
“Оюу толгой” компани ирээдүйг бүтээгч залуусын боловсрол, хөгжилд чиглэсэн олон талт хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. Үүнд дотоод, гадаадын сургалтын тэтгэлэг, “Шинэ төгсөгчийн хөгжлийн хөтөлбөр”, “Залуусын хөгжлийн хөтөлбөр” зэрэг чадавхжуулах хөтөлбөрүүд багтдаг.
2025 оны Шинэ төгсөгчийн хөгжлийн хөтөлбөрт нийт 900 гаруй материал ирснээс 18 чиглэлээр 28 мэргэжилтэн шалгарч, Оюу толгойд ажиллах саналаа хүлээн авлаа.
Уг хөтөлбөрт хамрагдсанаар шинэ төгсөгчид маань уг хоёр жилийн хугацаанд мэргэжлийн болон техникийн ур чадвараа хөгжүүлэхийн зэрэгцээ сонирхсон баг, хэлтэстээ ажиллаж, туршлагатай мэргэжилтнүүд, ментор, коүчүүдээс зөвлөгөө авч, ажлын чиг баримжаагаа тодорхойлох боломжтой болдог. Энэ жилийн оролцогчдыг оруулаад 2011 оноос хойш нийт 261 төгсөгч тус хөтөлбөрт хамрагдан, ажлын гараагаа Оюу толгойд эхлүүлээд байна.
Сургуулийн орчны замын аюулгүй байдлыг сайжрууллаа
Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сангаас Ханбогд сумын Замын цагдаагийн албаны зөвлөмж, зааварчилгааны дагуу 2 дугаар сургуулийн баруун талын замд хурд сааруулагчийг 2025-2026 оны хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө амжилттай суурилууллаа.
Энэхүү ажлын үр дүнд сургуулийн орчмын замын хөдөлгөөний аюулгүй байдал сайжирч, сурагчид болон хүүхдүүдийн тайван, аюулгүй зорчих нөхцөл бүрдэж байна.
“Оюу толгой” компани Хурдасгуур сангаараа дамжуулан Ханбогд сумыг аюулгүй, гэр бүлд ээлтэй, тогтвортой хөгжил бүхий орчин үеийн суурин болгон хөгжүүлэх зорилгоор сумын удирдлагууд болон иргэдтэй нягт хамтран ажиллаж байна.
Зургийг Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сангийн Фэйсбүүк хуудаснаас
“Алтан Элс – Элсэн Манхны Баяр 2025” Өмнөговьд амжилттай зохион байгуулагдлаа
Өмнөговь аймгийн есөн гайхамшгийн нэг болох Хонгорын элс, Дуут манхны бэлд “Алтан Элс – Элсэн Манхны Баяр 2025” арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү баярын үеэр элсэн манхны оргил булаалдах тэмцээн, гар бөмбөг, автомашины кросс зэрэг спортын олон төрлийн тэмцээн уралдаан төдийгүй үндэсний спортын төрөл болох хүчит бөхийн барилдаан, сур харваа, шагайн харваа, хурдан морины уралдаан зэрэг тэмцээнүүд зохион байгуулагдсан юм.
“Оюу толгой” компани Говийн оюу хөгжлийг дэмжих сангаараа дамжуулан уг арга хэмжээнд 30 сая төгрөгийн хандив олгож, орон нутгийн аялал жуулчлал, соёлын өвийг дэмжихэд хувь нэмрээ орууллаа.
Долоо дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү баяр нь байгалийн өвөрмөц тогтоц, үзэсгэлэнт орчныг дотоодын болон гадаадын жуулчдад сурталчлах, говийн ард иргэдийн уламжлалт ёс заншил, ахуй амьдралыг хадгалан үлдээх, орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой юм.






