
Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйрийн “Төр удирдах тухай” номыг монгол хэлнээ хөрвүүлэн, уншигчдын хүртээл болголоо. Тус номыг УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн дэмжлэгээр “Нэпко” ХХК-д хэвлүүлсэн бөгөөд зохиогч нээлтээ хийснээс жилийн дараа ийнхүү Монголын уншигчдын гарт хүргэж байгаа юм. “Нэпко” ХХК-ийн зүгээс УИХ-ын дарга Д.Амарбаясгалантай зөвшилцсөний үндсэн дээр ийнхүү тус номын орчуулгын зохион байгуулагчаар ажилласан байна. Номын нээлтэд “Нэпко” ХХК-ийн ТУЗ-ийн дарга, нийтлэлч Баабар буюу Б.Батбаяр, зохиолч, редактор Б.Цэнддоо нар болон төр, нийгмийн нэрт зүтгэлтнүүд, УИХ-ын гишүүд хүрэлцэн ирлээ.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан тус номыг хэвлүүлэхэд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллагчийн хувиар нээлтийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн бөгөөд номын өмнөх үгийг бичихдээ хоёр зүйлийг тодотгосноо ярьж байлаа. Тэрбээр “Нэгдүгээрт, хууль эрх зүйн орчин нэн ойлгомжтой байсан цагт ард иргэд эрх тэгш амьдрах боломж бүрддэг гэдгийг энэ номоос ойлгож болно. Монгол Улсын ес дэх удаагийн парламент 126 гишүүнтэйгээр бүрдсэн. Бидний бодлогын ажил маань хуулийн гурван төгөлдөршил буюу хүн төвтэй, эрх тэгш амьдрах боломжийг бүрдүүлсэн хуулийн орчинтой болох зорилгыг хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байна. Ийнхүү бидний дэвшүүлэн хэрэгжүүлж байгаа бодлого маань энэ номын агуулгатай нийцэж байна хэмээн дүгнэсэн. Хоёрдугаарт, цаг хугацаа болгонд төр нь ард түмэн, улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө өөр өөрсдийнхөө хүчин чармайлтыг гарган зүтгэж ирсэн байдаг. Бид өнгөрсөн цаг хугацааг буруутгах ямар ч аргагүй. Шилжилтийн цаг мөч бүхэнд бүх хүчээ сорьж байсан нь ч ойлгомжтой. Гэхдээ цаг үргэлж шинэчлэгдэж, цаг үргэлж өөрчлөгдөж байх ёстой гэдэг үзэл санааг бид тээж явсан. Энэ утгаараа үе үеийн УИХ, Засгийн газар шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэхийг зорилго болгон ажилладаг. Гэхдээ шинэчлэл гэдэг өөрөө илээд өнгөрөх төдий байх юм уу эсвэл цоо шинээр дахин бүтээхийг хэлэх юм уу гэдгийг энэ номоос харж болно” гээд өнөөдрийн бидний асуудал ч яг энэ номд өгүүлж байгаагаар төрийн институцийн хөгжил, төрдөө итгэж байгаа ард түмний итгэл хоёрын хоорондын холбоо зориг, зүрх, зүтгэл гэдэг гурван зүйл дээр яаж тогтдог юм бэ гэдгийг ч харуулж байгаа хэмээн тодотголоо.












