
“Ээж ээ, хүү нь өөрийнхөө ухаангүй тэнэгийн хар гайгаар алдсан. Тиймээс энэ амьдралыг хэнд ч нялзаахгүй. Ухаан дутсан тэр өдрөөс миний амьдралд хав харанхуй ноёллоо. Ах, эгч, дүү нарт хэлээрэй. Шорон гэх энэ хэцүү газрын хаалгаар хэн ч битгий алх!” гэдэг захидлыг нөхдөөрөө бичүүлж явуулчихаад эргэлт авалгүй 30 гаруй жил аавынд суусаар 2005 онд гарч ирсэн Дашдондогийн Энхбулагийнхаас сурвалжилга бэлтгэлээ.
Тэр эхээс 14-үүлээ хэдий ч одоо дөрөвхөн нь үлджээ. Бүгд боломжийн амьдралтай гэнэ. Дүү нар нь цагаан сараар л нэг ирнэ. Ингэхэд нь “Ах нь та нарын амьдралд төвөг удахыг хүсэхгүй байна аа. Худлаа ярихгүй, хулгай хийхгүй. Бор зүрх, бодол сэтгэлээрээ амьдарчихаж дөнгөнө” гээд өөр тийш явахыг хүсдэггүй тухайгаа Д.Энхбулаг гуай ярина.
Улаанбаатар хотын баруун зах Нарангийн энгэрийн оршуулгын газар буюу чимээгүй хоттой хаяа залгаа, чимээгүйхэн амьдарч байгаа тэрбээр Улаанчулуутын хогийн цэгээс амьдралд хэрэгцээтэй бүхий л зүйлсээ олж ахуйгаа залгуулдаг аж.
Түүнийг ядуу даржин гэхээс илүүтэй алдаа оноогоо дэнсэлж, амьдрах гэж яваа нэгэн л гэж бодмоор.
Одоо амьдарч байгаа хашаа, байшингаа Улаанчулуутын хогийн цэгийн хаягдсан бараа материалаар босгожээ. 
“Байшингаа барихдаа халуун агаар дээш хөөрч, хүйтэн агаар доогуур байдгийг тооцож таазыг нь бага хийсэн юм. Өвөлдөө дулаахан байдаг. Манай энд чинь тог байхгүй. Ах нь хог дээрээс олсон батарейнуудыг засаад нарны тольтой холбож цахилгаанаа хангадаг юм. Хүн ер хөдөлж, хийж л чадвал юухнаар ч байсан амьдарч болоод л байдаг бололтой. Шил, лааз, төмөр — ер бүгдийг нь цуглуулж байгаад худалдчихна. Болоод л байна. Дээрээс нь хогийн цэг дээрээс хашаа мод авч ирээд цэвэрлэж, тайрч, савлаад ойр хавийнхандаа зарчихдаг юм” гэж тэр ярина.
Түүний хашаанд заримынх нь нүдэнд хог болж харагдах эд хогшил их ээ. Гэхдээ тэр бүгдийг нь талхны мөнгө болгож чадна. Төмрөөр нь ор, сандал хийж зарна. Модоор нь түлш хийж худалдаална. Поошиг, сараалж төмөр байвал тэгшилж хашаа, сав хийж зарна. Ер бүгдийг нь л эдийн засгийн эргэлтэд оруулчихдаг аж.
Элдэв янзын зүйл сэдэж, сэтгэх дуртай Д.Энхбулаг гуайн гарын дүй, амьдралын хар ухааныг ухвал далай. Тэр уг нь чулуун шатар, тамга, хутга ер бүгдийг хийж чадна.
Даанч тэр ахиж тэр зүйлстэй орооцолдохгүй, “амь насанд заналхийлэл ирээд хэцүү байдаг” хэмээж байлаа. Түүний хийсэн чулуун тамга Засгийн газарт байдаг гэнэ. Хэцүү нэртэй газраас гарч ирээд энэ авьяасаараа амьдрахаар араб чулуун арслан хийхээр 80 сая төгрөгийн захиалга авсан хэдий ч үүнээсээ болж амь насаа алдах шахсан байна. Хамтран хийх байсан этгээд нь түүнийг унтаж байх хойгуур 10 гаруй хутгалж орхиод урьдчилгаа 40 сая төгрөгийг нь аваад явчихжээ.
