
Алтан намар өнгө өнгөөр солонгорно. Намар яагаад ч юм хүн бүрийг завгүй байхыг, зогсолтгүй хөдөлмөрлөхийг сануулсан мэт улирал.
Хөдөө, тэр дундаа ургацын талбайд өрнүүн их ажил тасралтгүй ундарна.
Намрын шар наранд алтран халиурах тариан түрүү, ургацын талбайд хүнгэнэх трактор, комбайны дуу нүргэлсээр…
Ийм л намрын нэгэн сайхан өдөр ургац хураалтын талбайг бид зорихоор шийдэн Төв аймгийн Архуст нутаг руу хүлгийн жолоо заллаа.
Тус сум Монгол орны ой хээрийн бүсээс тал хээрт шилжих завсарын бүсэд оршдог. 82728 га нутаг дэвсгэртэй, Улаанбаатар хотоос 108 км замыг туулан зорьсон газраа бид очлоо. Архуст сумын эдийн засгийн гол үнлэс нь мал аж ахуй бөгөөд дэд бүтэц сайн хөгжсөн тул 2009 оноос газар тариалан сайн хөгжих үндэс тавигджээ.
Ингээд бид тус нутагт газар тариалангийн салбарт ажиллаж буй тариаланчдын төлөөлөл буюу “Хишиг арвидах трейд” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, захирал Б.Бямбацогттой уулзлаа.

Өдгөө тус компанийн хамт олон 1500 га эргэлтийн талбайд улаанбуудай болон малын ногоон тэжээл тариалдаг. Хаврын тариалалтаас эхлэн уриншаа амжилттай бэлтгэн тариалсан тэдний хувьд арчилгаа, арга техник, туршлагаараа жилээс жилд хураан авах ургацын хэмжээ өсөн нэмэгдсээр буйд урамшин ярьж байлаа.
Тэрбээр энэ салбартаа 20 орчим жил ажиллаж байгаа бөгөөд ууган хүүтэйгээ хамтдаа ургац хураалтын дундрашгүй ажилд зүтгэдэг ажээ.


-Сайн байна уу? Сайхан намаржиж байна уу, Ургац арвин уу?
-Сайн, сайн байна уу. Ургац арвин байна. Бидэнд хоногийн 24 цаг багадаж байна.(инээв) Манай компаниас энд үйл ажиллагаа явуулаад 10 гаруй жил болж байгаа.
-Газар тариалангийн салбарт гэр бүлээрээ хөдөлмөрлөж зүтгэж буйг харахад бахтай байна?
-Би хоёр хүүтэй. Манай гэр бүлийн хүн төрийн байгууллагад 30 гаруй жил ажиллаад энэ оны нэгдүгээр сард тэтгэвэртээ гарсан. Тэгэхээр эндээ бас нэг ажиллах хүч нэмэгдэж байгаа гэсэн үг. Хоёр хүү маань ч тус тусын бизнес, албан ажлаа гүйцэтгэдэг. Харин ургац тариалалт болон хураалтын ажилд тэд маань идэвхитэй ажиллаж, маш их тус дэм болдог.
-Таны хувьд энэ салбарт яг хэзээнээс хөл тавьсан бэ?
-Энэ сайхан Архуст нутагт ирж суурьшаад 10 орчим жил болж байна. Үнэхээр өгөөжтэй сайхан нутаг даа. Өмнө нь гэрт орж эм, гадаа гарч эр болж бүх л ажлыг өөрөө хийж гүйцэтгэдэг байлаа. Ургацаа ч тариална, арчилна, тордоно, хураана. Трактороо ч жолоодно, машин техникээ засварлана, хоол ундаа ч өөрөө хийдэг байсан. Харин энэ жилээс гэргий маань ирээд хамтдаа туслаад явж буйд сэтгэл санаа ар талдаа сайхан амар байна.


