
Өвлийн тэсгэм хүйтэнд ч бидний үнэнч нөхөр болсон нохойг дулаан үүртэй байлгах нь амьтанд хайртай хэн бүхний хувьд анхаарах ёстой зүйл билээ. Монголчууд бид нохойгоо “үнэнч анд” гэж үздэг ч, заримдаа тэдэнд тохирсон орчин бүрдүүлэхээ мартчихдаг үе олонтоо. Хэдхэн ширхэг банз нийлүүлж, бяцхан үүр хийх нь маш энгийн үйлдэл боловч тэдэнд дулаан, аюулгүй өвлийг бэлэглэх том алхам болох биш үү…
Аравдугаар сарын 20. Цас дагтаршиж, хүн бүхэн өвлийн бэлтгэл ажилдаа дарагдсан эл өдөр Сонгинохайрхан дүүргийн ойр орчмын гэр хорооллоор хэсэж, айлын хашаанд хашаанд уяатай хэвтэх нохдыг ажиглалаа. Ихэнх айл хашаандаа нохойтой бөгөөд зарим нь тэдэнд зориулан дулаахан үүр барьсан байх авч зарим айлын ноход орогнох үүргүй, хүйтэнд гадаа уяатай харагдана. Гэр хорооллын хашаанд уяатай байх нохдын түгээмэл зураглал энэ. Ноход ихэвчлэн ийм нөхцөлд байгааг харж, тэднийг өвлийн улиралд тав тухтай байлгах боломжийг эзэд нь хэрхэн авч үздэг тухай лавлахаар “Нохойдоо үүр барьж өгсөн үү?” гэх асуултыг тэдэнд тавьж, санаа бодлыг нь сонслоо.
“Өвлийн дугуйгаа яая гэж байхад юун нохойндоо үүр барих…” гэж хариулах нэгэн эзэнтэй уулзсан юм.


-Сайн байна уу. Хүйтний улиралд айлууд нохойдоо үүр барьж өгдөг талаар сурвалжилга хийж яваа юм л даа. Та нохойдоо үүр барьж өгсөн үү?
-Машиныхаа өвлийн дугуйг яахаа бодож байхад юун нохойнд үүр барих.
хэмээсээр ууртай эр хаалга тас саван оров.
Ингэж бидний яриа богинохон үргэлжилж, эзэн ч яаравчлан хашаандаа орж явлаа.
“Манай нохойг Хүдэр гэдэг. Миний хамгийн сайн найз байгаа юм”
Яг энэ үеэр хамар хашааных нь 14 орчим насны жаал хүү усны тэргээ түрсээр гарч ирэв. Хүүгээс амьтанг хайрлаж буй сэтгэл мэдрэгдэх нь олзуурхам аж. Түүнээс өнөө асуултынхаа хариултыг авахаар яриа өрнүүлэх зуурт өөрийн нохойны үүрийг харуулангаа “Манайх нохойны үүртэй, ах аа. Та ороод үзэж болно. Манай нохойг Хүдэр гэдэг. Миний хамгийн сайн найз байгаа юм. Би түүнийг гудамжинд явж байхад нь олж авсан. Одоо тэр өлсдөггүй. Ээж маань зөндөө хоол хийж өгдөг” гэв.
-Нохойдоо үүр барьж өгдөггүй, анхаарал хандуулдаггүй хүмүүст хандаж юу гэж хэлэх вэ?
-Таны төлөө амиа ч өгөхөөс буцахгүй үнэнч андаа битгий зовоогоорой. Ийм хүйтэн өдөр нохойгоо хүнд том гинжээр уячхаад үүр ч үгүй, юу ч үгүй зовоогоод, өөрөө дулаан хөнжилдөө хэвтэж болохгүй шүү л гэж хэлье дээ.
-ХУУЛЬ: Гэрийн тэжээвэр амьтныг цэвэр, аюулгүй орчинд байлгах үүргийг асран хамгаалагч хүлээнэ-


