
Хаан Чарльз дүүгийнхээ бүх хэргэм зэрэг, гавьяа шагналыг хураажээ
Ханхүү Эндрюгийн ах Их Британийн хаан III Чарльз дүүгийнхээ бүх хэргэм зэрэг, гавьяа шагналыг хурааж авах шийдвэрийг гаргажээ. Бакингемийн ордноос гаргасан мэдэгдэлд Ханхүү Эндрюг өнөөдрөөс эхлэн ханхүү Эндрю бус Эндрю Маунтбеттен Виндзор гэж дуудна хэмээн онцолсон байна. Эндрю Маунтбеттен Виндзор нь сүүлийн 20 гаруй жил амьдарсан, 30 өрөө бүхий Виндзор дахь Royal Lodge ордноос хаан Чарльзын Сандрингем эдлэн дэх хувийн сууц руу нүүх ёстой болж байгаа ба нүүлгэхэд гарах бүх зардлыг Хаан III Чарльз өөрөөсөө гаргах аж.
Эндрю өөрийнх нь эсрэг мэдүүлж буй хэргүүдэд буруугүй гэдгээ удаа дараа мэдэгдсэнийг үл харгалзан Их Британийн хааны гэр бүл түүнийг шийтгэх нь зүйтэй гэж үзсэн байна. Их Британийн хаад болон хатад гэр бүлийн гишүүдийнхээ хэргэм зэргийг хурааж авч байсан тохиолдол тун ховор аж. Эндрюгийн хүүхдүүд болох гүнж Южини, гүнж Беатрис нарын хэргэм зэрэг хэвээр үлдэх юм.
Эндрю нь насанд хүүрээгүй охидын биеийг үнэлүүлсэн хэргээр шалгагдаж байхдаа 2019 онд шоронд амиа егүүтгэсэн Америкийн санхүүч Жеффри Эпштейнтэй найз нөхдийн харилцаатай байсан юм. 2021 онд Виржиния Жуффре гэх америк эмэгтэй ханхүү Эндрюг бэлгийн хүчирхийллийн хэрэгт буруутган шүүхэд өгсөн юм. Түүний мэдүүлснээр тэрээр насанд хүрээгүй байхдаа Ж.Эпштейны хохирогч болсон ба Ж.Эпштейн түүний биеийг нэр нөлөө бүхий хүмүүст үнэлүүлдэг байсны нэг нь ханхүү Эндрю байжээ.
2001 онд 17 настай байхдаа В.Жуффре ханхүү Эндрютэй 3 удаа бэлгийн харилцаанд орсон гэж мэдүүлжээ. В.Жуффре энэ оны 4-р сард амиа егүүтгэн нас барсан байна. Тэрээр нас барахаасаа өмнө дуртгал номоо бичиж үлдээсэн нь 10-р сарын 21-нд нийтлэгдсэн юм. Энэхүү номондоо В.Жуффре Ж.Эпштейн болон түүний нэр нөлөө бүхий найзуудын бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан тухайгаа дэлгэрэнгүй бичиж үлдээжээ.







