
Багш нар цалингаа нэмүүлэхийг шаардан төв талбайд жагсаж байна. Тодруулан хэлбэл, Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос улс орон даяар тайван жагсаал, цуглаан зохион байгуулж байгаа аж.
Уг жагсаалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат “Үйлдвэрчний эвлэлийн байгууллагын төлөөлөлтэй уулзаж, санал санаачилгыг нь авсан. Төсөвт тодорхой саналуудыг нь өгсөн. Салбарынх нь сайдтай уулзсан. Гэхдээ тавиад байгаа шаардлага болон төсөв хол зөрүүтэй байна. Багш нарын үндсэн дундаж цалин 1 сая 400 мянган төгрөг байна. Багш нарын тавьж байгаа шаардлага бол үндсэн цалинг 3.5 сая төгрөг болгох. Ирэх жил багшийн цалинг 2 сая 400 мянга руу авчрах, түүний дараа жил нь 3 сая, дараа жил нь 3.5 саяд хүргэх хэрэгтэй. Ингэвэл энэ салбарт байгаа хүний нөөц тогтох, багшийн дутагдал ч шийдэгдэнэ. Тэгэхээр Сангийн яам хойшлуулж болох зарим барилга, зарим хөрөнгө оруулалтуудыг ирэх жилдээ хойш нь тавья. Тэгээд багш нарын цалин хөлсөнд анхааръя гэсэн бодлоготой байхгүй бол салбараа орхих уу яах уу гэдэг дээрээ “тулчихсан” байна. Багш нарын жагсаал дээр очиж, байр сууриа илэрхийлнэ” хэмээв.