-Энэ их ажлыг ганц нэг хүн бус олны хүчээр, хамтын хөдөлмөрөөр ард нь гардаг байх. Хавар, намартаа ажиллах хүчээ гаднаас авдаг уу?
-Ёстой л олон хүний хамтын хүч хөдөлмөрөөр ард нь амжилттай даваад гардаг. Зайлшгүй л гаднаас ажиллах хүч авч ажиллуулна. Олны хүч оломгүй далай гэдэг шиг тэд маань маш их ажлыг нугалж өгдөг дөө.
-Та малын ногоон тэжээлээ трактороо жолоодон өөрөө хураагаад л, яг энд улаанбуудайгаа ууган хүү нь комбайнаа бариад хурааж байна. Хоёр дахь үеийн тариаланчаа бэлдэж буйг харахад бахархам санагдлаа?
-Яг тийм. Газар тариалангийн салбар өөрөө ч цаг наргүй маш хүнд ажилтай, хавар намрын үед тасралтгүй л хөдөлмөрлөж, сурсан мэдсэн, арга туршлагаа бүгдийг л шавхан байж л намар ургацаа амжилттай хурааж авна. Ер алгуурлаж боломгүй ийм л ажил, тууштай хөдөлмөр, зүтгэл.
Ганц энэ салбарт гэлтгүй ажиллах хүчний асуудал маш хүнд. Чаддаг, мэддэг бүх л зүйлээ хүүхдэдээ зааж өгөөд л, өөрөө ч оролцохгүй ажил, хийхгүй зүйлгүй, зогсолтгүй ажилладаг даа.


-Хаврын тариалалт маш чухал. Тиймээс ямар сортын үр суулгахаас эхлээд л тун нарийн, мэдрэмж, туршлага шаардсан ажил болов уу?
-Таримлын сэлгээндээ бид нар овьёос, будаа мөн рапс энэ тэрийг сэлгэж тарьдаг. Энэ жилийн тухайд улаанбуудайн “Дархан 160” гээд хүрээлэнгээс гаргасан дунд үрийн болцтой сортын үрийг сүүлийн тариалсан. Үүнийг сүүлийн 1-2 жил тариалж байна.
-Энэ жилийн тухайд Монгол орны нийт нутгаар гандуу, цаг агаарын нөхцөл байдал чанга байсныг малчид, тариаланчид хэлж байна?
-Байгаль, цаг агаарын нөхцөл нэлээн хүнд байлаа. Тэр дотроо олон хоног дараалж хэт халсан. Тэрний нөлөөгөөр янз бүрийн хор, бордоо хэрэглэж, арчилж, тордож, байгалийн давагдашгүй хүчин зүйлийг амжилттай даван туулсны ачаар ургацаа ийн амжилттай авч байна.
Манай компанийн тухайд агро техник, арга туршлагын үр шимээр ургац алдалт нэгдүгээрт багатай байгаа. Хоёрдугаарт “Дархан 160” сортын улаанбуудайг өмнөх жилээс хүрээлэнгээс авч тариалж эхэлсэн. Энэ сортын тухайд эрт болчихдог, намрын хяруунаас өмнө болц нь гүйцчихдэг. Байгалийн элдэв уур амьсгалд ганц тэсвэртэй, сайн сортын давуу талтай.


