
Төрийн ордонд УИХ 2026 оны Монгол Улсын төсвийг хэлэлцэж байгаа.
Монгол Улсын төсвийг хөрөнгө оруулалт болон урсгал зардал гэж 2 хувааж болох юм. Харин төсвийг бүхэлд нь авч үзэх юм бол урсгал зардал 70 гаруй хувийг нь эзэлж байдаг.
Урсгал зардал гэдэг нь юу вэ гэвэл төрийн албан хаагчдын цалин тэтгэмж төрийн албаны үйл ажиллагааны бүхий л төрлийн зардалд зарцуулагддаг. Харин хөрөнгө оруулалт талдаа барилга, зам, бүтээн байгуулалтад хөрөнгө оруулж байгаа мөнгийг хэлж байгаа юм.
Тэгвэл Монгол Улсын төсөв сүүлийн 10 хүрэхгүй жилийн дотор маш хурдтайгаар өсөж 10 их наядаар яригддаг байсан бол өнөөдөр 2026 оны төсөв 31 их наяд төгрөг гараад явчхаж байгаа юм. Тэгвэл энэхүү төсвийн ихэнх хэсгийг эзэлж байгаа урсгал зардлаас багш эмч нарын цалинг нэмэх асуудал яригдаж байгаа юм аа.
Хэдийгээр Засгийн газар болон УИХ–аас гарсан ажлын хэсэг мөн үйлдвэрчний эвлэлийн байгууллагын ажлын хэсгүүд тодорхой хэмжээнд дүн дээрээ цалинг яг хэдэн хувиар хэдэн төгрөгт хүргэж нэмэх тал дээр тохиролцоонд хүрээгүй байгаа ч гэсэн угаасаа л 2026 оны төсвөөс урсгал зардал хэсгээс нь энэхүү цалин нэмэгдэл гарах ёстой болж байгаа юм.
Ирэх оны төсөвт багш эмч нарын цалинг нэмнэ ээ гэсэн тодорхой хувь байхгүй.
Харин ахмадуудын тэтгэврийг 6%-аар нэмнэ гэсэн дүн тавигдсан байгаа.
Багш, эмч нарынхаа цалинг төсвөөс гаргах хувь хэмжээг яг одоо Төрийн ордонд ярилцаж байх хооронд багш нар эмч нар ажил хаяж байна. Тэдний ажил хаяж байгаа гол зорилго бол авч байгаа цалингаа амьжиргаанд хүрэхүйц хэмжээнд ядаж доод тал нь үндсэн цалингаа 3,5 саяд хүргэе ээ гэсэн ийм шаардлагыг тавьж ажил хаяж байгаа.
Тэгвэл багш эмч нарын цалинг нэмбэл Монголын эдийн засагт ямар байдал үүсэх вэ?
Зарим хүмүүсийн тайлбарлаж байгаагаар цалин нэмэгдэхээр дагаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсдөг өө гэж хэлдэг. Монголд өмнө нь ч ийм зүйл тохиолдсоор л байсан. Тэгвэл эдийн засагчаас асууя.
– Инфляц нэмэгдэх үү? өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ, багш, эмчийн цалинг нэмснээр өсөх магадлал бий юу гэдгийг тодруулъя.
А.Батпүрэв Эдийн засагч:
“Цалингийн өсөлт инфляцтай холбоотой асуудал уу гэдэг нь нэмж болно болохгүй гэдэг нэг ийм туйлын шийдвэрийн асуудал ерөөсөө биш. Одоо багш эмч нарын цалинг нэмье гэхэд тэр өөрөө төсвийн урсгал зардлаас танаад тэр дүнгээ нэмэх гэж байгаа. Өөрөөр хэлбэл цоо шинээр өөр нэг газраас мөнгө хэвлээд ч юм уу цалин нэмэх гээд байгаа тухай асуудал биш.
Тэгэхээр төсвөөс тэртээ тэргүй эдийн засаг руу орж байгаа тэр мөнгийг зүгээр тэр нь урсгал зардал бичиг хэргийн зардал аль нэг төрийн байгууллагын зардлаар гарах уу багш эмчийн цалин болж гарах уу гэдэг асуудал болж байгаа юм.
Тэр утгаар нь аваад үзэх юм бол энэ инфляцад үзүүлэх дарамт нь тийм өндөр байх ёсгүй нөгөө талд нь бас ингээд бид нар ингээд инфляцын хойноос цалингаа нэмэх үү цалингаа бүтээмжтэйгээ уялдуулаад урьдчилж нэмээд инфляцаа контролдоод явах уу гэдэг чинь нэг өөр асуудал.
Сүүлийн хэдэн жилүүдэд яад юу болсон бэ гэхээр төсөв өөрөө хэт их тэлээд юу гэдэг юм?
Одоо сүүлийн 8 жилийн дотор манай улсын төсөв чинь 4, 5 дахин лав нэмэгдчихлээ шүү дээ. Тэгээд дандаа урт хугацаанд зардал болсон тэр болгон дандаа импорт болсон.