Азаар амьд мэнд үлдсэн тэр ахиж хэзээ ч уг ур чадвараа ашиглахгүй хэмээн шийдэж, 2005 онд Улаанчулуутын хогийн цэгийг бараадсан байна.
МУГЖ Дашдондог түүний аав
Гарын дүйтэй, сэргэлэн ухаан нь ааваасаа нь өвлөгдсөн гэх. Уг нь түүний аав Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Дашдондог гэдэг хүн. “Тунгалаг тамир”, “Ардын элч”, “Цогт тайж” кинонуудад туслах дүрд тоглож явсан билээ.
Мөн уран барималч хүн байсан бөгөөд гэртээ нэг их үзэгддэггүй байж ээ. Ээж нь харин дотоод засал чимэглэл хийдэг, мөн л гарын дүйтэй хүн байж.
Тэрбээр аав, ээжийнхээ тухай дурсахдаа:
“Хоёулаа л намайг хэцүү нэртэй газар байхад өнгөрсөн. Ээжийг өнгөрөхөд Мааньтын чанга дэглэмтэй хорих ангиас намайг ажил явдалд нь оролцуулахаар явуулж л байсан. Би нэг ч уйлаагүй ээ. Зүрхэн дотроо уйлдаг чулуун сэтгэлтэй хүн явлаа. Аавтайгаа бол 12 нас хүртэл л хамт байсан. Тэгээд л би чинь хэцүү нэртэд орчихсон хүн шүү дээ. Хоригдлуудын ар гэрийнхэн ирж чихэр, шоколад өгч үнсэж байхад сэтгэл өмөрдөг байсан. Манай аав, ээж хоёр намайг нэг ч загнаж байгаагүй. Гэхдээ би эцэг эхээ буруутгахгүй.
Хүн хүүхдийнхээ биеийг нь төрүүлэхээс, оюун ухааныг нь төрүүлдэггүй гэдэг үг байдаг. Хүн ухаантай л амьдарвал тийм муухай газар орохгүй, архи дарс хэрэглэхгүй явах байхгүй юу. Одоо жаахан нас яваад өнгөрсөн амьдралаа их л бодох боллоо. Яг л өчигдөр болж байсан юм шиг их эвгүй гээч. Бүхэл бүтэн амьдралынхаа 30 гаруй жилийг тэгж өнгөрүүлнэ гэхээр даанч харамсмаар. Энэ түүх, энэ амьдралаар би бахархаж ярьж байгаа юм биш. Танай сайтын уншигчдыг битгий ийм алдаа гаргаасай гэсэндээ ярьж байгаа юм шүү. Зарим шорон оронгоор явсан овгорууд жаахан бахархаж ярих гээд байдаг шиг. Тэгж л болохгүй. Чадвал сайхан амьдрах хэрэгтэй. Бас эрүүл амьдрах хэрэгтэй” гэв.
Д.Энхбулаг гуай төмөр замд өсжээ. Түүний ах нарт ч гэсэн эмгэнэлтэй явдал тохиолдож байсан аж. Атман, хулигаан болж буруу замаар будаа тээдэг 1970–1980-аад оны үед түүний төрсөн ахыг хөнөөгөөд, контенейрийн голд босоогоор нь чихээд орхисон эмгэнэлт явдал ч гарч байж.
Тиймээс тэр “дош” гэх тэр газраараа одоо очих дургүй гэнэ. Хэрэв очвол хуучны танил нөхөд нь архи, дарсаар дайлж, амьдралынх нь хар бараан дурсамжийг сэргээнэ гэж айдаг аж. “Ахыг хөнөөсөн этгээдтэй заавал учирдаг юм бол…” ч гэж муу санаж явсан удаатай. Харин тэр өш хонзон, энэ муу бүхнийг гэтэлсэн байна. Улмаар одоо буян л үйлдэж байя гэж сэтгэлдээ шивнэх болжээ.