-Ургац хураалт хэдэн хувьтай явж байна вэ?
-8 дугаар сард хэсэг маш их бороо орсон. Бид 9 дүгээр сарын сүүлээр ургац хураалтын ажилдаа ороод жигдрээд явж байна.
-Газар тариалангийн салбар маш эмзэг. Тэр дундаа ахмадаас үг сонс, туршлага, мэдлэг хуримтлуул хэмээн ярьцгаадаг. Энэ салбарт орж ирж буй залууст таны хувьд арга барил, туршлагаасаа хуваалцаж, зааж зөвлөдөг байх?
-Сүүлийн жилүүдэд залуучууд тариалан эрхлэх зорилготойгоор энэ салбарт олноороо орж ирэх болсон. Үүнд би харин ч баярлаж явдаг. Өөрийнхөө зүгээс мэдэх, чадах зүйлээ харамгүй хэлж зөвлөж өгдөг юм.
Бид залуу үеэ ингэж л чадавхжуулан, бэлтгээд хамтдаа урагшлах ёстой.
-Хүнийг урмаар тэтгэхээс гадна хоол хүнсээр хангаж ажиллах нь буянтай алба. Сэтгэлийн сайхнаар хоол хүнсээ тэтгэж ургуулна гэмээнэ эргээд тэрнээсээ урам зориг авдаг байх?
-Хамгийн сайхан нь тэр л мэдрэмж, сэтгэл ханамж байдаг. Гэхдээ энэ тариалсан талбайг бид нар өдий зэрэгтэй болгохын тулд маш их завгүй, цаг наргүй хөдөлмөрлөдөг. Тэгэж байж л энэ таримал ургамлыг тариалснаас эхлээд л соёололтын үе байна. Түүний дараагаар бутлалтын үе шат, дунд ургамлын цаашлаад ургалтын үе шатууд байна шүү дээ.
Хамгийн их технологийн эмзэг үе шатууд нь наадмын үеэр байдаг.
7 дугаар сарын 01-нээс эхлээд л тухайн сарын 20-д хүртэл соёолтоосоо бутлалт хэрхэн явагдах, тэр үе шатуудад бид нар яг хажууд нь байж харна, арчилна, тордоно. Соёололт нь жигдэрч байна уу, буталж байна уу, хог ургамал нь ургаж байна уу, яг юу нь болохгүй байна? Хамгийн эмзэг бөгөөд чухал үе нь тэр.
Тэр бүгдийг л тариаланчид бид мэдэрч, хэрэгтэй газар нь чухал арга барилаар тариалалтаа арчилна даа. Сүүлийн 5-6 жил улсын наадам үзэж чадаагүй, яг л энэ тариалангийн талбай дээрээ өнжиж, төрүүлсэн хүүхэд шигээ л бөөцийлөн, тордож, өсгөж өндийлгөнө шүү дээ.(инээв)


-Ажил мэргэжил бүхэн сайхаан. Чухам яагаад энэ салбар л таныг татах болов?
-Залуу байхдаа хүлэмжийн аж ахуй эрхлээд, бага сага хүнсний ногоо тариалах ажил хийж байлаа. Би эдийн засагч мэргэжилтэй. Гэхдээ яагад ч юм миний дотоод мөн чанар гэдэг юм уу, бас нэг тарьж ургуулах юмсан гэсэн сэтгэл надад байдаг байлаа.
Тэгээд л юм юм хийгээд л, алдаж оноод л яваад л байсан. Эцэст нь энэ л салбарт эргэлт буцалтгүй татагдсан орчихсон доо. Үнэхээр сайхан ажил даа.


-Ажиллах хүчний асуудал компани, аж ахуй эрхлэж буй хүн бүрийн шүдний өвчин болсон цаг. Ажиллах хүчээ хэрхэн яаж бүрдүүлдэг вэ?
-Манай Архуст сум буянтай нутаг. Үр өгөөжөө ч тариаланч бидэнд их өгч буй. Хавар тариалалт болон намрын ургац хураалтын үеэр байнгын оршин суудаг иргэдтэйгээ нийлээд л 3000 орчим хүнийг түр ажлын байраар нэмж хангадаг.
Ер нь ажиллах хүч олдохгүй байна гээд л ярьцгаадаг. Энэ ажлыг би эс гэхэд хэн нэгэн нь хийж л таарна. Гэхдээ л ажлыг энэ хамт олны, хамтын хүчээр л нугалахгүй бол би ганцаараа тариалангийн талбайдаа хэчнээн
гүйгээд ч барахааргүй л байхгүй юу.
Анх энэ нутагт старекс машинтай, 1 шуудай малын ногоон тэжээлтэй хөлж тавьж байсан. Тэр үеэс одоо ингээд эргээд харахаар 1500-гаад эргэлтэй талбайтай. Тодорхой хэмжээнд хийсэн бүтээсэн ажилтай, туршлага, арга барилтай болчихсон, сэтгэл тэнүүн сууж байна. Түүнээс энэ салбар бол маш их стрессдүүлдэг ажил.


-Газар тариалангийн талбайгаас хамгийн сайхнаар мэдэрдэг баяр хөөрөө хуваалцана уу?
-Намар нэг сайхан тариа, буудай маань болц нь гүйцээд л, салхинд халиураад найгаад байж байхыг харах маш сайхан шүү дээ. Хөдөлмөрийн үр шимээ гэж л тэр үгээр хэлэхийн аргагүй мэдрэмж, сэтгэл ханамж нь тариаланч бидний баяр хөөр юмуу даа.
Ярилцсанд баярлалаа.
Видео ярилцлагыг БҮТЭН ҮЗЭХ ЛИНК:






