
Энэ л амьдрал олон янзын өнгө төрхтэй. Яг л солонгын 7 өнгө мэт…
Өөр өөрийн гэсэн өнгө төрхөө гэрэлтүүлж яваа хүмүүстэй тэр л олон өнгийг зүйрлэе.
Харин хэрхэн өөрийн өнгөө чимж, услан тордож, илүү тод гэрэлтэх эсэхийг хувь хүн л хөдөлмөр, зүтгэл, тууштай байдлаараа шийдэх болов уу.
Бөөрөнхий бөмбөгийг гол өнгөө болгож, тоглогч хаашаа, хэрхэн, яаж чиглүүлэх нь ухаан болоод шийдвэрийн эцсийн цэг.
Бөмбөгийг зөв ухаалгаар тогловол, өнхөрсөөр эргээд эзэндээ хэзээ ч хувиршгүй, амьдрал, аз жаргалыг бэлэглэжээ. Эндээс л олон салаа мөч салбарлаж, том үзэсгэлэнтэй мод болон ургаж, өдгөө тод өнгө гэрлээр гэрэлтэж байгаа.
Спорт дундаас сагсан бөмбөгийг сонгож, өөрийн ажил, мэргэжлээ болгон, тамирчнаас дасгалжуулагчийн замнал руу шилжсэнээр өдгөө ч олон арван шавь нараа бэлтгэх их үйлсэд хүчин зүтгэж яваа нэгэн эрхмийг бид “Оргилд хүрэх зам” нэвтрүүлгийнхээ шинэ улиралын эхний дугаартаа хүндэтгэн урилаа. Тэрбээр сагсан бөмбөгийн спортод 40 орчим жил ажиллаж байна.
Зочин маань Монгол Улсын сагсан бөмбөгийн дасгалжуулагчдын холбооны тэргүүн, “Этүгэн ирвэсүүд” клубийн Гүйцэтгэх захирал, МУГД Одонбаатарын Баярцогт.

-Сайн байна уу? Бидний урилгыг хүлээн авсанд нь талархлаа. Ярилцлагаа Монгол Улсын эмэгтэй шигшээ багийн хамгиийн сүүлийн буюу Азийн АШТ-ий B дивизионы тоглолтын мэдээллээр эхлэе?
-Сайн байна уу? Энэ жил Монгол Улсын эмэгтэй шигшээ баг дээр туслах дасгалжуулагчаар ажиллалаа. Эмэгтэй шигшээ баг маань Азийн аваргын В дивизионы 4 дүгээр байранд шалгарсан. Ер нь бол өмнө нь гаргаж байсан амжилтуудаас онцолбол хамгийн сайн амжилтаа гаргасан. Мэдээж сагсан бөмбөгийн спортод аливаа амжилт шат шатаар явдаг, алхам алхмаар урагшилдаг. Дараагийн зорилго бол В дивзиондоо аварга болох зорилт дэвшүүлчхээд байж байна. Тамирчид маань ч сэтгэл зүйн хувьд бид нар чадах юм байна гэдэг тэр итгэл үнэмшил ойлголтыг авсан гэж бодож байгаа.
-Багийн спортын эмэгтэй тоглогчидтой ажиллахаар дасгалжуулагч хүнээс ямар ур чадвар, мэдрэмжийг шаарддаг вэ?
-Миний хувьд “Этүгэн” Их сургууль дээрээ оюутны эрэгтэй, эмэгтэй баг аль алин дээр нь ажилладаг.
2018 онд Индонезийн Жакарта хотод болсон Азийн наадамд бол Монгол Улсын эмэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж Азийн шилдэг 8-д гарсан амжилттай оролцсон.
Эмэгтэй тамирчид талбайн гадуурх сахилга бат сайтай, яг л ном журмаараа байдаг. Мөн дасгалжуулагчийн хэлж байгаа үгэнд орох, тэр талбай дээр хийж буй үйлдлүүд нь талбайн сахилга бат гэх юм уу даа. Тэр тал дээрээ эрэгтэй тамирчдаасаа хамаагүй, илүү сахилга баттай. Дасгалжуулагчий тоглолтын хувилбар, комбинац болон системийн тэр төлөвлөгөөний дагуу ажиллахад арай илүү дөхөм байдаг.


