
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-аас 2021 онд гаргасан “Электрон тамхи ба эрүүл мэнд” тайланд электрон тамхи буюу vape нь амьсгалын замын үрэвсэл үүсгэх, зүрх судасны системд сөргөөр нөлөөлөх, никотинд донтох эрсдэл өндөртэй болохыг онцолсон. Мөн энэхүү тайланд “электрон тамхи нь тамхинаас гарах хэрэгсэл биш бөгөөд өсвөр үеийнхэн, залууст донтох шинэ зам болж байгааг анхаарах шаардлагатай” гэжээ.
гэвч манай улсад энэ төрлийн тамхийг хэрэглэж байгаа иргэд өдөр өдрөөр нэмэгдсээр байна. Нэн ялангуяа өсвөр насны хүүхдүүд энэ төрлийн тамхинд хэт донтож байгаа нь нийгмээрээ анхаарч, хуулийн дагуу хязгаарлалт тогтоох нэн шаардлага үүсээд банйа.
Монгол Улсын хэмжээнд 13-15 насны сурагчдын 10.8 хувь нь электрон тамхи хэрэглэж байгаа талаар ЭМЯ, ХӨСҮТ-ийн 2019 онд хийсэн Глобал залуучуудын тамхины судалгаагаар (GYTS) тогтоогдсон.
Харин 2023 онд 13-17 насны сурагчдын дунд хийсэн судалгаагаар сурагчдын 19.9 хувь нь янжуур тамхи, 24.8 хувь нь электрон тамхи хэрэглэж байгаа дүн гарсан.
Vape хэрэглэгчдийн олонх нь электрон тамхийг “аюулгүй” гэсэн ташаа ойлголтоор хүлээн авч, амт, үнэр, дизайн зэрэг нь хэрэглээг дэмжих хүчин зүйл болсоор байна. Хууль эрх зүйн зохицуулалт дутмаг, хяналт сул байгаагаас шалтгаалан эдгээр бүтээгдэхүүнийг хүүхэд, өсвөр үеийнхэн дэлгүүр, худалдааны төв, цахим худалдаа, сошиал платформоор дамжуулан чөлөөтэй худалдан авч, хэрэглэх боломжтой байгаа нь эрүүл мэндийн хувьд эрсдлийг улам нэмэгдүүлж байна.
2024 оны байдлаар Монгол Улс дахь тамхины хэрэглээ нийт хүн амын 28.4 хувьд хүрсэн нь ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн хэмжээнд хамгийн өндөр үзүүлэлттэй орны 7 дугаарт орж байна.
- Монгол Улсад жил бүр тамхинаас шалтгаалсан 4,300 орчим нас баралт бүртгэгдэж,
- өсвөр насныхны дунд электрон тамхины хэрэглээ уламжлалт тамхины хэрэглээнээс давж гарсан буюу 13-17 насны дөрвөн сурагч тутмын нэг нь электрон тамхи татаж байна гэсэн статистик үзүүлэлт байна.
Судалгаанаас үзэхэд, 2023 оны тамхидалтын тархалтыг 2019 онтой харьцуулахад 10 хувиар нэмэгдсэн, эмэгтэйчүүдийн тамхидалт 4 дахин нэмэгдсэн, тамхи татах нас 3 насаар залуужсан байна.
Мөн 3,000 гаруй оюутныг хамруулсан судалгаагаар
- 14 хувь нь утаат тамхи, 10,9 хувь нь электрон тамхи,
- 2 хувь нь аль алийг нь татдаг тоо баримтууд гарсан.
Түүнчлэн Вашингтоны их сургуулийн эрүүл мэндийн хэмжил зүйн үнэлгээний хүрээлэнтэй хамтран хийсэн судалгаагаар цаг бусын нас баралт, чадвар алдалтад хүргэж буй тэргүүлэх 20 эрсдэлт хүчин зүйлийн 3 дугаарт тамхидалт орж байна.