“Улаанчулуутын хогийн цэгт хаягдсан 50 нохойн гөлгийг авч тэжээсэн”


Тэр Улаанчулуутын хогийн цэгт хаягдсан эзэнгүй нохойн гөлөг, мууруудыг тэжээдэг. Тэдний хашаагаар дүүрэн ноход. Бараг 50 гаруй нохой тэжээдэг байсан тэдний хашаанд одоо 13 нь үлджээ. Үлдсэн нь орчлонгийн жамаар үхэж.
Д.Энхбулаг гуай: “Миний энэ олон нохойг хараад хүмүүс иддэг байх гэж бодох байх даа. Би буян л бодож тэжээдэг юм. Зарим хүмүүс хүүхдэдээ авч өгөөд сонирхол нь буурахаар хаячихдаг гэнэ лээ. Тэгээд л манай хогийн цэг дээр ирнэ. Тэгэхээр нь би авч тэжээдэг юм. Эд чинь урд насандаа хүн ч байсан юм билүү, хэн мэдлээ.”
-Нохдоо юугаар тэжээдэг вэ?
-Ясаар. Хүчит шонхор захаас гарсан шулсан ясыг том машины жолоочид нь шууд манай гадаа авч ирж өгдөг юм.
Нэг машин ясаар долоо хоног нохдоо тэжээдэг. Нэг өнжөөд тэжээхгүй бол хоолоо идэлгүй муутгаад байдаг талтай. Бүгдэд нь сайхан үүр барьж өгсөн. Өвөл даарна л гэж байхгүй. Нэгэн цагт би 50 нохой зэрэг тэжээдэг байсан юм. Улаанчулуутынхан “олон нохойтой гэзэгт” гээд андахгүй дээ. Хашаагүй байхдаа 50 нохойгоороо хашаалаад уячихдаг байлаа.
Оршуулгын газар манайхаас 50 метр л байх. Заримдаа сүнс, сүүдэр нь юм уу, юу нь юм бүү мэд шөнө орой түчигнээд байдаг юм. Одоо бүр манай үүдний амбаараар хүн ороод ирэх шиг л санагддаг болоод байгаа.
-Тийм юм байдаг юм уу? Та харсан юм уу?
-Байна. Хүмүүст яривал “битгий худлаа хэл” гэх байх. Гэхдээ үнэнээсээ байдаг. Өөрсдөө ирээд харвал мэднэ. Нохойны нулимс нүдэндээ түрхчихвэл харагддаг.
-Тэгээд та айдаггүй юм уу?
-Юунаас нь айх юм. Надад ямар нэгэн муу зүйл хийгээгүй шүү дээ. Би ч тэдэнд муу зүйл хийгээгүй. Манай хөгшин шөнө болохоор л “гадаа юм түчигнээд байна, гараад хар даа” гэж хэлдэг. Гараад гэрэл тусгахаар юу ч л байдаггүй. Ер нь сүнснээс айснаас амьд хүнээс айсан нь дээр л дээ.
Дээр нь манай аав, ээж энэ хойд “Буян компанийн” оршуулгын газарт байдаг юм. Эцэг, эхийнхээ өлмийг нь түшээд харин ч зүгээр гэж би боддог.

-Бас тахиа байна уу даа?
-Байгаа. Зодоонч азарган тахиа тэжээдэг. 2022 онд байх аа, хогийн цэг дээрээ юм түүгээд явж байтал хажууд нэг жижигхэн юм хөдлөх шиг болсон юм. Гэтэл энэ зодоонч азарган тахианы дэгдээхий байсан. Тэжээгээд гурван жил болж байна. Бас л амьдрах гээд намайг олсон бололтой. Эсвэл бурхан явуулсан байх.
-Өөр тахиа тэжээдэггүй юм уу. Ганц л тахиатай юу?
Нэг хүн надад найман тахиа өгсөн. Гэтэл бүгдийг нь манай энэ Жижигээ тоншоод алдчихсан.
-Яагаад?
