
Таны дугаарт “Дансанд тань хэвийн бус үйлдэл илэрсэн байна”,“Мэдээллээ баталгаажуулаарай”, “Та мэдээллээ шинэчилнэ үү”, “Та азтан боллоо”, “Бэлгийн эзэн боллоо”, “Сугалаанд оролцож, азаа сориорой” зэрэг мессеж ирж байсан уу? Зарим мессежний хувьд зар сурталчилгааны шинж чанартай байдаг ч хэрэглэгчийн хувийн мэдээлэл, аль нэг аппликэйшн, цахим банкны нэвтрэх нэр, нууц үг зэргийг оруулахыг шаардсан бол энэ нь SMS Text Phishing (SmiShing) буюу мессеж дээр суурилсан халдлага байх магадлалтай юм.
Энэ төрлийн луйврын гол зорилго нь мессежээр ирсэн файл эсвэл линк дээр даруулж, цаашлаад таны цахим банкны нэвтрэх нэр, нууц үгийг бичүүлж, түүнийг нь хуулбарлан авч санхүүгийн хохиролд оруулах зорилготой бөгөөд мессеж хүлээн авсан хүмүүс маш хурдан хариу үйлдэл үзүүлэх магадлалтай байдгаараа бусад төрлийн халдлагуудаас илүү эрсдэлтэй юм.
Иймд та,
- Гар утас, цахим шуудангаар ирсэн, сэжиг бүхий линк, хавсаргасан файлыг нээхгүй байх,
- Хувийн мэдээллээ оруулахыг шаардсан мессежний хариуд нууцлалтай мэдээллээ илгээхгүй байх,
- Тухайн байгууллагын албан ёсны утас, вэбсайт нь мөн эсэхийг нягталж шалгаж хэвшсэнээр цахим луйврын хохирогч болохоос урьдчилан сэргийлж чадах юм.
Ялангуяа банк нь харилцагчийн хувийн нууцлалтай мэдээлэл буюу интернэт банкны нэвтрэх нэр, нууц үг оруулахыг шаардсан хүсэлтийг хэзээ ч илгээдэггүй. Танд ямар нэг байдлаар ийм төрлийн мессеж ирсэн тохиолдолд тухайн илгээсэн байгууллагын албан ёсны цахим хаяг, утасны дугаар үнэн зөв эсэхийг эхлээд заавал нягталж шалгах шаардлагатай юм. Сайн анзаарвал энэ төрлийн мессеж ихэвчлэн урт дугаарлалт бүхий, гадаад дугаараас илгээсэн байдаг.
Харин мессежээр ирсэн холбоос дээр аль хэдийн дарсан бол харилцагч банктайгаа холбогдож интернет үйлчилгээгээ зогсоох, нууц үгээ яаралтай солих арга хэмжээг аваарай.