О.Баярцогт: Монгол эмэгтэйчүүд асар их тэвчээртэй, дайчин
-Эмэгтэй тамирчдын тоглолтын арга барил, ур чадварыг та хэрхэн тодорхойлох вэ?
-Монголын эмэгтэйчүүд асар их тэвчээртэй, дайчин. Аливаа зүйлийн цаана гарах гэж зорьдог, тэр талаараа маш давуу хүчтэй. Ер нь манай Монголын эрэгтэй, эмэгтэй сагсан бөмбөгчид Азидаа маш хүчтэй байдаг.
Саяхан оролцсон тэмцээнээсээ жишээлээд ярихад Ази тивийн оюутны аварга Багуудын анх зохион байгуулагдсан тэр тэмцээнд манай “Этүгэн”-ий баг оролцлоо. Ингээд хүрэл медалийн төлөө тоглоод, харамсалтайгаар 4 дүгээр байранд орсон. Өөрийнхөө туршлагаар ингээд харахад манай Монгол тамирчид хамаагүй илүү ачаалал даах чадвартай, илүү хүчтэй байдаг. Энэ нь маш том давуу талтай болдог. Эмэгтэй тамирчдын хувьд хамгийн том давуу тал нь сахилга батын хувьд илүү байж чаддаг бөгөөд дасгалжуулагчтайгаа маш нягт, сайн хамтарч ажиллаж чаддаг.
Мэдээж эмэгтэй хүний онцлогт тааруулан, эрэгтэйгээсээ өөрөөр ажиллах, торгон мэдрэмжүүд дасгалжуулагчаас угаасаа шаардагддаг. Маш гярхай байхгүй бол эмэгтэй хүний өөрийнх нь бие физиологийн онцлог, зөөлөн аядуу зан ааш, энэ бүгд дээр бас ажиллах шаардлага гардаг л даа.


-“Этүгэн” Их сургуулиас Үндсэний дээд лигт өрсөлдөж буй хүчтэй тоглолттой багуудад тоглох ур чадвартай тамирчид их төрөн гардаг. Лигийн багуудад танайхаас төрөн гарсан тамирчид ч мөн нэлээдгүй жин дардаг. Таны хувьд энэ сургуулиа түшиглээд яг сагсан бөмбөгийн суурь баазыг хэзээ олж хараад, хэзээ энэ сургуультайгаа холбогдсон бэ?
-2012 онд манай Монгол Улсын шигшээ багийн бүрэлдэхүүнд оролцож байсан Сайнбаяр намайг “Этүгэн” их сургуулийн захирал Нямцогт, Эрдэмсайхан нартай анх уулзуулж өгсөн. Тэгээд анх танилцаад Монголд багийн спорт маш сайн хөгжих ёстой. Тэгэж байж Монголд багаар ажиллах чадвартай болно, цаашлаад Монгол Улс хөгжинө. Ер нь багийн спортыг хөгжүүлэх нэн даруй шаардлагатай, ялангуяа сагсан бөмбөгийн спортыг өөрийнхөө сургууль дээр хөгжүүлэх тийм зорилготой байна, хамтарч ажиллая гэсэн санал тавьсан. Ингээд л үндэс сууриас нь ажиллаж эхэлсэн. Тэгээд 2013, 2014 онд “Этүгэн ирвэсүүд” сагсан бөмбөгийн клубийг анх байгуулсан. Байгуулсны дараа “Этүгэн” их сургуулийнхаа харьяа энэ сургуулиасаа санхүүжилт олгодог, сагсан бөмбөгийн бие даасан клубийг миний бие үүсгэн байгуулаад өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа. Манай “Этүгэн ирвэсүүд” клуб 7 наснаас дээшээ бүх насны тамирчдыг бэлтгэж явж байна.
Мөн энэ жилээс эхлээд манай клуб маань сагсан бөмбөгийн Үндэсний дээд лигтээ эмэгтэй баг оруулж байна. Түүнчлэн М хөгжлийн лигт эрэгтэй баг оролцуулж байна.


Багийн спортоор хичээллэж буй тамирчид “Би гэхээсээ бид” гэсэн сэтгэлзүйтэй байх ёстой
-Дасгалжуулагч хүн ерөөсөө цаг наргүй ажил. Багийн тамирчдынхаа сэтгэлзүйч нь, аав нь, хэрэгтэй үед найз нөхөд нь болдог гээд том тэмцээний өмнө тамирчдынхаа сэтгэл зүйг нь яаж бэлтгэх, хэрхэн тунг нь тааруулах тал дээр анхаарч ажилладаг вэ?
-Эхлээд тамирчнаа маш сайн таньж, мэдэх, танилцах ёстой. Тэр тамирчныхаа онцлог, сэтгэлзүйгээ хэрхэн удирддаг талаар ойлголттой байх хэрэгтэй.
Сэтгэлзүй сайтай, аливаа зүйлийг даваад гарчихдаг хүүхэд байна, амархан сэтгэлээр унадаг хүүхэд байна. Хэрвээ загначих юм бол уналтад орчхоод болдоггүй хүүхэд ч байдаг, бас загнуулж байж хурцлагддаг хүүхэд байна, ингээд янз бүр л байгаа. Хамгийн гол нь тамирчны сэтгэлзүйн асуудал дээр ар гэр нь хамгийн их нөлөөлдөг. Ар гэрийн амьдрал, ахуй, бас бусад зүйлүүд гээд л бий. Тэр бүхнийг нь маш сайн судалж, ажиллах ёстой л доо.