-Угаасаа зодоонч азарган тахианууд ганцаараа байдаг амьтан юм билээ. Над шиг.
-Энэ тахиаг ноход чинь барьчихдаггүй юм уу. Бас яагаад Жижигээ гэж нэрлэсэн юм?
-Нохойг зөрүүлээд тоншино. Бариулахгүй. Энэ чинь бас нисчихдэг юм. Жижигхэн биетэй болохоор нь тэгэж нэрлэсэн. Гэхдээ жижигхэн байлаа гээд дээрлэхүүлнэ гэсэн үг биш. Харин ч жижигхэн хүн, жижигхэн Монгол морь чинь шазууртай байдаг. Жижигхэндээ утга учир нь биш л дээ. Энэ зодоонч азарган тахиа яг л над шиг санагддаг. Зодолдоно. Зодолдохоо л амьдрал гэж бодсон. Гэхдээ би одоо өөрчлөгдсөн л дөө.
Энэ азарган тахианаас жаахан өөр хүн шиг, хүн баймаар бодогдоод…
-Яаж?
-Хөдөлмөрлөж. Энэ амьдрал чинь ийм амттай юм байна шүү дээ гэдгийг мэдэрмээр байна. Ахиж би тийм муухай газар ормооргүй, сайхан амьдармаар байна. Хог түүгээд ч хамаагүй амьдарна. Архинд орж, арчаагаа алдахгүй.
Хөдөлмөрлөдөггүй, залхуу хүн л явмааргүй байна. Тэгвэл амьдрал улам дордоно. Ёстой “нүдний булай, нүүр гарын алчуур” явна гэсэн үг.

-Та ханьтайгаа хамт Улаанчулуут дээр ажилладаг уу? Түүнтэйгээ хэзээ учирсан бэ?
-2006 онд л байх. Бас л өнчин, өрөөсөн зовлон үзсэн хүн. Бид нэгнээ ойлгодог. Хоёулаа хог дээр ажиллаг. Олсон хогоо (хүмүүс л хог гэж хардгаас, хөрөнгө мөнгө гэж тэр тодотгоно) ирээд л хамт суугаад цэвэрлэнэ. Манай хүний хүүхэд бий. Тэгээд би ач, зээтэй болсон гэсэн үг. Ач, зээ нар ирэхээрээ миний муу энэ гэзгээр сайхан тоглоно шүү дээ. Бүр гурван удаа бохь наагаад тайруулж байсан юм даг.
-Нууц биш бол ингэж ажиллаад хэд орчим төгрөг олох уу?
-Би яг үнэндээ бичиг үсэг мэдэхгүй шахуу. 100 гаруйг олдог байх аа. Тэр мөнгөөрөө махан таташ, сүү, хоол ундаа залгуулдаг. Би тэтгэвэр авахгүй ч хөгшин маань тэтгэвэр авдаг. Ямартай ч хүнээс гуйхгүй, доошоо орохгүй амьдраад л байна. Манай эхнэр чихэр, жимсэнд их дуртай — түүнийг нь авч өгнө. Би архи уудаг байхдаа 10 шилээр нь уудаг, дандаа хүнээс зээлдэг байлаа. Одоо амсахаа больсноос хойш сайхан болсон.
Мөнгө хураагаад тэр карт гэдэг зүйлтэй чинь болмоор санагдаад байгаа. Хүмүүс дэлгүүрт уншуулаад байдаг юм билээ.

-Картыг та үнэгүй ч авсан болдог байхгүй юу?
-Тийм үү. Тэгвэл тэрийг чинь авч байгаад мөнгө хураагаад байна аа. Эхнэр бид хоёр хоёулаа их мөнгө хураана аа гэж ярьдаг юм.
-Та ямар мөрөөдөлтэй вэ? Ажил хийе гэж боддог уу?
-Шорон оронгоор олон жил явсан хүнийг ажил авдаггүй юм. Яах вэ, сайхан хамт олонтой болоод инээлдэж байх юм сан гэж бодно оо. Бодно. Гэхдээ амьдрал, хувь тавилан ингэж заяасан юм бол би түүгээр нь л амьдрахаас өөр яахсан билээ.
