
Өвөл айсуй. Өвөлд бэлэн үү. “Тэдэн хүн угаартаж нас барлаа” гэдэг мэдээ уншсаар, байх ёстой юм шиг л ойлгож, дөжирчээ. Энэ өвөл ийм мэдээ сонсохгүй, уншихгүйн тулд энэхүү сурвалжилгыг бид бэлтгэж байна. Нийслэл хотод маань 200 мянга орчим яндан байна. Айлуудын янданг дуудлагаар очиж, үнэгүй хөөлж өгдөг засварчид байдаг юм байна. Тэдний ажлын нэг өдөртэй танилцангаа та бүхэнд хэрэг болохуйц мэдээлэл хүргэхийг зорилоо.
Өглөөний 09.00 цаг. “Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв”-ийн байранд очвол тэд хэдий нь ажилдаа иржээ. Операторууд дуудлага авч, дэлгэц дээр айлуудын угаар мэдрэгчийг хянана. Айл өрхүүдээс ирсэн дуудлагын дагуу засварчид хоёр, хоёроороо баг болж, яндан хөөлөхөөр ажилдаа гарцгаах нь тэр. Бид засварчин Б.Шаравдорж, П.Цэндбаяр нартай хамт Сонгинохайрхан дүүрэг рүү хуваарилагдав. Тус дүүргийн найман айлаас дуудлага иржээ. Хоёул таван жил энэ ажлаа хийж буй гэнэ.
Нэг нь машинаа барьж, нэг нь очиж байгаа айл руугаа утсаар ярина. “Тэр дэлгүүрийн яг хаана вэ, эндээс хаашаа зам салах вэ” гээд асууж байна. Уулын орой дээрээс хараад зогсож байгаа аятай утасны цаанаас “Наашаа яв, наашаа яв” хэмээн зам заана. Ийнхүү бидний өглөө инээдээр дүүрэн эхэллээ.
Бид явсаар эхний айлдаа ирлээ. Юун түрүүнд дотогш орж пийшин, зуухыг нь хардаг аж. Тэгээд нэг нь дээвэр дээр гарч, урдаа арзгартай уртуу төмөр хийж яндан хөөлж гарлаа. Зориулалтын гутал өмсөөгүй би бол гулгаж унахаар. Тиймдээ ч үүдний амбаарын дээвэр дээрээс цааш явж зүрхэлсэнгүй.”Яаж өдөр болгон ийм шовх юм руу гардаг байна аа” хэмээн халаглатал засварчин П.Цэндбаяр “Энэ харин ч намхан байна. Үүнээс ч өндөр, шовх оройтой байшин руу гарахад хөл салгалдаг шүү” хэмээн ярих нь тэр. Тэд арзгар ултай зориулалтын гутал өмсдөг тулдаа өдөр бүр байшингийн дээвэр рүү зүглэдэг гэнэ.

Ийн яндангаа хөөлж дуусаад, дотогш орж пийшингээс хөөг авч шуудайлна. Хаа, хамаагүй газар нь цоолоод хөөгөө авчихдаггүй аж. Ямар пийшин гэдгээс хамаардаг гэнэ. Алхаар цөөлөн цохиж цоолоод хөөгөө авч өнөөхөө буцаагаад битүүлж өгдөг юм байна. Дуудлага өгсөн айл тоосго, шар шавар бэлдсэн байх шаардлагатай гэнэ. Шар шавар олдохгүй бол хар замаск байж болдог аж. Тэд “Хамгийн муу, стандартын бус баригдсан пийшинг гурван сарын дотор хөөлөх хэрэгтэй” хэмээн ярьж байлаа.
-Ханан пийшингээ хөөгөөр дүүрэн байгааг хэрхэн мэдэх вэ?
-Галаа түлчихсэн хойноо пийшин дээрээ очоод гараа бариад үзэх хэрэгтэй. Хөө дүүрчихсэн байвал хойд талын хэсгээрээ халахгүй. Ер нь бол таталт сайтай зуухны таг улаан зэвтэй байдаг. Зуух, пийшингийн тань дээд талын таг хар байх юм бол хөөлөх болжээ гэсэн үг.
-“Яндангаа хөөлүүлье” гэсэн дуудлага бүрт очих боломжтой юу?
-Дүүрэг бүр рүү засварчин явдаг. Гэхдээ ихэвчлэн өөрсдөө гарч яндангаа хөөлж чадахгүй хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настай хүмүүст очиж үйлчилдэг.
-Ханан пийшин нь бага зэрэг цуурчихсан, угаар алдах эрсдэлтэй байгаа айлуудад ямар зөвлөгөө өгөх вэ?
-Хар замаск, шар шавраар битүүлэх хэрэгтэй. Бас элс, цементээр битүүлж болно. Гэхдээ элс, цементээр битүүлчихээр нэг эрсдэлтэй тал бий. Хөөг нь авах гэж цохихоор ханан пийшинд доргилт өгөөд байдаг талтай. Тэгэхээр ханан пийшингээ шалгаад угаар алдах эрсдэлтэй газруудаа нэн тэргүүнд битүүлэх хэрэгтэй. Бүр өөрсдөө чадахгүй бол 70119410 дугаар руу залгаж дуудлага өгөөд яндангаа хөөлүүлэх хэрэгтэй.


