
Монгол төгрөгийн 1000, 20 төгрөгийн дэвсгэртийн Чингис хаан, Сүхбаатар хоёр наашаа бүлтрээд гарч ирчихсэн гитар тоглож, DJ хийж байна гээд төсөөл дөө. 800 гаруй зураасаар бүтсэн энэхүү “рок” уран бүтээлийн нэрийг “Залуу нас” гэжээ.
Хэн ийм “галзуу” ч юм шиг, өөр ертөнцийг эрэлхийлдэг хүн байдаг бол гэж сонирхсоор уран бүтээлчийн эзнийг нь олж уулзсан нь энэ. Тэр бол залуу уран бүтээлч Ж.Энхдэлгэр байлаа.
Ж.Энхдэлгэр 2022 онд “Бид” нэртэй уран бүтээлийн үзэсгэлэнгээ олон нийтэд анх удаа дэлгэж байв. Түүний “Харах өнцөг” нэртэй бүтээл мөн тэр үед олны анхаарлыг ихээхэн татсан.
Ийнхүү энэ удаа уран бүтээлчтэй уулзаж ярилцах завшаан тохиосон юм.
Урлаг бидэнд өгдөг шигээ зарим зүйлийг буцаан авдаг ч юм шиг. Галзуу, солиотой тэсрэлт, шинэ эрэлхийлэл хийх явцад заримдаа гэр бүл хаягдчих гээд байдаг. Харин ярилцлагын зочин Ж.Энхдэлгэр бол дөрвөн хүүхдийн ээж. Хүүхдээ өсгөж, асарч байх зуураа уран бүтээлээ туурвиж, иог хийж, хүүхдэд зориулсан ном хүртэл бүтээдэг гэнэ.


Хоёулаа уран бүтээлээсээ эхлэх үү? Эсвэл хүүхдийн номын тухай ярилцах уу?
– Хүүхдийн номоос яръя. Багадаа ийм ном байдаг ч болоосой гэж их боддог байлаа. Тэгээд л хийж эхэлсэн. Бага насны хүүхдийн номын 90 хувь нь зураг байдаг шүү дээ. Үлдсэн 10 хувьд нь дуу, шүлэг гээд тухайн агуулгаа оруулдаг.
Ер нь би банк, санхүүгийн мэргэжилтэй. Сүүлд нь график дизайнераар төгссөн. Хүүхдээ нялх байхад л ном хийх санаа төрсөн. Одоогоор 16 төрлийн ном гаргасан байна. Хажуугаар нь уран бүтээлүүдээ ч хийдэг. Ном бол миний үндсэн ажил л даа.
Дөрвөн хүүхэдтэй гэсэн үү?
– Дунд ангийн гурван хүүхэд, бага насны нэг хүүхэдтэй. Дөрвөн хүүхдээ номонд дуртай болгохыг их хүсдэг байсан. Анхны охиноо төрөхөд хүүхдийн тэмдэглэл хөтөлдөг ном хийж үзсэн. Хэвлэлийн газар цөөн тоогоор хэвлэхгүй гэсэн болохоор олон тоогоор хэвлэсэн. Тэгсэн хүмүүс их авсан, тэгээд л урам орсон доо. Тэр цагаас хойш хүүхдийн ном хийж эхэлсэн. Өөрийнхөө хүүхдүүдийг ажиглаж байгаад л зохиодог. Бага насны хүүхдэд зориулсан болохоор үнхэж, барьсан ч хоргүй, эрүүл байхаар хийдэг.

Одоо уран бүтээл рүүгээ оръё. 2022 онд “Бид” нэртэй үзэсгэлэн гаргасан. Онцлог нь юу байв?
-Тэр үзэсгэлэнг гаргасан шалтгаан нь оны шилдэг бүтээлийн уралдаанд оролцсон юм. Олны таашаалд нийцсэн бүтээлд “Харах өнцөг” маань шалгараад, шагналд нь үзэсгэлэнгээ гаргах эрх авсан.
“Харах өнцөг” бүтээлдээ одоо ч би маш их хайртай. Ерөнхийдөө таван хүний хөрөг зураг бий. Нас, хүйс, арьс өнгө, үзэл бодол нь тэс өөр таван хүн. Тэр хүмүүсийг гаднаас нь харахад хүмүүс янз бүрээр дүгнэдэг. Зураг бол бүх хүнд өөр өөрөөр харагдана. Харин би тархины рентген зургийг нь оруулсан. Дотроо бол хүн гэдэг адилхан бүтэцтэй биз дээ?
Гол санаа нь гаднаас нь өөр байж болох ч дотоод сэтгэл, мөн чанарын хувьд бид бүгд ижил шүү гэдгийг ойлгуулахыг хүссэн.
Мэдээж таны хань дэмждэг байх. Гэхдээ хүүхэд төрүүлж, өсгөж хүмүүжүүлдэг нь эмэгтэй хүн. Тэгэхээр дөрвөн хүүхдийн хажуугаар уран бүтээл амжуулах амаргүй байх, тийм үү?
-Тийм ч хэцүү биш ээ. Хүүхдүүдийнхээ дунд байхдаа л уран бүтээл хийж байдаг. Урланд ганцаараа суух эвгүй. Баригдмал биш болохоор яг хиймээр санагдсан үедээ л хийдэг. Хугацаа нь дөрөв таван сар ч байж болно, дөрөвхөн хоног ч байж болно. Гол нь хүн хүсэж, мөрөөдөж хийж байхад хязгаар гэж байдаггүй.
Зүгээр уран бүтээл хийчихээд дүүрэн болчихдог тийм л хүн.


