
Та Улаанбаатарын хаа нэгтээ энэ такситай таарсан ч байж магадгүй.
200 гаруй онгоцоор жигүүр хийсэн, хар өнгийн, приүс 20 маркийн автомашины жолоочийг О.Ганхүү гэдэг.
Тэр өөрийн хобби, хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн 2018 оноос хойш онгоц цуглуулж эхэлжээ.
Одоогоор түүний хөлөглөдөг таксинд 200 гаруй, гэрт нь 300-аад онгоц бий.
Түүний таксинд суусан, хажуугаар нь өнгөрсөн хэнбугай ч яриа өдөх…
Замын түгжрэлд зогссон хажуугийн машины жолооч “Таны урд байгаа Боинг 300 онгоц уу? Та гоё хүн байна шүү” хэмээгээд эрхий хуруугаа гозойлгоход нийгмийг эергээр цэнэглэгч баатар О.Ганхүү гуай өөдөөс нь инээсээр уйгагүй хариулт өгөх юм.
-Түүнээс “Та ер нь уурлаж, бухимддаг уу?” гэж асуувал “Яах юм бэ. Тийм зүйл хэрэггүй. Би 54 наслахдаа тоотой хэдхэн удаа л уурласан байх. Нийгэм тэртээ тэргүй стресстэй байхад нэг ч гэсэн хүн түүнд нь хувь нэмрээ оруулахгүй байвал сайн сан” гэв.
-Таныг уур бухимдалгүй байхад хобби их нөлөөлдөг юм шиг анзаарагдлаа?
-Тийм ээ. Хүн амьдралдаа хүсэл мөрөөдөл дүүрэн явахад л уйтгар гуниг үргэж байдаг юм. Би гадаадад 30 гаруй жил амьдарсан хүн. Солонгост 7, Орост 5, Европт 18 жил болсон. 2018 онд эх орондоо ирээд ийм нэг онгоц цуглуулдаг хүн болсон юм. Миний цуглуулгад одоо 500 гаруй онгоц байгаа. Чи сая харлаа шүү дээ. Хажуугаар өнгөрч буй хүн бүхэн миний машиныг хараад инээж байгаа биз. Дээрээс нь би сайхан цоглог ая тавьчихдаг юм. Тэр хүмүүс нэг удаа инээмсэглэхэд л надад хачин таатай мэдээж төрдөг. Энэ л бараг миний амьдралын утга учир байх.
-Энэ цуглуулгууд танаас гадна өөр олон хүнд таатай мэдрэмж төрүүлдэг байх нь ээ. Нийгэмд оруулж байгаа эерэг сэтгэлийн үнэтэй хувь нэмрийг мөнгөөр үнэлж болохгүй байх?
-Яаж болох вэ. Мөнгөөр хэмжиж болдоггүй зүйл гэж бий. Энэ нийгэмд чинь ядаж нэг сайхан сэтгэл төрүүлдэг, төрүүлэх зүйл хэрэгтэй. Тийм учраас миний хобби тэр зүйл нь болж таардаг л даа. Яг үнэндээ манайхан чинь өглөөний нар, шөнийн сарыг ч анзаарах сөхөөгүй явна. Ингэж завгүй явахад мэдээж уур унтуу хөдөлнө.
Хүн бүхэн замын хөдөлгөөнд орохдоо сигналаа чанга дарна. Зөв л дөө. Өөр яаж уур бухимдлаа гаргах юм бэ. Гаргахгүй бол бүтчих гээд байгаа юм чинь Харин над шиг хоббитой, хүсэл мөрөөдөлтэй байж чадвал тэгэх шаардлагагүй л болдог байхгүй юу.
Мөнгөөр үнэлнэ гэвэл миний онгоц цуглуулдаг хоббиг үнэлж баршгүй. Зарим хүмүүс энэ машиныг онгоцтой, юутай, ийтэй нь 40 сая төгрөгөөр зарчих л гэдэг юм. Гэхдээ би худалдахгүй. Хоббигоо тэр тусмаа худалдахгүй.
Манай гэрийн гэрлийн бүрхүүл хүртэл онгоц хэлбэртэй байдаг. Бүүр маш том онгоц таазнаас зүүлттэй бий дээ. Сая нэлээд гаран төгрөгөөр худалдаж авсан юм. Ер нь онц сонирхолтой онгоцыг лизинг хийгээд ч хамаагүй авна л гэж боддог.

-Ар гэрийнхэн нь хэр ойлгож, дэмжих вэ? Мөнгөө онгоцонд зараад байхаар уурлах уу?
–Гүүчишшшш. Юу гэж тэгэх вэ. Манай хүүхдүүд миний машинд бүүр далавчин хаалга хийж өгнө гээд байгаа юм чинь. Гэхдээ манай хоёр хүүхэд гадаадад байдаг. Ач зээ нараа санаж л байна.
Саяхан миний төрсөн өдөр болсон юм. Тэгсэн манай эхнэр ээж хоёр мөнгөө нийлүүлж байгаад надад их үнэтэй онгоц авч бэлэглэсэн. Хоолонд ороод л гарна гэж байтал тийм гоё бэлэг аваад уйлангаа л алдсан.
-Дагаад ойр дотнынхон нь ч бас хоббирчихдог юм биш үү?
-Тэгэлгүй яах вэ. Манай найзууд хүртэл энэ тэнд надад зориулж онгоц харж явна, хөөрхий. Эерэг орчин, эерэг хүрээлэл бүрдэнэ гэсэн үг л дээ. Ах нь алкохоль огт амсдаггүй гээд л бод. Тийм дэмий зүйлд мөнгөө зарцуулж байхаар энэ хэдэн онгоцоо авч байвал дээр биз дээ.

-Ер нь та яг яагаад заавал онгоц цуглуулах болсон юм бэ. Магадгүй нисгэгч болох мөрөөдөлтэй байсан уу?
-Бага нас минь нисэхэд өнгөрсөн юм. Буянт ухаа гэсэн үг. Тэр үед дээгүүр онгоц нисэж, газардана. Тэр надад яагаад ч юм гоё санагддаг байлаа.
Нисгэгч болно гэж бодоогүй ээ. Онгоцоо намайг аваад яваач гээд хүүхдүүд дагаж гүйдэг дээ? Тэр мэдрэмж л намайг онгоц цуглуулахад хүргэсэн байх гэж боддог. Ах нь 100 хүртлээ онгоцоо цуглуулна.
Магадгүй жинхэнэ онгоц цуглуулж эхлэх ч юм бил үү. Хэн мэдлээ… хэмээсээр тэр дараагийн үйлчлүүлэгчээ аван давхин одлоо.
Тэрбээр “Онгоцтой таксины ах шигээ эерэг байгаарай. Амьдрал гоё шүү залуус аа” гэж захисан билээ.