Харин миний мөрөөдөл бол сурах. Юуг ч юм сурч мэдлэгтэй болох л доо. Хэзээ нэг өдөр, аль эсвэл хойд насандаа эрдэм сурна байх аа.
-Танай хашаанд бас мод тарьсан байсан уу?
-Чацаргана, бургас гээд арваад мод бий. Би хойд уулнаас авч ирж тарьсан. Бүр нов ногоон гацуур байгаа биз дээ. Алдаагүй, хиртээгүй яг л хүүхэд шиг.
Тэр чацаргана нь болохоор жимсээ өгдөг юм. Одоо хөгширчихлөө дөө, хөөрхий. Яг л хүний эцэг эх шиг.
Одоо ах нь ярьж боллоо. Ингээд дуусгах уу.
-Өөр танд залуучуудад хандаж хэлэх үг бий юу?
-Алдаж эндэж яваа олон залууст хандаж хэлэхэд “Шорон гэдэг хэцүү зүйл биш, шорон гэдэг сайхан ч зүйл биш. Харин гагцхүү тэнд өнгөрүүлсэн залуу нас л хөөрхийлөлтэй еэ” гэж Р.Чойном надад хэлсэн үгийг хэлье.
Битгий алдаарай. Ухаантай амьдраарай. Муу муухай явснаараа бахархаж яриагүй юм шүү.
Бас хөдөлмөрч байгаарай, шинээр сэтгэж амьдраарай, бусдыг битгий дуурайгаарай. Бусдыг битгий давтаарай. Ганцхүү чиний амьдралыг чиний гар л жолоодон зална гэдгийг эгнэгт санаж яваарай.
Бас хүнээс битгий гуйлга гуйж, яс горьдсон нохой шиг байгаарай. Ах нь гуйлга гуйхгүй. Саяхан над дээр нэг залуу ирж хөрөө авч өгсөн. Тэр хөрөөгөөр нь би модоо хөрөөдөөд л амьдарчихна.
Муу, арчаагүй хүнд хүн тус хүргэдэггүй юм шүү. Арчаатай, чансаатай яваа хүнийг хараад “Энд тусалж болмоор юм байна” гэж боддог юм шүү.
Үргэлж хүний мууг харах биш, хааяа ч гэсэн сайныг нь хараад олондоо нэртэй, түмэнд тустай хүн шиг хүн яваарай л гэж хэлье.
СЭТГҮҮЛЧ: Х.УМААХАН
ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Х.МӨНХ-ЭРДЭНЭ







Ахад ийм үнэн гоё сурважлага хийсэн зауу та нарт ажлын амжилт амьдралын сайн сайхан бүхнийг хүсье дахин нэг иймэрхүү сурважлага хийгээрэй амжилт хүсье
Амжилт хүсье
Бидний үеийнхэн ийм л ноён нуруутай шүү. Эцэг, эхийн өлмийд байнаа гэдэг нь ❤️❤️❤️
Хамгийн эхний зураг дээр ах ёстой гоё харагдаж байна. Сайн сайхан бүхнийг хүсъе ахад.
Тийм уран хийц одоо хүртэл байхгүй л байгаа юм байна. Энэ хүнийг улс ашиглаасайда!
Энэ хүнд манайхан туслаасай да.
ишшш ийм газар хийсэн тамгийг засгийн газарт бөөн хулгайчид хэрэглээд таарч дээ Улсын засгийн газар бж шоронд хийсэн тамга хэрэглэдэг хэрэг үү .Хулгайчидад таарсан тамга уу
ишшш ийм газар хийсэн газар засгийн газарт бөөн хулгайчид хэрэглээд таарч дээ Улсын засгийн газар бж шоронд хийсэн тамга хэрэглэдэг хэрэг үү .Хулгайчидад таарсан тамга уу
Сайхан сурвалжлага болжээ. Амьдрах чадвартай, амьдралд хайртай баян хүн юм аа.
Амжилт.эрүүл энхийг хүсэё