
Дашидаг Солонгосын номер нэг амтлагч л гэдэг юм. Гэхдээ солонгосчууд нь өөрсдөө тэгтэл их хэрэглэдгийг би лав мэдэхгүй.
Харин манайд бол БНХАУ-аас импортоор орж ирдэг л нэг амтлагч. Иргэдийн ихэнх нь хоолондоо хийнэ. Тэгсэн хэр нь дунд эргэм насны хүмүүс буюу аав ээжүүд маань хортой л гэлцэнэ. Хортой гэдэг мөртөө л иднэ.
Ийм нэг амтлагч байдаг шүү. Ер нь амтлагч намар хоёр хоорондоо ямар ч уялдаа холбоотой юм бүү мэд. Юуг нь ч адилтгах гээд байгаа юм, бас л бүү мэд. Өнгө үү, амт уу, хортой гэх үзэл үү басын бас бүү мэд. Ямартай ч амтыг нь, өнгийг нь зүйрлэх гээд байгаа бололтой.
Монголын намар ирчихсэн өнгө амт нь мэдрэгдээд эхэлжээ. Гандаж гундаж буйг нь харахаар хортой амтлагч хоол руугаа цутгаад ч байгаа юм шиг. Хөнгөн гуниг нь баяр болдог хүмүүсийг бодохоор сайхан амт оруулах гээд хоолондоо хийгээд ч байгаа юм шиг санагдах.
Улаанбаатарын намар бол их сонин. Намар нь сонин гэхээсээ илүү хүмүүс нь сонин гэх юм уу. Цаг хугацааны шуурган дунд л уруудсан хүмүүс. Намар болж байгааг, намайг энд байгааг ч анзаарах сөхөөгүй, завгүй хүмүүс. Өглөө ажилдаа явлаа, орой ирээд хоолоо хийж идээд унтлаа. Хоолондоо дашида хийхээ мартахгүй л дээ. Даваагаас баасан гарагт ажиллаа. Бямба, нямд амарлаа. Ахиад л даваа гараг. Амьдралын ийм нэг хэв загвар нь дэндүү уйтгартай ч гэмээр. Тэгээд л нэг мэдэхэд өвгөн, эмгэн болчихсон тэтгэвэр нэмүүлэх жагсаалд оролцох болно.
Автозамын түгжрээ, аллага хядлага, алга болсон, сураг дуулсан аяа ийм л намар Улаанбаатарынх юм.
Түгжрээнд цонхоо нээх үү, сигналаа дарах уу. Уг нь нээгээд замын хажуугийн модыг харвал ч цэв цэлгэр, дүв дүрлэгэр модод бий. Унах гэж, тасрах гэж тарчилж буй тэр модны навчны хээн дээр буддагийн дүр амилж л баймаар. Анзаардаг л бол аяа тэнд хоосон чанар, мөнх бусын дуун бий шүү, бий.
Хэдхэн намар хийсээд л өнгөрнө. Хүний амьдрал дурсагдаад л өнгөрнө. Намар харин мөнхөд үргэлжилнэ.
Ийм намраар эцэг нь, эх нь тэнгэрт хальсан хүмүүсийг өрөвдөх. Хөдөөгөөс хот руу. Хотоос хөдөө рүү. Гэрийн буйр нь эдгэсэн эцгийнхээ голомтыг санаж бэтгэрэх.
Бэтгэрсэн бэтгэрлээс нь их санагалзлын бээр гоожих тийм л хүмүүсийг өрөвдөж, өр эмтрэх…
Хөдөөгийн намар ч ялгаагүй дээ. Хүйтэн салхины алгадаа өрхний оосор балбуулаад, зүрх дэлсэх шиг болдог. Өнчин өрөөсөн хүн бүү хэл, өнөр бүлээрээ суугаа улс ганцаардмаар, ганьхармаар болдог хойно.
Ирсэн зочид явж, зуссан шувууд буцаад ирэхээр энэ хорвоод төрөх үхэхийн тухай, байх, байхгүйн тухай бодол хэдэн мянгантаа эргэлдэх нь ч энүүхэнд.
Гаталж болохгүй зовлон, эдэлж болохгүй жаргал гэж байхгүй ч ийм намраар л амь тавьчих гээд байдаг юм даа.
Яана даа яана. Ийм нэгэн намрыг яаж туулна даа…






