
Монголын Урлагийн Зөвлөлөөс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Улаанбаатар” олон улсын кино наадам (УБОУКН) 17 дахь удаагаа 2025 оны 10-р сарын 8-аас 15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдаж, өндөрлөлөө. Энэ жилийн наадамд Монгол болон олон улсын уран бүтээлчид, кино судлаачид, үзэгчид өргөнөөр оролцож, найман өдрийн турш дэлхийн өнцөг булан бүрийн шилдэг 17 уран сайхны болон 4 баримтат кино бүтээлүүдийг үзэгчдэд хүргэлээ.
Улаанбаатар Олон Улсын Кино Наадмын нээлтийн киногоор Швейцарийн найруулагч Симона Каноникагийн “Амьсгалын дуу” баримтат кино үзэгчдэд хүрэв.
“ХАНГАРДИ” МОНГОЛ КИНОНЫ УРАЛДААНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО
17 дахь удаагийн “Улаанбаатар” кино наадмын “Хангарди” уралдаанд 23 бүтээл өрсөлдөж, шилдэг уран бүтээлчдийг шалгарууллаа.
- Шилдэг эмэгтэй гол дүр: О.Дөлгөөн, “ГУРАВ ДАХЬ ЦОХИЛТ” УСК
- Шилдэг эрэгтэй гол дүр: Т.Нямдорж, “ГУРАВ ДАХЬ ЦОХИЛТ” УСК
- Шилдэг зураач: Н.Болор-Эрдэнэ, “ТАТАР” УСК
- Шилдэг зураглаач: Г.Гүенбаатар, “ТАТАР” УСК
- Шилдэг зохиол: Р.Эрхэмбүрэн, А.Баттүшиг, “ГУРАВ ДАХЬ ЦОХИЛТ” УСК
- Шилдэг продюсер: М.Наранбаатар, А.Өнөржаргал “B1 ДАВХАР” УСК
- Шилдэг найруулагч: Ж.Сэнгэдорж, “ЧИМЭЭГҮЙ ХОТЫН ЖОЛООЧ” УСК
- Шилдэг уран сайхны кино: “ГУРАВ ДАХЬ ЦОХИЛТ” УСК тус тус шалгарлаа.
Энэ жилийн монгол киноны уралдааны шүүгчээр Финляндын Тамперегийн кино наадмын захирал Юкка-Пекка Лааксо, “Прайм Синеплекс Монголия” ХХК-ийн захирал Б.Зоригт, “Монгол кино нэгтгэл” ТӨҮГ-ийн дарга Б.Түмэн-Өлзий, найруулагч, зохиолч С.Бямба, найруулагч Н.Уранчимэг нар ажиллалаа.
Монгол кино урлагийн 90 жилийн ойн хүрээнд “Үзэхийн хязгаар” хэсэгт найруулагч Г. Жигжидсүрэнгийн “Анхны алхам” (1970) ба “Хүний амь” (1976) кинонуудыг сэргээн үзүүлж, уран бүтээлчтэй ярилцлага зохион байгуулснаар 150 гаруй залуу үзэгчдэд кино урлагийн болон түүхийн боловсрол олгов.
Олон улсын хөтөлбөрт 15 орны 24 кино багтаж, Канн, Берлин, Венец, Торонто, Локарно, Вижн дю Рийл зэрэг нэр хүндтэй наадмаас шагнал хүртсэн бүтээлүүдийг 42 удаагийн үзвэрээр 5,000 орчим дотоод, гадаадын үзэгчдэд хоёр театрын танхимаар толилуулж, үзэгчдийн кино урлагийн мэдлэг, танин мэдэхүйг дээшлүүлэв.
“Залуу үзэгч” хөтөлбөрт 12 ба түүнээс дээш насны хүүхэд, залуучуудад зориулсан кино боловсролын сургалт, үзүүлэлтүүдийг бэлтгэн хоёр удаа толилуулж, мэргэжлийн кино шүүмжлэгчдийн удирдлага дор залуусын кино боловсролыг нэмэгдүүлэв. Мөн “Industry Day” форумд дотоод, гадаадын кино мэргэжилтнүүд туршлага солилцож, хамтын ажиллагааны шинэ боломжуудыг нээв.
Наадмын төгсгөлд шилдэг уран бүтээлчдэд шагнал гардуулж, Монгол киноны хөгжлийн шинэ хуудас нээлээ.






