онд буюу ирэх ондоо багтааж 3,5 саяд хүргэх асуудал маш хүндрэлтэй байгаа. Эдийн засаг дээр нь нийгэм, улс төрийн байдал ийм хүндрэлтэй байгаа үед энэ хэлэлцээрүүд маань хийгдэж дууслаа шүү дээ. Янз бүрийн шахалтаар бүх л зүйлүүдийг ингээд даван туулж, ингэж хүрч байгаа нь эерэг үр дүнтэй л байна.
-Тэгэхээр шат дараалалтай 76 хувиар нэмэгдүүлнэ гэсэн үг үү?
-Ямартаа ч энэ асуудалд эерэг шиийдэлд хүрч, 76%-аар нэмэгдүүлж байгаа нь өндөр ач холбогдолтой гэж үзэж байгаа. Өмнө нь төлөвлөж байснаас 2026 онд 0 төгрөг байсныг
2027, 2028 онд 3 жилийн төлөвлөгөө гаргаж 3,5 саяд хүргэнэ. Одоо нэг сая 484 мянган төгрөг байгааг 2,8 саяд хүргэж буй нь бид нар энэ асуудлууд дээрээ анхаарлаа хандуулж, ийм уян хатан байх ёстой шүү гэдгийг бас хэлмээр байна аа.
-Ажил хаялт албан ёсоор зогссоныг нийтэд зарлахдаа хөдөлмөрийн хуулийн дагуу байсан уу?
-Ажил хаялт зогсоосныг албан ёсоор 24 цагийн өмнө мэдэгдсэн. Энэ бол “Хууль ёсны асуудал”. Хөдөлмөрийн тухай хуулиар ажил хаялтыг тухайн салбарын Үйлдвэрчний эвлэлийн холбоо нь албан ёсоор зогсоох ёстой. Энэ үүргийнхээ хүрээнд бид зарласан байгаа.
-Зарим сургуулийн багш нар үүнтэй санал нэгдэхгүй байна. Тэгэхээр энэ асуудалд ямар хариуцлага яригдах вэ?
-Ажил хаялтыг албан ёсоор хуулинд заасны дагуу зогсоосон хэдий ч зарим багш нар тэмцэж байна гээд мөн уг тэмцлийг уриалж буй хүмүүсийн хариуцлага, өөрсдийнх нь л асуудал болно оо.
Хуулиараа тэдгээр хүмүүсийн өөрсдөд нь шилжчихсэн асуудал гэсэн үг. Яагаад гэвэл хичээл сургалтын үйл ажиллагаа хэвийн явуулах ажиллагааг эндээс зарлачихсан байгаа гэдгийг хэлмээр байна.
-Тэгэхээр зарим багш нарын хувьд ажил хаялтыг үргэлжлүүлэн, уриалан, бусдыг өдөөн дуудсан бол харицулага яригдана гэсэн үг үү?
-Тийм. Асуудлыг шийдвэрлээд нийт массын хэмжээнд хуулийн дагуу зарлачихсан байхад тэд эсэргүүцвэл хуулийн хариуцлага яригдана.
Мөн Боловсролын яам болон Засгийн газраас энэ асуудалд нэлээд ач холбогдол өгөхийн зэрэгцээ 2026 оныг “Боловсролын жил” болгон зарласан. Ялангуяа Засгийн газар дээр багш нарын нийгмийн баталгаа орон сууцын асуудлыг хүртэл цалингаас гадна нааштайгаар шийдвэрлэж өгөхөөр болсон.
-Орон нутгийн багш нар цалингийн нэмэгдэл авдаг. Үүнийг хасалгүйгээр 76 хувь нэмэгдүүлж байгаа юу?
-Багш нарын авдаг зөвхөн үндсэн цалинг л ярьсан. Түүнээс нэмэгдэл хөлстэй холбоотой асуудлууд ерөөсөө яриагүй байгаа. Энэ асуудал дээр манай
зүгээс өмнөх байр сууриа хадгалсан хэвээр хэлэлцээрээ хийсэн. 2024-2026 оны уг хэлэлцээрийн 1.1-д нь заачихсан. Норм, норматив өөрчлөгдөх, нэмэгдэл, цалин хөлс, урамшуулалтай холбоотой асуудлаар 2 тал заавал төсвийн боловсруулалт дээр харилцан бие биедээ мэдээлж байж өөрчлөлт оруулна аа. Тиймээс багш та өмнө нь ямар хэмжээний цалин хөлс авдаг байсан, яг л хэвээрээ байгаа гэдгийг уламжилмаар байна.
-Боловсролын байгууллагын үйлчилгээний чиглэлээр ажилладаг ажилтнуудын цалин хөлс нэмэгдэх үү?
-Боловсролын салбарт ажиллаж байгаа бүх л хүмүүсийн цалин яг энэ хэмжээнд нэмэгдэнэ. Тэгэхээр СӨБ, ерөнхий боловсрол, мэргэжлийн боловсрол энэ 3 дээр үйлчлэгчээсээ аваад захирал хүртэл тухайн байгууллагад харьяалагдаж буй бүх хүмүүс багтана. Тухайлбал жижүүр, тогооч байна, сэтгэлзүйч, эмч, нийгмийн ажилтан, туслах багш бүгдийнх нь цалин нэмэгдэж байгаа.
-Яг одоо шилэн дансны гүйлгээний мэдээлэл хараад сууж байна. Таны удирдаж буй Үйлдвэрчний эвлэлийн холбооны байгууллага руу Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 2024 оны 5 дугаар сард дараалсан 3 удаагийн гүйлгээгээр 41 сая гаруй төгрөгийг шилжүүлсэн байна. Үүнийг зарим хүмүүс таныг салбарын яамнаас мөнгө авсан гэж хэлж буй?
-Аливаа төрийн байгууллага үйл ажиллагаагаа, ТББ-аар гүйцэтгүүлж болно гээд цагаан цаасан дээр хараар биччихсэн байгаа. Дээр нь манайх 2 талт хэлэлцээрийнхээ хүрээнд боловсролын шинэ хууль болон одоо хамтын гэрээ хэлэлцээрийнхээ асуудлаар Боловсрол, шинжлэх ухааны яам, Боловсролын ерөнхий газар, НБГ-тай хамтарч ажилладаг.
Бүх 21 аймгийн Боловсрол шинжлэх ухааны газруудтай хамтарч ажиллаж, хуулийн хэрэгжилт, уг хуулийг сурталчлах, мэдээ мэдээлэл түгээх зэрэг ажлууд дээр үүргээ гүйцэтгэн ажилладаг.
Энэ ажлаар нийт 21 аймагт 5 баг 10 хүний бүрэлдэхүүнтэй 50 сургагч бэлтгэгдэж, үүнтэй холбоотой үйл ажиллагааны зардалд тус мөнгийг зарцуулсан. Яамнаас ямар нэгэн мөнгө төгрөг авч салбараасаа өөр зүйлд зарцуулсан, идсэн уусан асуудал огт байхгүй. Бид бүхэн “Сургагч багш” бэлтгэх ажлыг гэрээгээр гүйцэтгэсэн.
Ярилцсанд баярлалаа.
Боловсрол, шинжлэх ухааны ҮЭХ-ны дарга З.Цогтгэрэлийн видео ярилцлагыг БҮТЭН ҮЗЭХ ЛИНК:






