
Эхлээд ой санамжаа сэргээе:
Нэгэн хүүг цэрэгт явсных нь дараа гэрийнх нь зургаан хүн угаартсаны улмаас нас барсан хэрэг өнгөрөгч оны нэгдүгээр сарын 23-24-нийг шилжих шөнө гарч байлаа. Энэ бол зөвхөн нэг жишээ.
Албан бус тоогоор угаарын хийгээр 17300 хүн угаартсанаас 743 хүн нас барсан гэх тоо байна. Нас барсан хүний тоо бараг л байлдаантай үе буюу Халх голд амь үрэгдсэн Монгол цэргийн тоотой тэнцүү байгааг харж болно.
Энэ тооноос гадна утааны нөлөөгөөр өвчилсөн, эрүүл мэндээ алдсан иргэд гээд бодоод үзвэл хэдэн мянгаараа тоологдоно. Уг нь утааг бууруулна хэмээн түүхий нүүрсийг зогсоосон боловч орлуулсан шахмал түлш нь ийнхүү балаг тарьчихсан.
Учир ийм:
Атал 2025 он буюу энэ жил сайжруулсан шахмал түлштэйгээ хамт, коксон нүүрс зэрэг худалдаанд гаргах боллоо. Нарийндаа 40 орчим мянган тонн мидлинг буюу сайжруулсан шахмал түлшийг БНХАУ-аас импортоор оруулж ирж байгаа 306 мянган тонн хагас коксон шахмал түлшийг 400 борлуулалтын цэгээр худалдаалахаар болсон.
Одоогоор сайжруулсан шахмал түлш нь худалдаалагдаж буй. Гэтэл өнгөрсөн амралтын өдөр 100 гаруй угаарын дуудлага ирж нэг иргэн нас барсан. Энэ талаар холбогдох албаны хүн буюу НЗД-ын орлогч А.Амартүвшин “Нас барсан иргэн галаа бүрэн унтраагүй байхад яндангаа аваад өрхөө бүтээсэн байсан” гэсэн мэдээллийг өгсөн билээ.
Үүнд л иргэд бухимдалтай байна. Уг нь бол хагас коксон шахмал түлшний борлуулалт аравдугаар сарын 1-нээс эхлэх бөгөөд нэг шуудай нь 5000 төгрөгөөр худалдаалагдах юм билээ. Төр засгаас энэхүү коксон нүүрсэнд хамаг хувь заяагаа “бэтэлчихсэн” байгаа юм.
ТЭДНИЙ ЯРЬЖ БУЙГААР ХАГАС КОКСОН НҮҮРС ТҮЛСНЭЭР АГААРЫН БОХИРДОЛ 45-50 ХУВЬ БУУРНА ГЭХ
Тухайлбал НЗД-ын орлогч А.Амартүвшин хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Хагас коксон түлшний хүхэрлэг хийн хэмжээ сайжруулсан түлшнийхээс 89.2 хувиар бага байна. Мөн азотын исэл 72.6 хувиар, угаарын хий 24.5 хувиар, нарийн ширхэгт тоосонцрын хэмжээ 68 хувиар бага байгаа юм.
Хагас коксон түлш түлснээр агаарын бохирдол 45-50 хувь хүртэл буурна. Хагас коксон түлш нь сайжруулсан түлшнээс илүү удаан хугацаанд илчээ барьдаг. 2024-2025 оны өвөл 87 мянган тонн түүхий нүүрс хэрэглэсэн. Энэ нь 300 мянган тонн хагас коксон түлш хэрэглэсэнтэй тэнцэхүйц агаарын бохирдол үүсгэж байсан” гэсэн байгаа юм.
Ямартай ч агаарын бохирдол 50 хүртэлх хувиар буурах нь ээ гэж ойлгож болох нь. Гол нь иргэд угаартах уу гэсэн асуудал яригдсангүй. Энэ талаар бид Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвийн инженер П.Анхбаяраас тодруулахад “Хагас коксожсон нүүрс худалдаанд гаргаагүй.
Иргэд утаа мэдрэгчээ авдартаа хийлгүй асааж хэвших, өрхөө бүтээхгүй байх хэрэгтэй байна. Хоёрдугаарт туршилт хийхэд одоо худалдаанд гарах хагас коксожсон нүүрс хамаагүй хор багатай байсан” гэдгийг хэлсэн.
Тэгэхээр тэдний хэлж буйгаар нэгдүгээрт иргэд утаа мэдрэгчээ байнга асааж байх нь амь нас эрүүл мэндээ хамгаалж буй нэг хэрэг болох нь ээ.
Хоёрдугаарт өрхөө бүтээхгүй, яндангаа цаг тухайд нь хөөлж байх нь чухал болж таарч байгаа юм. Ямартай ч хүн амь насаа алдана гэж муу ёрлохгүй ч болзошгүй эрсдэлээс өөрөө өөрийнхөө амь насыг хамгаалахгүй бол төрийн олон ааш, оновчгүй бодлого шийдвэрт итгэхэд тун бэрх өвөл болж хувирах аж.