Багийн спортоор хичээллэж байгаа тамирчид “Би гэхээсээ илүү баг” гэсэн сэтгэлзүйтэй байх ёстой. Тэр л чанарыг нэг номерт суулгах ёстой учраас өөрийнхөө төлөө, өөрийнхөө амжилтын төлөө, өөрийнхөө карьерын төлөө сагсан бөмбөг тоглох бус талбайд тоглож буй байгаа багийнхаа төлөө, баг хамт олныхоо төлөө, бусад найз нөхдөдөө итгэдэг байх нь чухал.
Тэр дамжуулалт өгч байгаа, бие бие рүүгээ дамжуулж буй байдал, дамжуулалт чинь өөрөө нэг нэгэндээ итгэх итгэлийг төрүүлж байгаа. Тэгэхээр энэ чинь маш нарийн философитой л доо. Тийм учраас юуг судлах ёстой, ур чадварын хувьд харилцан адилгүй хүүхдүүдийг бэлтгэж, нэг түвшинд байгаа тамирчдыг нөхөж авчрахын тулд тусгайлан бэлтгэл хийлгэдэг.


-Дасгалжуулагчийн замналд ажиллаж эхэлснээс хойш олон ч шавь нарыг бэлтгэн төрүүлж яваа болов уу?
-Миний хувьд сагсан бөмбөгийн спортод гар бие оролцоод 40 орчим жил болж байна. Энэ хугацаанд алдаж, онож буй бас сайжирч байгаа янз бүрийн л зүйлүүд бий. Тэгэхдээ зорилгодоо хүрэхийн тулд тууштай ажиллана гэж бодож байгаа.


“Этүгэн” клубээс “Оюутны тэтгэлэгт” хөтөлбөрийг 10 дахь жилдээ зарлаж буй
-Ирээдүйд шилдэг тамирчин болох эхлэлийг танай сургууль, клубээс маш сайн тавьдаг гэж харж байна. Хамгийн гол нь тамирчин оюутны сургалтын тэтгэлэг гэхээр яг ямар зорилгоор хэрхэн эзэндээ хүрдэг вэ?
-Манай сургуулийн удирдлагууд сагсан бөмбөгийн спортыг маш сайн дэмждэг. 2017 оноос миний бие “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр” гэдгийг анх санаачлаад, 10 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна.
Нэг жилдээ 130 орчим сая төгрөгийн сургалтын төлбөрийн тэтгэлэг олгодог. Энэ хүрээнд 75-100 хүүхэд нэг жилд хамрагддаг. Үүний үр дүнд олон ч сагсан бөмбөгийн тамирчин хүүхдүүд амьдралтай, боломжийн хэмжээнд явж байна. Сүүлийн 5 бид нар хагас болон бүтэн өнчин хүүхдүүдэд тэтгэлэг олгох, мөн “Авьяастны эрэлд” гэдэг хөтөлбөр санаачлаад нийслэл болон дүүргүүдэд зохион байгуулан, хэрэгжүүлж байна.


-Тамирчны сахилга бат ямар байх ёстой вэ?
-Тамирчны сахилга бат ерөөсөө цаг барилтаас л эхэлнэ. Бэлтгэлийн зааланд эхлэхээс өмнө ирээд, өөрийгөө биеэ бэлдэх ёстой. Тэгээд энэ нь өөрөө тамирчин болох хамгийн эхний сахилга бат.
Мэдээж сагсан бөмбөгийн спорт нь өөрөө маш том агуулгатай. Энэ спортоор дамжуулаад нийгэмд нэгч гэсэн зөв иргэнийг, эерэг төлөвшил, харьцаа хандлагатай хүнийг бэлтгэх юмсан гэж хөдөлмөрлөж явна даа.
Энэ нь өөрөө Монгол Улсын ирээдүйн хөгжилд нэг ч гэсэн зөв үлгэр дуурайлал болох болов уу гэдэг чиглэлээр ажилладаг.