Судалгаагаар манай улсын нийт өрхийн 25 хувь нь гэрийн тэжээвэр амьтантай бөгөөд гэр хорооллын өрхүүдийн 54 хувь, орон сууцанд амьдардаг өрхийн 12 хувь нь амьтан тэжээдэг аж. Гэрийн тэжээвэр амьтдыг хамгаалж, амьтан ч гэсэн эрхтэй, амьд бодгаль гэдгийг “сануулахаар” Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийг өнгөрөгч онд баталсан. Тус хуулийн 9 дүгээр зүйлд “Асран хамгаалагч, түр харагчийн үүрэг” гэсэн хэсэгт
9.1.4.гэрийн тэжээвэр амьтныг хоол хүнсээр хангах, халдварт өвчин, гэмтэл бэртэл авахаас урьдчилан сэргийлэх;
9.1.5.гэрийн тэжээвэр амьтныг зориулалтын буюу улирлын онцлогт тохирсон, агаар солилцоо сайтай, байгалийн гэрэл нэвтрэх боломжтой, хөдлөх хангалттай орон зай бүхий байр, үүр, орчин нөхцөлөөр хангах;
9.1.6.гэрийн тэжээвэр амьтныг цэвэр, аюулгүй орчинд байлгах;
9.1.7.гэрийн тэжээвэр амьтныг орон сууц, хашаанаас хараа хяналтгүй гарахгүй байх, бусад амьтан орохгүй байх нөхцөлийг бүрдүүлэх;
9.1.8.гэрийн тэжээвэр амьтан өвдсөн, бэртсэн тохиолдолд анхан шатны тусламж үзүүлж, мал эмнэлгийн үйлчилгээний нэгжид хандах, тусламж үйлчилгээ авах хэмээн маш нарийн тодорхой заасан байдаг.
Дэлхийн 120 гаруй оронд батлагдсан гэрийн тэжээвэр амьтантай холбоотой харилцааг зохицуулсан хуулийг манай улс ч ялгаагүй баталж чадсан нь сайшаалтай боловч бид өнөөдөр хэрэгжүүлж чадаж байгаа эсэхийг сайн бодож, анзаарах хэрэгтэй байна. Магадгүй хууль болоод хуулиар хүлээсэн үүргийнхээ талаар ч мэдээлэлгүй яваа эзэд олон буй.
-Э.Бүжинлхам: Нохойдоо амьсгалдаг материалаар үүр хийж өгөх зайлшгүй шаардлагатай-
Тэгвэл хашаанд тань уяатай хэвтэх нохойд ЯАГААД үүр хэрэгтэй вэ гэдэг асуултад хариулт эрье. Нохой ч бас бидний нэгэн адил амьд бодгаль бөгөөд амар тайван, дулаан орчинд амьдрах эрхтэй. Хэдийгээр нохойн бие хөлсний булчирхайгүй ч цагаан баавгайн биш учраас даардаг, хоол ундгүй байх нь эрүүл мэндэд нь сөрөг нөлөөтэй. Энэ талаар “Азтай савар” ТББ-ын менежер Э.Бүжинлхам ийнхүү ярьж байна.
Тэрбээр “Амьтан ч гэсэн зүрх сэтгэлтэй бидэнтэй адилхан өвддөг, зовдог, баярладаг, гомддог. Тийм учраас манай “Азтай савар” ТББ-ын хамгийн гол зорилго хүмүүст тэжээвэр амьтандаа хүнлэг хандаж, хайрлан халамжлах ухамсар суулгахад оршино. Нохой тэжээхдээ дулаан үүр барьж өгч, мөн хашаандаа чөлөөтэй байх орчныг нь бүрдүүлэх хэрэгтэй.
Бид -20 градусын хүйтэнд гадаа таван минут байхад л хөлдөх шахдаг шүү дээ. Тиймээс нохойг ч бас дулаан орчинд байлгаж, сэтгэл зүйг нь эрүүл байлгах үүднээс уялгүй чөлөөтэй байлгах хэрэгтэй. Монголчуудын хашаанд нохой уяж тэжээдэг хэв маяг хотожсоны дараа л орж ирсэн юм шүү дээ. Гэтэл нийслэлийн гэр хороолол болоод бусад аймгийн төвийнхний 80 хувь нь нохойгоо ерөөсөө сул тавьдаггүй.
Нохойдоо амьсгалдаг материалаар үүр хийж өгөх зайлшгүй шаардлагатай. Хамгийн наад зах нь хэвтэр засаж өгөөд, хөдөлгөөнийг нь чөлөөтэй болгох хэрэгтэй.
Тэжээвэр амьтны тухай хууль батлагдсан хэдий ч бид хангалттай хэрэгжүүлж чадахгүй байна. Гэхдээ энэ хуулийн зорилтыг ойлгоод ирвэл илүү үр дүнтэй байна гэж найдаж байгаа” гэсэн юм.
Хэт жижиг мэт санагдах боловч энэ сэдэв агуулга, ач холбогдлын хувьд амьтан тэжээж буй хүн бүрд хамаатай, тэдний анхаарлаас халихгүй гэж найдаж байна. Учир нь зөвхөн нийслэлд л гэхэд 98,800 гэрийн тэжээвэр амьтан бий.
Магадгүй хүмүүс амьдрал ахуйнхаа асуудалд анхаарч, амьтны эрхийн тухай ярих нь хоёрдогч асуудал гэж бодож болох юм. Гэвч дахин нэг бодоод үзвэл гэрийн тэжээвэр амьтны тухай хууль бол хүний эрх, хүний аж төрөл, хүний эрүүл мэнд, хүмүүнлэг боловсролын асуудлыг хөндсөн ХҮНИЙ ТУХАЙ ХУУЛЬ гэж хэлж болохоор.
НЭМЭЛТ: Нохойдоо үүр барьж өгөх ямар боломжууд байна вэ?
Ямартай ч нохойдоо үүр барьж өгөх эсэхийг бидний чин сэтгэл мэдэх болов уу. Үнэхээр өөрийн гараар үүр барьж өгөх хэцүү байгаа бол худалдаж авсан ч болно. Цахимаар үүрний талаарх үнийн мэдээлэл судлахад хэлбэр, хэмжээнээсээ шалтгаалаад, 100 мянган төгрөгөөс хоёр сая 500 мянган төгрөгийн өртөгтэй байгаа аж. Ядаж л дулаан дэвсгэр бэлдэж өгөх нь бид бүгдийн үүрэг юм шүү.







амьтантай харгис харьцсан новшнуудыг шийтгэх хэрэгтэй
Зарим нохой Монголд угаадас долоосон болж байргүй цас мөсөн дээр сүүлээ хавчин цагираглан там гэдгийг мэдэрэх юм. Яасан ч эмтрэх сэтгэлгүй хүмүүс байдаг юм. Ийм хүмүүс өөдөлдөгүй амьтан тамлаад 9 үе зовдог гэж эртний үг үнэн дээ. Ганц удаа спей заслага хийлгээд тэжээчих сэтгэлгүй байж амьтан гинжлээд гөлгийг халуун сүүнээс нь салгаад муурыг юу ч болоогүй мэт гаргаж хаядаг хүмүүс өнөөдөр биш үйлийн үр буцаад хаалга андуурдаггүй гэдэг үнэн.