
Би ер нь хэзээнээс шашинд тэгтэл ач холбогдол өгдөг болов? Миний итгэл үнэмшил юу вэ?
Саяхныг хүртэл өөрийгөө жинхэнэ атиест гэж бодож хэнээрхэж явав шив дээ. Гэтэл дотоод сэтгэл, чин үнэнч сүнс минь юуны тухай өгүүлэх гээд байв? Зөвхөн шашны тухай энэ бодлуудаар аян зам минь эхэлсэн юм. Аян зам үргэлж нэгийг сануулж бас нягтруулдаг ажээ.
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт байрлах Балдан Бэрээвэн хийд рүү хийсэн аяллынхаа бодол, тэмдэглэлийг ийн хүргэсүү.
Би шашингүй хүн гэж дөвчигнөж явахдаа ч аль нэг буддын шашны хийдийн өмнүүр явахад, арц хүжийн утаа үнэртэхэд, сэтгэл дотор минь газар хөдлөх шиг тийм долгион үүсдэг байсныг багаасаа мэддэг байсан л даа.

Хожим итгэж, ойлгож эхлэхдээ би ер нь хэлмэгдэж үхсэн ламын сүнс ч байж мэдэх юм гэж таньсан хэрэг. Уншигч танд хэтрүүлэг юм шиг сонсогдож тун магадгүй. Гэхдээ махан биеийн жаргал зовлонгоос ангид оюун санаа, сэтгэл зүрхээ нээж таних аваас өөр хэрэг. Дундговийн Сайхан-Овоо сумын нутагт байрлах 1000 лам шавилан суудаг байсан Онгийн хийдтэй ердөө 20 гаруй км зайд би төрж, өссөн.
Тэгэхээр тийм нэг ламын хойд нас байх магадлал өндөр гэсэн үг юм шүү. Хувилгаан гэгээнтэн байсан хүний хойд дүр гэж дэмийрэхгүй. Шашин ном, амьдралд гүн итгэлтэй тийм нэгэн энгийн мөрөөрөө л лам байсан болов уу даа. Хөөрхий их хэлмэгдүүлэлтэд өртөж насан эцэслэсэн ч байх.
Энэ бодол эхлэхтэй зэрэгцэн их хэлмэгдүүлэлтийн он жилүүд нүдэнд харагдах шиг болов. Үзэж туулаагүй ч үнэн сэтгэлээсээ мэдэрч, эмээдэг юм. Байдаг бүхнээ нүцгэлэн харуулдаг их түүхийн чармай үнэн одоо ч улам тодорсоор л бий шүү дээ.

1920-оноос эхлэлтэй хэмээн үздэг улс төрийн хэлмэгдүүлэлт өнөөг хүртэл 37000 гаруй хүнийг баривчлан шийтгэгдсэнээс 27720 хүн нь буудуулж амь насаа алдсан. Энэ хэрэгт Монголын насанд хүрсэн эрэгтэйчүүдийн 10,9 хувь, нийт ард түмний таван хувь нь өртсөн байна. Дээрх гашуун дурсамж 1921 онд “Саж ламын хэрэг” гэгчээр эхэлсэн аж. Хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд олон зууны турш бүтээгдэн хадгалагдсан, түмэн олныг соён гэгээрүүлэхэд ач тусаа өгч байсан шашны олон сүм хийд, нандигнан хайрлаж, шүтэж ирсэн шашны ховор ном судрууд, бурхад зэрэг олон мянган үнэт зүйл үгүй болсон юм.
Лам нар л гэхэд 17 мянга гаруй хэлмэгдсэний 14 мянга нь цаазлагдсан байна. Одоогийн байдлаар дээрх 37000 гаруй хүмүүсээс 29000 орчим нь хилс хэрэгт гүтгэгдсэн нь тогтоогдож, цагаатгагдсан юм. Энэ тоог яг нарийн гэж хэлэхэд мөн хэцүү. Судлаачид үүнээс ч их тоо баримт гарч ирэхийг үгүйсгэхгүй гэх юм билээ.
Ийм нэгэн гашуун түүхийн гэрч болсон сүм хийдийн тууриуд өнөө манай улсад бий. Түүний нэг нь Хэнтийн нурууны Дэлгэрхаан уулын салбар Мөнх-Өлзийт уулын энгэрт, Бат нуурын хойд талд байгалийн үзэсгэлэнт сайхан газар 1777 онд Богдын долоон цоржийн нэг Цэвээндорж номонхан Шар сүм, Цагаан сүмийг байгуулснаар суурь нь тавигдсан гэж үздэг Балдан Бэрээвэн хийд билээ.
Энэ их эрчимлэг аманд байрлах тус хийдийн зүг алхаж ахуйд сэтгэлээс нэгэн дуун хадсаар л байсан юм. Өрөвдлийн, өвтгөлийн дуун. Том том дуган хаднуудын цаанаас их хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд амь тэмцэн зугтах лам нарын дуун хадаад ч байх шиг санагдсан. Өөр нэгэн хадны цаанаас бяцхан ламхай ширтээд ч байх шиг. Айдас хүйдэст автуулна гэхээс илүүтэйгээр ердөө 100 хүрэхгүй жилийн өмнө л аймшигтай зүйл болж байсан гэдэг бодит үнэнтэйгээ бид эвлэрэх л ёстой болов уу.
Хийдэд очихын өмнөхөн Бат-Нуурын зүг ширтээд л байвал бүх үнэн тодрох шиг болдог юм билээ. Нуур гэдэг нүднээс өөрцгүй шүү дээ. Тэр юуг харж, ямар үнэнийг хэлэхийг бид таашгүй.
Бэлдэн Бэрээвэн хийд рүү нэвтрэхэд нэг хүн 2000 мянган төгрөг төлдөг

