
Аавдаа үнсүүлээд гүйхэд үнэр нь нялхаараа нэгэн хүү гашуун үнэнтэй нүүр тулж амьдралын хамгийн том тайз гудамжинд гарч дуулж эхэлжээ. Дуучин биш хөгжмийн багш. Гэхдээ энэ дэлхийн хэн бүхнээс илүү сэтгэлээсээ дуулж яваа нэгэн. Түүний дуунд аавыгаа гэсэн ариун сэтгэл, зовлонгийн өмнө сөхрөлгүй тэмцэж яваа хүний чин үнэн шингэсэн байв.
Түүний аав нэгэн цагт газар тариалангийн салбарт ажиллаж, хөдөөгийн бор өдрүүдийг амьдралын эгэл сайхан мөч болгож байсан хөдөлмөрч хүн аж. Бага насандаа ахтайгаа хамт аавынхаа хажууд бороотой өдөр трактор дотор сууж, ээжийнхээ шарсан шинэхэн төмсний үнэрт умбан жаргал дүүрэн явж байсан дурсамжаа тэр өнөөдөр ч зүрхэндээ тээн явдаг талаараа дурсан ярьж байв.

Ариунболдын аав хүүгийнхээ хувьд уул шиг нөмөр нөөлөгтэй хүн аж. Хүүгээ хайр дүүрэн өсгөсөн болохоор өнөөдөр хүү нь аавынхаа ачлалын атгахан хэсэг, аминчхан хүслийг биелүүлэхийн тулд нартай, бороотой ямар ч цаг үед хичээж буй.
“Зөв явахад бурхан биш хүн тусална” гэж аав нь хэлдэг байж. Тэгвэл хүү нь өнөөдөр яг тэр зөв замаар, бусдын тусын дор өөдөө тэмүүлж явна.


2024 онд тэд аавынхаа өвчний оношийг сонссон. “Хавдар” гэх ганц үг гэр бүлд нь үл үзэгдэх хана босгож, эдгэрлийн замд нь 100 сая төгрөгийн өндөр босго тавьжээ. Харин энэ мөнгийг олохын тулд тэр буруу зам эрэлхийлээгүй. Багш хүний хувьд, урлагт хайртай сэтгэлтэйгээ нэгтгэж, зөвхөн өөрийнхөө дуу хоолой, зүрх сэтгэлээр тэмцэх замыг сонгосон.
Анхны өдөр Хархорин захын хөл хөдөлгөөн дунд “Аавдаа” дууг дуулж зогсохдоо Ариунболд орчлон дээр яг орь ганцаараа үлдсэн мэт мэдрэмж авсан гэдэг. Хүмүүс түүнийг анзаарахгүй өнгөрч, замаа хөөн явах мөчид дотроо “Тэнгэр нүүж байгаа ч би ганцаараа зогсож байна” гэх шаналлыг тээж зогссон ч гэлээ, тэр үгүйлэл удалгүй итгэл болон хувирчээ.


Нэгэн эмээ, танихгүй эгч, дараа нь ахмад настан… Хүмүүс зогсож, чих тавьж, нулимсаа арчиж, гар сунгаж эхэлсэн. Түүний дуулал зүгээр ч нэг дуу биш, хүний хайрын, амьдралын төлөөх тэмцлийн аялгуу болж, хүн бүрд хүрчээ. Тэр мөчөөс хойш Ариунболд зөвхөн аавынхаа төлөө бус, итгэлээ алдаж болохгүй бүхний өмнөөс дуулах болсон уу гэлтэй.
Түүний аав өвдөж байна гэдэг үгийг амнаасаа унагаж үзээгүй ч хүү нь харцнаас нь доторх шаналал, гэр бүлээ гэх зовнилыг нь мэдэрсэн аж. Өнөөдөр аав нь өглөө бүр хашаандаа модоо усалж, гал тогоонд хоол хийж, “Миний хүү ажил нь бүтэж байна уу, зөв л яваарай” хэмээн өөрийн биш үр хүүхдийнхээ төлөө инээмсэглэн зогсоно. Энэ мөчид хүү нь “Та ингээд хамаагүй хөдлөөд эрүүл хүн шиг яваад байдаг. Би болохоор аав минь өвчтэй гээд хүмүүст зарлаад яваад байх нь зүгээр үү” ч гэж асууж байж.
Энэ аяны үр дүнд түүний хувьд зөвхөн мөнгө биш, аавынхаа мартамгүй гэрэлт инээмсэглэлийг буцааж авсан нь хамгийн том олз нь байв.


Мөнх хөх тэнгэр шиг уужим сэтгэлтэй тэрээр ганцаараа биш байжээ. Дэргэд нь сэтгэлтэй хүмүүс, итгэлээр дэмжсэн найзууд нь байсан. “Та хэд байгаагүй бол би ийм зориг гаргаж чадахгүй байсан” гэж хэлэх хүүгийн үгс, хүнд хэцүү үед хэчнээн энгийн сэтгэлийн дэм хүн бүрд хэрэгтэй байдаг гэдгийг харуулж буй.