Олон улс оронд шинэ төрлийн тамхидалтын асуудлыг хуулиар зохицуулж эхлээд байна.
Тухайлбал: Австрали Улс электрон тамхийг эмчийн жороор худалдаалдаг, амт оруулагч нэмэлтүүдийг хориглосон,
Канад улс өсвөр үеийнхэнд чиглэсэн амт, үнэрийн сурталчилгааг хязгаарласан, никотины агууламжид дээд хязгаар тогтоосон,
Европын Холбоо ENDS бүтээгдэхүүний сав баглаа боодлын стандартыг нарийвчлан тогтоож, хаяг, анхааруулга, никотины агууламжийг хатуу хянаж байхад
харин Сингапур, Энэтхэг, Тайланд зэрэг орнууд эдгээр бүтээгдэхүүнийг бүрэн хориглосон байна.
Монгол Улс электрон тамхи болон шинэ төрлийн тамхин бүтээгдэхүүний талаар зохицуулалтыг бий болгох, Тамхины хяналтын хуулийн хэрэгжилтийг хангахад бүх талуудын оролцоог дэмжих, тамхинаас гаргах эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хөгжүүлэх, тамхины хэрэглээг татвараар дамжуулан хязгаарлах чиглэлд худалдаа, байршил, борлуулалттай холбоотой үйл ажиллагаанд олон улсын стандарт, ДЭМБ-ын зөвлөмж, Тамхины хяналтын суурь конвенц, Тамхин бүтээгдэхүүний хууль бус худалдааг устгах тухай Протоколын зарчимд нийцүүлэн Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах практик шаардлага бодитойгоор тулгарч байна.
Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд тамхи үйлдвэрлэгчид шинэ төрлийн электрон тамхин бүтээгдэхүүн (жишээлбэл, цахим тамхи (e-cigarette), vape, heated tobacco)-ийг зах зээлд нэвтрүүлж, уламжлалт тамхины “эрүүл” хувилбар мэтээр сурталчилж байна. Тэд өнгөлөг дизайн бүхий савлагаа, жимс, ментол, амттан зэрэг үнэр, амт оруулах химийн нэмэлт бодис, мөн нийгмийн сүлжээ болон инфлюенсер маркетингийг ашиглан хэрэглэгчдийг татах стратеги хэрэгжүүлснээр электрон тамхины хэрэглээ олон улсын түвшинд хурдацтай өсөхөд нөлөөлж байна.
Ийм нөхцөл байдал нь тодорхой хууль, бодлогын зохицуулалт хангалтгүй байсан улс орнуудад өсвөр насныхан, залуучуудын дунд хэрэглээ огцом нэмэгдэхэд хүргэж, никотиний хамааралд оруулах, улмаар эрүүл мэндэд ноцтой эрсдэл учруулах сөрөг үр дагаврыг бий болгосоор байна. Энэхүү үзэгдэл нь олон улсын байгууллагууд болон улс орнуудын хувьд эрүүл мэндийн, хууль эрх зүйн, нийгмийн болон эдийн засгийн олон талын шинэ сорилтыг бий болгож байна.
Монгол Улсын хувьд уламжлалт болон шинэ төрлийн тамхины хэрэглээ тогтмол өсөн нэмэгдэж,
2019 онд 13-15 насны сурагчдын 14 хувь нь утаат тамхи, 3,5 хувь нь электрон тамхи хэрэглэдэг байсан бол 2023 онд энэ үзүүлэлт 19,9 хувь, 24,8 хувь болж огцом өссөн дүнтэй байгаа нь бүх төрлийн тамхины хор хөнөөлөөс өсвөр, залуу үеийг хамгаалах зайлшгүй шаардлага тулгарч байна.







Дорвитойхон татмаар байна. Дөнгөж 7-р байр. Чингисийн Монголчууд 1-т л байх ёстой
Дорвитойхон татмаар байна. Дөнгөж 7-р байр. Чингисийн Монголчууд 1-т л байх ёстой