-Угаар мэдрэгчийг айл бүрд асааж тохируулаад, Wi-fe суулгаад өгдөг. Унтрааж л болохгүй. Угаар мэдрэгчээ хананд тогтоовол угаартсаны дараа л дугарна. Цонхны хажууд, агаар ихтэй газар тавивал бас угаартсаны дараа дугарна. Өндөр газар, таазандаа байршуулах нь зөв.
-Шөнө айлын угаар мэдрэгч дугарвал хэрхэх вэ?
-Манай операторууд 24 цагаар дэлгэц дээр хянаж байдаг болохоор угаар мэдрэгч нь дугарвал операторууд тухайн айлын бүртгэлтэй дугаар руу залгана. Тухайн айл утсаа авахгүй бол хяналтын ажилтан руу ярина.“Тэр айлыг очиж шалгаарай. Утсаа авахгүй байна. Утас нь холбогдохгүй байна” гээд ярьдаг. Хяналтын ажилтан дуудлагын дагуу тухайн айлыг очиж шалгадаг.


-Зарим айл руу орохоор яндангаас нь хар юм урсчихсан байдаг даа. Буруу галлаад байна гэсэн үг. Өглөө галлахаасаа өмнө эхлээд зуухандаа цаас шатаах ёстой. Тэгж яндан болон пийшингийнхээ жаврыг хөөж гаргах хэрэгтэй. Тэрийг л зөв галлагаа гэнэ.
Ийнхүү тэд тухайн айлын янданг хөөлж дуусаад, таталтыг нь шалгаж үзэв. Цаас шатаан зуухныхаа аман дээр барихад галынх нь дөл цаашаа яндан руу явж байвал таталт нь хэвийн байна гэсэн үг аж. Ажлаа дууссан хоёр маань гарахдаа гэрийн эзэнд “Танай ханан пийшингийн дээд яндан их хөдөлгөөнтэй байна. Тойруулж шавардуулаад хөдөлгөөнгүй болгомоор байна. Тэгэхгүй бол салхинд хугарах, унах, гал алдах эрсдэлтэй” хэмээгээд угаар мэдрэгчийг нь тогтоож өгөөд дараагийн дуудлага руу явлаа.
-Та хоёр өдрийнхөө цайнд хэд гээд ордог вэ?
-Зав гарвал орно доо. Зарим айл хоол хийчихсэн хүлээж байдаг.
-Дуудлагаар очтол таньдаг айл байх тохиолдол байх уу?
– Б.Шаравдорж: Нэлээд хэд бий шүү. “Чи юу хийж яваа юм. Чи энд ажилладаг юм уу. Чи чинь харин гоё ажил хийдэг юм байна шүү дээ” гэнэ. Ангийнхаа багштай хүртэл таарч байсан. Ажлаа жаргаж хийдэг болохоор ядрахыг мэддэггүй ээ. Хүн болгоныг дулаан, халуун байлгана гэдэг чинь гоё шүү дээ.
-Дуудлагууд нь хол, хол байвал яах уу. Ер нь яг цагтаа тарж амжих уу?
-Түгжрэл ихтэй үед хүмүүс рүүгээ яриад “Галаа битгий түлээрэй” гэнэ. Алхах тохиолдол ч бишгүй. Мухар гудам, өгсүүр машин гарахгүй газарт бол тэгээд л юмаа бариад алхана даа. Өвөл өгсүүр, уул өөдөө алхах ч чанга шүү. Харин ажлын цагийн тухайд одоо зуны хуваариар ажиллаж байна. Өглөө 07.00 цагаас орой 17.00 цаг хүртэл ажилладаг. Түгжрэлээс хамаарна. Бас айлын ханан пийшин хөөлж байгаад ажлын цаг дуусчихлаа, харилаа гээд хаяад явж болохгүй. Тэгээд л заавал дуусгаад явна шүү дээ.








