
Их нарангийн дунд буудал.
Хүн зоны хөл татардаггүй эл газрын алга дарамхан хэсэгт “Дугуй засвар” гэсэн хаягтай цагаан байшин бий.
Энэ байшин иргэн Б.Пүрэвдоржийн амьдрал, аж ахуйгаа авч явдаг бизнесийнх нь “эргэлдэгч дугуй”. Байшингийн гадна тэр үйлчлүүлэгчтэйгээ ийн ярина зогсоно.
-Дугуй хэдээр засах вэ?
-Таны дугуйг янзлахад 6000 төгрөг болно.
Үйлчлүүлэгч нь өөр нэг залууд “Энэ ах ёстой чанартай, сэтгэлээсээ засдаг юм. Бас хямдхан. Хүмүүс энэ ах шиг ажлаа хийж чаддаг бол манай улс ч хурдан хөгжинө дөө” хэмээн ярьж байлаа.
Бид энэ удаагийн сурвалжилгаа ийм нэг сэтгэлтэй, зүтгэлтэй, амьдрах гэж хичээж яваа иргэний дугуй засвараас бэлдлээ.
Уг нь манай улсад амьдрах гэж хичээж байгаа мянга мянган иргэд бий. Бүх зүйл болохгүй, бүтэхгүй байгаа юм биш. Өглөө ажилдаа явж, орой ажлаасаа ирж, нийгмийн даатгал, татвараа төлж яваа иргэдэд амьдрах итгэл, амьд явах хүсэл бий. Харин гагцхүү тэр итгэл сэтгэлийг өнөөдрийн манай сурвалжилгын гол дүр Б.Пүрэвдорж шиг иргэд л өрддөг биз ээ.

Бидний яриа ингэж эхэлсэн: Б.Пүрэвдорж “Би дугуй засвар ажиллуулаад 15 жил болж байна. Энэ газар 2 жилийн өмнө нүүж ирээд энэ цагаан байшинг түрээсэлсэн юм. Үүгээр өнгөрдөг хогийн машин, үргэлж ирдэг үйлчлүүлэгчид гээд олныхоо буянаар амьдарч болоод л байна. Би өөрөөсөө гадна нэг туслахтай. Манай туслах ойрхон гарсан” хэмээлээ.
Өөрөөсөө гадна хүн цалинжуулдаг байх нь. Өдөрт олон машин засдаг уу?
– Ганцаараа амждаггүй болсон. Том машины дугуй засахад их цаг ордог юм. Анх ганцаараа ажилладаг байхад нэг их үйлчлүүлэгч ирдэггүй байлаа. Эхнээс нь хүний юмыг чанартай, сэтгэлтэй хийгээд өгөхөөр олон үйлчлүүлэгчтэй болдог юм байна.
Тэгээд хажуудаа нэг туслахтай болж цалинжуулах болсон. Манай туслах архи, дарс нэг их уухгүй. Харин би бүр огт амсахгүй. Тамхи ч татахгүй шүү дээ.
Хэрвээ нууц биш бол өдөрт хэдэн машин засаж, хэр их орлого олох уу?
– Дунджаар 200 гаруй мянган төгрөг олно. Тэрнээс их ч байж болно, бага ч байж болно. Их юм шиг сонсогдож байгаа ч тийм биш. Энэ байшингийнхаа цахилгаан, түрээсийг төлнө, нөгөө туслахдаа цалин өгнө гээд зардлаа хасахаар багавтар л мөнгө үлдэнэ дээ. Үлдсэн мөнгөө бариад л орой гэртээ харьдаг юм.
Замаараа бас зүгээр явахгүй. Эхнэр, хүүхэд, зээдээ амттан, шимттэн, зайрмаг, талх зэрэг бариад ордог.
Гэр бүл нь ааваа ажлаас ирэхийг их хүлээдэг байх даа. Ам бүл хэдүүлээ вэ?
– Ам бүл тавуулаа. Эхнэр, хоёр охин, нэг зээтэйгээ амьдардаг юм. Манай хэд ангаахай шиг хүлээгээд л сууж байна. Аав байхын жаргал тэр юм уу даа.
Хоёр охин маань оюутан, эхнэр ажил хийнэ. Ингээд л манайх гэдэг айл оршин тогтнодог.
Хоёр охиноо мэргэжилтэй, боловсролтой болгочихвол ах нь жаргаад л явчихна. Миний хоёр охин аавынхаа итгэлийг алдахгүй байх аа. Охидоо их сургуулийг нь төгсгөчихөөд сайхан гадагш аялана аа.
Би чинь хилийн дээс ч алхаж үзээгүй хүн.


