
Нийгмийг цочроосон ямар нэгэн хэрэг гарах бүрийд цаазын ялтай болох тухай асуудал сөхөгддөг. Тэр ч бүү хэл УИХ-д хууль баталдаг, ард түмний төлөөлөл хэмээн сууж буй гишүүд энэ талаар дугарах болжээ. Гэвчиг энэ бол маш нухацтай хандах ёстой асуудал. Хүн бүхэн өөр өөр үзэл бодолтой байж болно. Гэхдээ цаазын ялыг сэргээе гэдэг дээр нэг л байр суурьтай байхаас өөр аргагүй. Энэ нь цаазын ялыг сэргээе гэсэн бодлоо хаях. Угаас хууль эрхзүйн хувьд ч гэсэн энэ ямар ч боломжгүй зүйл юм.
“ЦААЗЫН ЯЛЫГ СЭРГЭЭВЭЛ МОНГОЛ УЛС ДЭЛХИЙД ХЭН Ч БИШ БОЛНО”
Монгол Улс 2012 онд Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын Цаазаар авах ялыг халах тухай нэмэлт хоёрдугаар протоколд нэгдэн орсноор Монгол Улс цаазын ялыг хэрэглэхгүй байх үүргийг олон улсын өмнө хүлээх болсон. Улмаар 2015 оны 12-р сард батлагдаж, 2017 оны 7 сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн. Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад цаазаар авах ялыг ялын төрлөөс албан ёсоор хассан. Мэдээж хүмүүнлэг энэрэнгүй байхаас гадна бид олон улсын өмнө үүрэг хүлээсэн учраас янз бүрийн төсөл хөтөлбөрүүдэд хамрагдах боломжгүй болно гэсэн үг. Тэгэхээр энэ асуудал хууль эрхзүйн болоод аль ч түвшинд дахин сэргэх боломжгүй гэж ойлгож болно. Мөн үүн дотроо хүний үндсэн эрх болох амьд явах эрхийг төрийн зүгээс шууд зөрчиж буй хэрэг юм. Хүний эрхийн олон улсын гэрээ, конвенцүүд цаазын ялыг хориглохыг дэмждэг бөгөөд Монгол Улс эдгээрийн олонхыг соёрхон баталсан улс гэдгээрээ дахин сэргээх боломжгүй гэдгийг нэн тэргүүнд ойлгох шаардлагатай.
“ХЭЛМЭГДЭЛ БУЮУ АЛДАА ГАРВАЛ НӨХӨЖ БОЛШГҮЙ”
Шүүхийн алдаа, буруу мөрдөн байцаалт, нотлох баримтын хангалтгүй байдал зэрэг нь гэм буруугүй хүнийг цаазаар авах эрсдэлийг бий болгодог. Түүхэнд олон удаа хожим гэм буруугүй нь тогтоогдсон ч тухайн хүн аль хэдийн цаазлуулсан тохиолдлууд бий.Нарийндаа хүний амь нас нөхөж болшгүй үнэ цэнтэй зүйл гэсэн үг.
“УЛС ТӨР НИЙГМИЙН ЗОРИЛГООР АШИГЛАГДАХ ЭРСДЭЛ БИЙ БОЛНО”
Цаазын ял нь зарим үед улс төрийн зорилгоор, эсвэл олон нийтийн сэтгэл хөдлөлийг намжаах, оноо авах хэрэгсэл болж ашиглагддаг. Энэ тохиолдолд жинхэнэ гэм буруутныг биш хэн нэгэн энгийн хүн хэлмэгдэх магадлалтай.
“ГЭМТ ХЭРЭГ БУУРАХ БАТАЛГАА БАЙХГҮЙ”
Цаазын ялтай байсан олон оронд хүчирхийлэл, хүн амины хэрэг огт багасаагүй гэсэн мэдээлэл байна. Судалгаагаар цаазын ял нь гэмт хэргийн тоог бууруулахад үр дүнгүй болох нь батлагдсан. Гэмт хэргийг бууруулахын тулд урьдчилан сэргийлэх, боловсрол, нийгмийн тэгш бус байдлыг арилгах зэрэг үндэс суурийг нь өөрчлөх шаардлагатай. Мөн цаашилбал цаазын ял бол төрийн зохион байгуулалттай, хуульчилсан хүчирхийлэл юм. Хүн амины хэрэг хийсэн этгээдийг амийг нь авч шийтгэнэ гэдэг нь хариу хүчирхийлэл хэрэглэхтэй адил бөгөөд энэ нь ёс суртахууны хувьд маргаантай. Хүчирхийллийг хүчирхийллээр шийддэг тогтолцоо шударга ёсны жинхэнэ утгад нийцдэггүй.
ЭЦЭСТ НЬ: Цаазын ял нь хүний амь насыг таслан зогсоох эцсийн шийдвэр бөгөөд энэ нь нийгмийн шударга ёсыг тогтооход бус, хүний эрхийг ноцтойгоор зөрчиж, системийн алдаа гаргах эрсдэлийг улам гүнзгий болгодог. Хүчирхийллийг зогсоохын тулд хүчирхийлэл хэрэглэж болохгүй. Монгол Улс хүний эрхийг дээдэлдэг, хүнлэг ардчилсан нийгмийг цаашид цогцлоохын тулд цаазын ялгүй байх байр сууриа хадгалах нь зүйтэй. Тэгэхээр бид “цаазын ялтай болъё” гэсэн бодлоо цаазалж хаях нь л зүйтэй байх нь ээ.
Ташрамд дурдахад та хэрвээ цаазын ялын тухай маш ойлгомжтой байдлаар үзье, ойлголт авъя гэвэл: The Green Mile (1999) киног үзнэ үү