Сагсан бөмбөгийн хамгийн чухал нь “шийдвэр гаргалт”
-Сагсан бөмбөгийг ухаанаар тоглох уу, ур чадвар, туршлагаар уу?
-Ер нь бол сагсан бөмбөгт хамгийн чухал нь шийдвэр гаргалт. Сагсан бөмбөгийн тоглогч талбай дээр 0,5 секунд хүртэлх хугацаанд шийдвэр гаргах ёстой. Тэр шийдвэр нь маш оновчтой зөв шийдвэр байх хэрэгтэй. Тэр л чадварыг суулгаж өгөх ёстой. Ур чадвар, бэлтгэл, туршлага гээд бүх чадварууд хэрэгтэй боловч яг тэрнийхээ эцсийн дүндээ шийдвэр гаргалтаа зөв гаргаж шийдэх үү, орох уу, дамжуулах уу гэдэг нь маш чухал.


-Багийн спортод мэргэжлийн дасгалжуулагч яг ямар байх ёстой вэ?
-Монголын сагсан бөмбөгийн дасгалжуулагчдын холбоог үүсгэн байгуулаад уг холбооны тэргүүнээр ажиллаж байгаа. Хоёр жилийн өмнөөс МСБХ-ноос нэгдсэн нэг байдалд ороод сагсан бөмбөгийн хөгжил маш хурдацтай явагдах, түлхэц, том гараа эхэлсэн.
Хамгийн гол нь Монгол дасгалжуулагч нарт итгэх итгэл бага байгаа. Гэхдээ өнөөдөр цаг хугацааны аясаар монгол дасгалжуулагч нар сайжирна, цааш цаашдаа үнэлэмж нь өснө гэж харж байгаа. Дасгалжуулагч нарыг мэргэжлийн болгох тал руугаа жил бүр тасралтгүй энэ сургалтуудыг явуулаад Монголын сагсан бөмбөгийн дасгалжуулагчдыг хөгжүүлэх энэ ажлаа үргэлжлүүлж явна бодож байгаа. Мөн МСБХ-ноос бол Көүч клиник гээд хөтөлбөрийг Улаанбаатар хотын 6 дүүрэг, орон нутгуудаас Сүхбаатар, Өмнөговь, Архангай зэрэг аймгуудаар сургалтуудаа явуулж буй. Сургалтыг Монгол Улсын шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Грек мэргэжилтэн Василис Фрагкиас удирдан явуулж байгаа.


-Багш дасгалжуулагч хүний хамгийн гоё сайхан, эерэг дурсамжтай мөчүүдээсээ хуваалцана уу?
-Багш хүн, дасгалжуулагч хүний хамгийн аз жаргалтай мөч шавь нар, тамирчин маань амжилтад хүрээд өөрийнхөө хүссэндээ хүрч байгаа тэр цаг мөчийг харах нь хамгийн сайхан, хамгийн аз жаргалтай байдаг.


Дасгалжуулагч хүний хамгийн том аз жаргал нь шавь нараа өдрөөс өдөрт өсөж,
дэвжиж буйг харах нь маш сайхан мэдрэмж төрүүлдэг
Сагсан бөмбөгийн спортоос авч буй хамгийн том аз жаргал, хамгийн сайхан нь энэ зааланд бэлтгэл хийж байгаа хүүхдүүд өдрөөс өдөрт сайжраад, дараа нь сайн тамирчин болоод заалны гадна гараад хүмүүстэй харьцаж байгаа, өөрийгөө илэрхийлж байгаа, биеэ авч яваа байдал нь багштайгаа сайн ярилцаж чаддаг болдог. Энэ нь өөрөө маш сайхан мэдрэмжийг төрүүлдэг.


-Цаашдаа таны зорьж буй ажлын төлөвлөгөөг сонирхвол?
-Би сагсан бөмбөгийн спортод өөрийгөө маш их өртэй хүн гэж боддог. Өөрийнхөө ажиллаж байх хугацаандаа л энэ залуу насан дээрээ л чадах бүхнээ хийе гэж бодож байгаа. Мэдээж бүх зүйл цагтай, хугацаатай.
Сагсан бөмбөгийн спортоор дамжуулан Монгол Улсад нэг ч гэсэн зөв иргэнийг, нэг ч гэсэн зөв хүнийг бэлтгэхсэн хэмээн төдийгөө өдий хүртэл зорьж, ажиллаж, хөдөлмөрлөж байна даа.
Ярилцсанд баярлалаа.


“Оргилд хүрэх зам” нэвтрүүлгийг БҮТЭН ҮЗЭХ ЛИНК:






