
Төв талбайд цалингаа нэмүүлэхийг, 3.5 сая төгрөгийн цалинтай болгохыг төр засгаасаа шаардан багш нар суулт зарлаад буй. Хэрэв дээрх шаардлагыг эс биелүүлбээс багш нар ажил хаяна гэдгээ мэдэгдсэн. Багш нарыг “Зовлонгоо ярь” хэмээн “Баавгайтай чихэр” нэвтрүүлгийнхээ ярилцлагын ширээний ард урилаа.
“Баавгайтай чихэр”-т ямар асуултууд байсан бол. Тэд хэрхэн хариулав.
-Та юу хүсэж мөрөөддөг вэ?
Э.Батцэцэг: Монголд залуусын мөрөөдөл байр, машин болсон. Миний хувьд өөрийнхөө хөдөлмөрийг шударгаар үнэлүүлэхийг хүсэж байгаа. Багын маань мөрөөдөл уг нь жүжигчин болох. Тэр мөрөөдлөө дагасан бол би энд ингээд жагсаад зогсож байхгүй ч байж мэднэ. Нийслэлийн 50 дугаар сургуульд 13 дахь жилдээ багшилж байна. Багш болсноосоо хойш юу мөрөөдөх болсон бэ гэхээр шавь нарыгаа сайхан амьдралтай, сайн хүн байгаасай л гэж… Угаас багш хүний хамгийн том мөрөөдөл энэ байх. Хоёр ч анги дааж төгсгөсөн. Гэвч хэнд нь ч “Багш болоорой, багшийнхаа шийрийг хатаагаарай” гэж хэлж зүрхлээгүй ээ.


-Та цалингаараа өөртөө шинэ гутал хувцас худалдаж авч чадаж байна уу?


-Б.Эгиймаа: Яг үнэндээ цалингаа барьж гараад, өөртөө шинэ хувцас авчхаж чадахгүй л байна. Зээлээс зээлийн хооронд нэг гутал аваад өмсчихдөг. Миний хувьд 23 жил тасралтгүй ажиллаж буй. Нийслэлийн 12 дугаар сургуульд англи хэлний багш. Цалин бага гээд ажиллах залуу багшгүй болчихлоо. Нэгэнтээ дайжаад, зүрхшээгээд явчихсан энэ багш нар дахиж ирэхгүй.
Залуу багш нарын хажууд би арай гайгүй цалин авдаг. Олон жилийн нэмэгдэл маань ороод 1.8-1.9 сая хавьцаа. Миний хүүхэд яаж амьдрах вэ гэдэг чинь уг нь миний зорилго шүү дээ. Гэтэл багшийн хүүхэд хүсэл мөрөөдөлгүй юм шиг амьдарч байна шүү дээ. Багшийн хүүхэд урам зоригтой байж болохгүй юм шиг л… Хүүхдээ хотын төв рүү аятайхан сургалтад суулгамаар байна. Би ганц бие гурван хүүхэдтэй ээж. Зэрэг, зэрэг оюутан болгож чадахгүй л байна. “Эгчийг төгстөл чи тэвч” гэж хэлэхээс өөр аргагүй л… Хүүхдэдээ хурмын даашинз өмсгөчих юм сан гэж 20 хэдэн жил мөрөөдөж байгаа ч түүндээ зориулж хадгаламж үүсгэж чадахгүй л явна.
-Цалин тань амьдралд хүрэлцэхгүйгээс болоод гадагшаа явах талаар бодож байв уу?


Хоёр ч удаа виз мэдүүлж байсан. Даанч гараагүй. Одоо тэтгэвэрт гарахад 2.5 жил үлдсэн байна. Удахгүй тэтгэвэрт гарах гэж байгаа юм чинь гээд орхихыг хүссэнгүй. Хойшдоо үр хүүхэд минь багшилж ч мэднэ шүү дээ. Тэр ч утгаараа багш нарын жагсаалд нэгдээд байна.
-Цалин нэмэхээс гадна өөр ямар асуудлыг шийдэх хэрэгтэй гэж үзэж байна вэ?


Миний хувьд 2019 онд охиныхоо нэр дээр ипотекийн зээл авч байр авхуулсан. Өөрийнхөө нэр дээр авах гэсэн чинь тэтгэвэрт гарах нас нь дөхсөн гээд ипотекийн зээл өгдөггүй юм байна лээ. Энэ олон жил ажиллачхаад орон сууцныхаа 30 хувийг төлөх боломжгүй л багш байгаа байхгүй юу. Над шиг ийм багш Монголоор дүүрэн байгаа. Нөхрийнхөө тэтгэврийн мөнгөөр л амьдарч байна даа.
-Гадаадад ажиллаж амьдрах хэр байна. Монголдоо ирэх бодол бий юу?
Ж.Цэнд-Аюуш: 2018 оноос хойш дөрвөн жил хөдөө орон нутагт ажилласан. Цэцэрлэгийн багш мэргэжилтэй. БНСУ-д ирээд гурван жил болж байна. Ковидын үед санхүүгийн хямралд өртсөн. Сургууль цэцэрлэгүүд ажиллахгүй, бид нар чинь үндсэн цалингийнхаа 70 хувиар цалинжиж байсан үе. Хоёр нялх хүүхэдтэй, авч байгаа цалин нь амьдралд хүрэлцэхгүй. Тэр үеэс л Монголд амьдрахад хэцүү юм байна гэх бодол төрж, Солонгос явах шийдвэр гаргасан даа. Монголд нэг сар ажиллаад олж байсан цалингаа таван өдөр ажиллаад олчихдог. Барилга дээр ажиллаж үзсэн. Одоо айл цэвэрлэгээний, буудлын цэвэрлэгээний ажил гээд ер нь олдсон бүх ажлыг л хийж байна. Олон багштай ажилд гарч яваад таарна. Хамт ажилд гарч байгаа монголчууд маань “Хүүхэд гаргачихвал хүмүүжүүлчихээр олон багш байна” гэж ёжлон ярих нь бий.
Монгол руугаа явна гэсэн зорилго байгаа ч очоод мэргэжлээрээ ажиллах бодол бараг алга. Ээж маань багш хүн. Бид нарын есдүгээр сарын 1-ний баярт огт ирж байгаагүй. Бас төгсөлтийн баяр дээр ч ирж байгаагүй. Багшийн хүүхэд жаахан хаягдах гээд байдаг юм шиг санагддаг. Тэр утгаараа хүүхдүүдээ бодоод багшаар ажиллахгүй гэж бодож байна.


