Та хаашаа аяламаар байна. Одоо аялах гэхээр яаж байна?
– Заавал ч охидоо төгсгөчихөөд гэсэн зүйл байхгүй л дээ. Дараа жилийн намар гэхэд эхнэрээ дагуулаад явчихсан байх вий. Аялах гээд ах нь мөнгө хурааж байгаа. Бүр хадгаламж нээчихсэн. Өдөрт тав, арав, хорин цаас цувуулж хийдэг. Болно доо. Амьдрал их сайхан шүү дээ. Амьдрах бүр сайхан.
Охидын сургуулийн төлбөр таван сая төгрөг шахуу болчихно. Энэ муу дугуй засварынхаа буянаар төлчихөөд л байх юм.
Та их гэгээлэг хүн юм. Охид нь удахгүй сургуулиа төгсөөд аавыгаа аваад дэлхийг тойрох байх аа?
– Тэгнэ гэдэгт би итгэлтэй байдаг. Гэхдээ заавал тийм өртэй байх ч шаардлагагүй. Охид маань эрүүл энх, аз жаргалтай явбал болоо. Үр хүүхдээ тэжээж, тэтгэх нь эцэг хүний жам гэж би ойлгодог.
Миний том охин 27-той, бага нь 23-тай. Та нар сонсвол нас биед хүрсэн хүмүүс л гэх байх. Гэтэл миний сэтгэлд нялхаараа амьтад шүү дээ. Эрэгтэй хүүхэд ээж рүүгээ л гэдэг. Охид харин аавыгаа гэдэг юм. Дугуй засвар ажиллуулдаг гээд ааваасаа ичихгүй.
Уг нь ч дугуй засвар ажиллуулна гэдэг хүнээс ичих ажил биш л дээ. Их буянтай ажил гэж боддог. Их яривал цаана нь хүний амь нас, эрүүл мэнд хариуцдаг ажил. Тиймээс үргэлж чанартай, сэтгэлээсээ хандах хэрэгтэй болдог юм.
Хэрвээ хүнд муу юм хийж өгдөг байсан бол би өнөөдөр нэг ч үйлчлүүлэгчгүй, хуучин шигээ л архичин явах байсан.
Хуучин шигээ гэж?
– Архи уудаг байсан юм. Эрүүл өдөр цөөхөн байдаг байлаа. Нэг их дурсаад байх дургүй л дээ. Гэхдээ бусад нь бас ухаараад холдоосой гээд ярьж байна.
Хүн архи уугаад их доошоо орохоор хамаатан садан, найз нөхөдгүй хүртэл болдог юм билээ. Утсаар ч ярихаа байна. Үргэлж л согтуу, хөлчүү байх чинь аж амьдралд хүртэл нөлөөлнө.
Харин 2019 онд ухамсраараа архи амсахаа больсноос хойш миний амьдрал харагдахуйц дээрдсэн. Унаа, тэрэгтэй хүртэл болсон. Энэ зун ээжийгээ авч яваад нутаг усаар нь аялуулаад ирсэн гээд бод доо. Хүн муу муухай явахдаа ээжийгээ л их боддог юм билээ. Одоо бол архи, дарс, тамхиар ахиж оролдохгүй. Амьдралаа л бодно.
Архинаас гарчихаад би “Амьдрал ямар гоё юм бэ” гэж хүртэл бодсон. Ажлын бүтээмж нэмэгдээд, тархи толгой хүртэл сэргэчихдэг юм билээ.


Хүмүүсийн харилцаа ч гэсэн өөр болж эхэлсэн үү?
– Тэгэлгүй яадаг юм. Ёстой гоё болсон. Ах дүү, хамаатан садан маань эргэж холбогдоод л, надаар бахархаад л. Хүн бүх муу муухай зүйлээс холдож болдог л юм билээ. Архины найзууд бол тэгээд сарнисан.
Ах нь одоо эхнэр, хүүхдүүдээ халамжлаад ёстой жинхэнэ жаргана.
Нээрээ архи, дарс уухаа болихоор жаахан ааштай болдог юм. Ааштай байх их зүгээр. Орчин тойрны хүмүүсээ эрүүлжүүлнэ. Архинд уруу татдаг нөхөд алга болдог.
Бас хааяа найзуудынхаа морин жолоочийг хийнэ ээ /инээв/.
Та тэгвэл одоо юу мөрөөдөж байна?
– Түрүүн хэлсэндээ, хань ижилтэйгээ гадагшаа аялана гэж. Яагаад ч юм тэгвэл гоё санагдаад байгаа юм.


Бид энэхүү ярилцлагыг босоо, суугаа, гадаа, дотор бүхий л нөхцөлд хийж байсан юм. Тэр маш хурдан хөдөлгөөнтэй. Дугуй засварт нь орсноос хойш 30 гаруй минутад дөрвөн ч дугуйг тусгай багажаар задалж, засаж янзалж өгөв.
Та ямар хурдан хөдөлгөөнтэй юм бэ? Бас нэг ч тайван суухгүй?
– Тэгж байж л олон ажил амжуулна. Таван цаас олно. Амьдрал ахуйдаа нэмэрлэнэ. Би зүгээр суухыг үзэн яддаг. Чаддаг ч үгүй. Хүн л юм чинь хааяа амарна, утсаа ухна. Гэхдээ тийм удаан зүгээр байж чадахгүй. Галзуурчих гээд байдаг юм. Гэхдээ нэг их эгүүрлээд байхгүй л дээ. Над шиг ингэж хөдөлмөрлөж, амьдрах гэж хичээж байгаа мянга мянган иргэд бий. Би тэдний л нэг.
Мэдээлэл: Тус газар дугуйг 500 төгрөгөөр хийлж, харин 3000 төгрөгөөр нөхдөг.
Өдөрт дунджаар 15–20 үйлчлүүлэгч тэднийхээр үйлчлүүлдэг.
Нэг дугуй засахад гэмтлээсээ шалтгаалаад дунджаар 5–15 минутыг зарцуулдаг.
Цагийн хуваарь нь өглөөний 09:00 цагаас үдшийн 19:00 цаг хүртэл засварын газраа ажиллуулдаг.







Iim saihan humuustei yriltslaga uzeh unshih ih saihan um bn . Ymar ch mundag hudulmurch goy humuus baidag um . Mundag hun bn . Ulam amjilt huseye. Baatar boloh hun bn