
Танилц энэ бол Limit king. “Хөрөг” нэвтрүүлэг энэ удаагийн дугаартаа реппер Limit king буюу Б.Эрхэмбаярыг урилаа.
Би Улаанбаатарт төрж, өссөн. Их сахилгагүй хүүхэд байсан. Сургууль руугаа хүүхдүүд дүрэмт хувцас, ботинк өмсөж явдаг байхад би харин пүүз, уралдааны мотоциклынхоо хувцаснаас өмсөж явах дуртай. Дуртай гэхээс илүү надад тухтай байсан. Урлагийн үзлэгээр бүжиглэнэ, жүжиглэнэ, дуулна. Шүлэг уншихаас бусдыг нь хийдэг байлаа. 13 настайдаа Limit гэсэн шивээс гаран дээрээ хийлгэсэн. Түүнээс хойш олон ч шивээс хийлгэсэн. Эхнэр, хүүхдүүдийн маань нэр толгой дээр бий. Ядарч, ядарч гэртээ орох л хамгийн гоё байдаг. Хамгийн үнэтэй цаг хугацаа минь.
Миний бодлоор сайн амьдарна гэдэг нь худлаа ярьдаггүй, хулгай хийхгүй бусдад гай болохгүй байхын л нэр байх. Нэг амьдарч байж муу муухай амьдармааргүй байна. Муу явахыг хүн болгон чадна шүү дээ. Тэгэхээр гэр бүлийнхээ, өөрийнхөө сайн сайхны төлөө л хичээж байна.
Ямар ч байсан бодож байсан юмнуудаа эхнээс нь гүйцээгээд л… Эхнэртээ зориулж хийнэ гэсэн дуугаа хийлээ. Ээждээ зориулж хийнэ гэж бодсон дуугаа ч хийсэн.
Эхнэр бид хоёр өчнөөн л юм хийж үзэж байна. Караоке, шивээсний салон, маникюр, педикюрийн салон, хувцасны дэлгүүр, гоо сайхан гээд бүгдийг нь л хийж үзсэн. Өөр шигээ шивээстэй, нийгэмд ад үзэгдээд, ажил олдохгүй байгаа залуусыг ажиллуулъя гэж боддог байсан. Ажиллуулж ч үзсэн. Хүний итгэл даадаггүй, цагтаа ирдэггүй, ажлаа дутуу хийдэггүй, мөнгө аваад алга болдог ч юм уу иймэрхүү асуудал маш их тулгарсан. Тэгээд за, ер нь больё гэж бодсон. Шантарсан. Бүх юмаа зарсан. Одоо бид хоёр гоо сайхныхаа дэлгүүрийг л ажиллуулж байгаа. Ер нь юм хийх гээд зүтгээд байхад нэг бол түрээс нь нэмэгдчихнэ. Нөгөө бол ирж байгаа бараа болгоныг нь хураачихна. Энэ бол Монголд болж байгаа номер нэг новшийн асуудал.
Хүмүүс минь ээ, нэгнийгээ хайрладаг л байгаарай. Бүгд л асуудалтай амьдарч байгаа.

Амьдрал юм хойно хааяа гэрээсээ “хэцүү” гарна. Тэгэхэд байрны гадаа тоглож байгаа хүүхдүүд “Сайн уу Лимит ах аа” гэнэ. Салхилаад сууж байгаа эмээ, өвөө, дэлгүүрийн худалдагч гээд ер нь манай байрныхан бүгд “Сайн уу” гээд мэндэлдэг. Мэндлээгүйтэй нь би өөрөө мэндэлчихдэг юм. “Сайн уу” гэдэг үгнээс их цэнэг авдаг даа. Урам зориг өгдөг. Тэгэхээр магад миний хэлэх дуртай үг “Сайн байна уу” байх.
Гэр бүлээрээ гадагшаа явж амьдрахаар шийдээд, ярилцлага өгөхдөө хэлсэн л дээ. Түүнээс хойш өчнөөн хүн “Монголдоо юмаа хийгээрэй” гэж их урам зориг өгсөн л дөө. Бодож л байна…
Наадмын нээлтээр дуулчих юм сан гэх амбиц үгүй ээ. Харин гадаадын том фестивалиуд дээр л дуулах “шунал” байна. Саяхан өөрийгөө “эвдэж”, кинонд тоглосон. Бараг хоёр сар унтаагүй. Хүйтэнд газар хэвтэж, цонхоор харайн газар ч унаж, халаалтгүй байранд зодоон хийгээд л… Би ер нь гэр амьтай хүн гэх юм уу. Даарч чаддаггүй хүн. Харин энэ кино бол миний тэвчээрийг эвдсэн. Миний хийгээд байдаг юм юу ч биш байсан юм байна гэдгийг надад ойлгуулж өгсөн. Есдүгээр сарын 5-нд “RHYME” киногоор уулзацгаая.