Аялагчдад анхааруулаад зам нэлээд эвдэрсэн, шавар ус ихтэй юм билээ.
Яг Бэлдэн Бэрээвэн хийд рүү нэвтрэхэд нэг хүн 2000 мянган төгрөг төлдөг аж. Аялал жуулчлал хөгжсөн гэхээсээ илүүтэйгээр тус газар нутгийн иргэд бололтой цөөхөвтөр хүн амтай. Үүд хэсэгтээ өргөлийн будаа л зарахаас биш төдийлөн худалдаа наймаа харагдаагүй.

Хийдийг эргэн тойрон Очирваань, Жамсран, Ногоон дарь эх, Манзушир, Дамдинчойжоо, Цагаан дарь эх, Бурхан багш, Богд Зонхов, Соёмбо бэлгэдэл, Аюуш зэрэг бурхдыг хаданд сийлж хийсэн байдаг. Их хэлмэгдүүлэлтийн үед сүм дуган, бурхан тахилыг нь ихээр бусниулж, бурхнаар нь дайны үед бууны сум хүртэл цутгаж байсан гэдэг. Ингэж айхтар сүйдсэн хэр нь одоог хүртэл хийдийг тойроод чулуун дээр сийлсэн бурхан, номын үсэг гэх мэт зүйлс олонтой байлаа. Гэвч бүгдийг нь үзэх бүрд түүх соёлоо өөрийн гараар ингэж айхтар устгаж байсан хар үеийг бодохоос сэтгэл өвдөм. Түүний дотроос Майдар бурхны сүм байсны дээд талын хаданд гэлэн Дамбилбранжабал соёмбо тэмдэг сийлж, ийнхүү сийлэхдээ айлдсан үг нь их хэлмэгдүүлэлтийн дараах хийдийн сүйдсэн дүрийг нүдний өмнө тодруулах мэт ээ.
Эрэгтэй эмэгтэй хүслээ шивнэдэг мод

Нэмж сонирхуулахад, Цогчин дуганы урд талд “Ээж мод” хэмээх хадаг яндар бүхий саглагар мод бий. Энэ модонд хүмүүс мөргөж залбиран хүслээ даатгадаг заншилтай юм билээ. Яг модны доод талд очиход тэр гортиг дотор нь арц үнэртдэг тус модыг хожмын үеийн хүмүүсийн сайн сайханд зориулж тавьсан аж. Баруун талын модонд эрэгтэй нь, зүүн талын модонд эмэгтэй нь хүслээ шивнэдэг. Хосууд очиж хүслээ шивнэвэл тун зүгээр санагдсан.
ЭЦЭСТ НЬ: Шашны философи үзэл баримтлал ярина гэвэл далай болно. Харин гагцхүү шашнаа ч шүтэх эрхгүй шахуу байсан бид өнөөд 10 дугаар Богдтой боллоо. Их ч зүйл туулав. Урд хөрш маань энэ асуудлаас болж хэдэн ч удаа хилээ хаав, нээв. Шашны хувьд ийм том зүйлийг сөрөн гарч өнөөг хүртэл бат оршин буй өөрсдийнхөө эрх эрх чөлөөнд талархмаар. Бас хадгалж, хайрламаар.






