
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өнгөрсөн мягмар гарагт Шотландаас АНУ руу буцах замдаа Ерөнхийлөгчийн Air Force One онгоцонд сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа ОХУ-д Украинтай галаа зогсоох гэрээ хийх 10 хоногийн хугацаа өгч буйгаа мэдэгджээ.
АНУ-ын төрийн тэргүүн ОХУ 10 хоногийн дотор Украинтай галаа зогсоох гэрээ хийж чадахгүй бол Вашингтон ОХУ-ын бараа бүтээгдэхүүний импортын гаалийн татварыг нэмэгдүүлэх зэргээр арга хэмжээ авна хэмээн мэдэгдсэн ч тэдгээр арга хэмжээ нь Москвад нөлөөлөх эсэхэд итгэлгүй байгаагаа илэрхийлжээ.
Түүний бодлоор ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин дайныг үргэлжлүүлэх хүсэлтэй байгаа аж. Оросын эсрэг хориг арга хэмжээ тогтоох нь газрын тосны зах зээлд нөлөөлнө гэж санаа зовж байгаа эсэх дээр Ерөнхийлөгч Д. Трамп санаа зовохгүй байгаа гэжээ.
Энэ сарын эхээр Ерөнхийлөгч Д. Трамп ОХУ Киевтэй 50 хоногийн дотор галаа зогсоох гэрээ хийхгүй бол ОХУ болон ОХУ-ын худалдааны түнш орнуудын бараа бүтээгдэхүүний импортын гаалийн татварыг нэмэгдүүлнэ хэмээн мэдэгдэж байсан юм.






