
Сүүлийн үед цахим орчинд Өмнөговь аймгаас хоолны хордлогод орсон 400 уурхайчдын 80 хувь нь бэлгийн замын халдварт өвчинтэй байна гэх мэдээлэл тархсан. Үүнтэй холбоотойгоор дан ганц уурхайчид ч биш тээврийн жолооч нар хүртэл энэ шуурганд өртөөд амжсан юм. Иймээс манай сурвалжлах баг бодит байдал ямар байгааг сурвалжлахаар Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших Цагаан хад хэмээх газар очив.

Улаанбаатараас Өмнөговь явах зам дэгэн, догон. Зам засварын ажил хийгдээд шороон замаар нэлээдгүй хугацааг туулан зорьсон газраа очиход тоос, шороо бужигнасан хаана юу байгаа нь үл мэдэгдэх газар байв. Бэлгийн замын халдварт өвчинтэй холбоотой мэдээлэл учир тээврийн жолоочид яриа өгөх болов уу гэсэн айдас төрж байв. Гэтэл нэг тээвэрчинтэй уулзаж зорилгоо хэлэхэд ихэд уриалгахан хүлээн авч өөр бусад тээвэрчдээ ч мөн холбож өгөв. Ийнхүү тэдний дунд тус өвчинтэй холбоотой ямар яриа байдаг үнэхээр холоос сураг сонссон үлгэрийн гэмээр зүйл байдгийг тодрууллаа.


Би энд 10 гаруй жил ажиллаж байна. Өмнө нь машины цонхыг нь тогшоод биеэ үнэлэгчид ордог гэх яриаг сонсож байсан. Олны дунд тийм хүмүүс байх л байх. Гэхдээ ихэнх нь амьдралын төлөө хэд гурван төгрөг олоод цааш нь гэр бүл үр хүүхдэдээ зориулж байгаа. Тийм өвчин аваад замбараагүйтээд явах хүн одоо манай тээвэрчид дунд байхгүй байх. Энд чинь хэдэн тогооч настай эмэгтэйчүүдээс өөр хэдэн эмэгтэй жолоочид бий. Тэглээ гээд тэр бүхэнтэй элдэв янз болоод явах хүн байхгүй.


Миний хувьд энд гэр бүлээрээ ажилладаг. Тиймээс бусад хүмүүс хувийн асуудлаа хэрхэн зохицуулж байгааг сайн мэдэхгүй. Энэ бол хувь хүний асуудал учраас нийгэм даяараа олонхоор хамруулж хэн нэгнийг ялгаварлан гадуурхахгүй байх хэрэгтэй. Хэрэв тийм өвчтэй хүн байдаг бол хүссэндээ хүрээгүй л байх.


Би энд 3 жил ажиллаж байна. Одоо болтол энд биеэ үнэлэгч байдаг гэдэгт итгэдэггүй. Энд байгаа хүмүүсийг машинаа тавьчхаад буцаж явааг нь хараад үзээрэй. Халтайсан, тоос шороондоо дарагдсан, ядарч унах дөхсөн хүмүүс л байгаа шүү дээ. Ямар заваараа ер нь тийм зүйл хийгээд явах вэ дээ. Энд кемп болгон эмчтэй. Дотроо эмийн сантай. Хэрэв үнэхээр л биднээс тийм өвчин илрэхээр бол шинжилгээ өгөөд л мэдэгдэнэ шүү дээ. Гэтэл энд байгаа хүмүүс чинь бөөр, нуруу, тоосны харшил гэх мэт өвчнөөр л их өвдөж байгаа юм. Чинь. Гэр бүлийнхэн нь ч бас энд ажиллаж байгаа хань ижлээ битгий хардаж зовоогоорой. Яг бодит нөхцөл байдал шал өөр шүү.


Ер нь бэлгэвч авах чадваргүй биеэ үнэлэгч аваад явдаг хүн байхгүй байх. Хүмүүс утасны араас элдэв янзын юм бичээд муулаад сууж байхын оронд энд ирээд ажиллаад үз. Үнэхээр тийм цаг зав, эрч хүч байх уу гээд. Огт нөхцөл байдлыг мэдэхгүй байж нутаг, ус, ажил мэргэжлээр нь шүүмжлэх нь буруу. Тиймэрхүү зүйл энд мөрөөрөө ажлаа хийж байгаа хүмүүст мөн ар гэрийнхэнд нь ч асуудал үүсгэдэг шүү. Амьдралын төлөө явж байгаа эдгээр хүмүүсийг битгий хэцүү байдалд оруулаарай.
Манай сурвалжлах баг нас болоод ажилласан жилийн туршлагаас эх сурвалжийн тэнцүү байдлыг хадгалан асуусны үндсэн дээр иймэрхүү хариулт авав. Ер нь бэлгийн замын халдварт өвчнөөс илүүтэйгээр түүнийг дагасан ялгаварлан гадуурхалт хүмүүст хамгийн их дарамт болдог байна. Энэ өвчинтэй нэр холбогдсон тээврийн жолоочдоос бодит нөхцөл байдлын талаар буулган хүргэв.
Та бүхэн өөрийн хүслээр нэгийг бодож, хоёрыг тунгаана биз ээ.