Таны бүтээлүүд, үзэсгэлэнд дэлгэсэн зургууд ч тэр, их өнгөлөг санагдсан. Тод өнгийг түлхүү хэрэглэдэг юм шиг?
-Би гэгээлэг байхыг хүсдэг. Улбар шар өнгө надад тайтгарал, итгэл өгдөг юм шиг санагддаг. Тиймээс улбар шар өнгийг түлхүү хэрэглэдэг. Амьдрал дээр ч хар бараан өнгийн хувцас өмсөхөөр өөртөө итгэлгүй болчихдог. Харин тод өнгө өмсөхөөр сэтгэл өөдрөг, гэрэл гэгээтэй болдог доо.
-Нийгэм тэр аяараа л тайтгарал, итгэлээр дутагдаж байгаа нь ч үнэн шүү.
-Миний “Баясал бахархал” гэдэг зураг Чингис хааны музейд байдаг. Бас их өнгөлөг бүтээл. Эх орондоо хайртай болохоор энэ газарт амьдарч байгаа хүмүүст ч итгэл, урам зориг өгмөөр санагддаг.
“Баясал бахархал” бүтээлээ уралдаанд өгөөд тэнцсэн. Ямар үнээр зарах вэ гэж асуухад нь “үнэгүй авч болох уу” гэж хэлж байсан. Тэр үедээ өөртөө итгээгүй ч байж магадгүй.

“Залуу нас” бүтээл тань сүүлийн үед олон хүний анхаарлыг татсан. Энэ бүтээлийн тухай дэлгэрүүлбэл?
– Монгол төгрөгөөр хийсэн бүтээл. Хийсэн бичлэг маань цахим хуудсуудаар нэлээд хандалт авч, сонирхол татсан. Нэг удаа бичлэг үзэж суутал нэг жаахан хүү “мөнгөн дээр байдаг хөдөөний өвөө” гэж хэлж байгаа юм. Түүхийн хичээл үзэж амжаагүй хүүхдэд бол ойлгомжтой.
Хүүхдийн ертөнц тийм л гэнэн, хөөрхөн шүү дээ. Тэрнээс сэдэл аваад Чингис хаан, Сүхбаатар нар өнөөдөр амьд байсан бол яах бол гэж ургуулан бодоод гитар бариулж, DJ болгоод дүрсэлсэн. Энэ бүтээлээ таван сарын өмнө хийсэн ч олон нийтэд үзүүлээгүй байсан. Учир нь Монгол төгрөгийн зураг, ерөнхий тоймыг нь гаргасан М.Бүтэмж гуайн охиноос зөвшөөрөл авах гэж хайсан. Энэ бол миний баримталдаг ёс зүй. Зөвшөөрөл авсны дараа л нийтэлсэн.
Яагаад 1000, 20 төгрөгийг сонгосон юм бэ?
– “Залуу насанд хүн эрч хүчтэй хэр нь мөнгөгүй байдаг. Нас ахиад ирэхээр мөнгөтэй ч эрч хүч багасдаг” гэдэг үг байдаг даа. Энэ хоёрын тэнцвэр гэж бодоод л өндөр дүнтэй дэвсгэрт биш, эдгээрийг сонгосон.


– Би хүмүүс оюуны өмчийг хүндэлдэг болчихоосой гэж хүсдэг. Хэзээ нэгэн цагт миний ном, бүтээлээс хүн ашиглах бол зөвшөөрөл хүсдэг байгаасай гэж. Үүнийгээ өөрөө үлгэрлэхийг ч хичээдэг. Зарим хүмүүс зүгээр л ирээд хүний бүтээлийг өөрийн болгочихдог шиг санагддаг. Миний номыг самбар болгоод, жаахан өөрчлөөд ашиглачихсан тохиолдол ч бий. Ашиглаж болох л доо. Гэхдээ зүгээр л нэг “ашиглаж болох уу?” гээд асуучихдаг бол зүгээр санагддаг.
Ярилцсанд баярлалаа.







тэгээд мөнгөн дээр зурдын муу бусдын оюуны өмч дээр