Тэр болгон валютын ханшийг өсгөсөн тэр болгон юмны үнийг өсгөсөн тэгчхээд тэр нь нөгөө инфляцыг бий болгочхонгуут өө эргээд одоо багш эмчийн цалинг нэмэхгүй бол төрийн албан хаагчийн цалинг нэмэхгүй бол гээд хойноос нь нэмэхээр тэр өөрөө ямар ч үр ашиггүй өсөлт болж чадахгүй. Нөгөө бодит орлого нь өсөхгүй багшийн цалинг 20% нэмчихээд инфляц нь 20% өсчихөөр чинь ямар ч бодит орлого өсөхгүй шүү дээ.
Тэгэхээр ингэж инфляцынхаа хойноос хөөгөөд тийм тайлбар тавих биш, илүү төрийнхөө зардлыг үр ашигтай хуваарилаад, төрийн энэ их тэлэлтийг хязгаарлаа. Халамж, бусад урсгал зардлаа, үр ашиггүй баахан хөрөнгө оруулалтуудыг багасгачихаад тэгээд хүмүүсийнхээ цалинг нэмэх бол хүмүүсийнхээ дундаж орлого бодит орлогыг нь нэмэгдүүлж амьжиргааг нь сайжруулах эерэг нөлөө үзүүлнэ”
Монгол Улсын төсөв гэдэг ойлголт буюу Монголын татвар төлж байгаа иргэдээс цуглуулсан мөнгийг эргээгээд нийгэмдээ дахин хуваарилж байгаа энэ процессыг Тогоотой зүйрлэж үзье.
Тэгвэл энэ тогооноос хүртэгсдийн тоо жилээс жилд улам их нэмэгдэж байгаа. Нэг ёсондоо үр ашигтай эдийн засагт эргэлтэд орж байгаа бүтээмжийг бий болгож байгаа хүмүүсээсээ илүүгээр төрийн төсвийн энэ тогооноос хүртэж байгаа төрийн албан хаагчдын тоо улам нэмэгдсэн гэсэн үг юм.
Энэ бол Монгол Улсын төсөв хэтэрхий данхайж байгаагийн хор уршиг.
Төрийн алба томорч байна төрийн алба данхайж байна. Энэ бол төсвийн үргүй зардлыг бий болгож байгаа бас нэгэн шалтгаан юм аа.
“Багш нар нь цөөдөөд ингээд хэдийд байдаг юм 60-70 сурагчийн дунд нэг багш тэгээд тэр нэг том өрхийн эмнэлэг дээр ганц эмч байна гэж байгаа мөртлөө, өөр бусад төрийн албан хаагчийнх нь орон тоо их нэмэгдчихсэн. Сүүлийн 8 жилд төрийн албан хаагчийн тоо нэмэгдсэн. Дээрээс нь төрийн өмчийн компаниуд дээр төрөөс цалин авч байгаа хүмүүсийн тоо эрс нэмэгдсэн.
Монгол Улсад өнөөдөр яг бодитой ажил хөдөлмөр эрхлээд сар болгон нийгмийн даатгалаа төлж байгаа 3 хүн тутмын нэг нь бараг төрөөс цалин авдаг тийм юм руу явж байна.
Тэгэхээр ингээд буруу газраа нэмчихээд байх ёстой юмандаа хөрөнгө оруулахгүй. Хамгийн гол юм нь зардал л нэмэгдээд байгаа мөртөө тэр зардал хаана юунд нэмэгдэж байгаа юм бэ гэдэг бодлого байх ёстой. Бид нар боловсролд ач холбогдол өгч байгаа. Эрүүл мэндэд ач холбогдол өгч байгаа гэвэл багш нар дээрээ эмч нар дээрээ зардал нь нэмэгдээгүй өөр газар зардал нь нэмэгдээд байдаг энэ тогтолцоог сууриар нь өөрчлөхгүйгүй л бол одоо энэ багш нарын цалин эмч нарын цалинг 10%, 20% гэдгээр ингэж яриад урсгал зардал дотор одоо байгаа энэ бүтэц дотор ерөөсөө том өөрчлөлтийг хийж чадахгүй.
Урсгал зардлын дийлэнх дээр нь энэ цалин хангамжаас гадна нийгмийн халамжийн баахан зардлууд тэгээд төрийн байгууллагуудын урсгал зардлууд явж байгаа. Энд тэнд барьсан баахан үр ашиггүй, сум болгонд том том сургууль, соёлын төв барьсан. Тэр болгоны халаалт цахилгаанаас авахуулаад энэ бүх зардлыг одоо хөдөлгөж чадахаа больчихсон.
Тэгэхээр энийг үндсээр нь өөрчилж байж зардлын реформ хийхгүй л бол одоогийн ийм чөтгөрийн тойрог шиг байдал амархан алга болохгүй”






