
Өрөг сайтын сурвалжлах баг ХБНГУ–ын Дюсселдорф хотоос мэндчилж байна.
Өрөг.мн–ийн сурвалжлах баг дэлхийн оюутны зуны Универсиад 33 дугаар их наадмыг үзэгч та бүхэндээ ХБНГУ–ын 5 өөр хотуудаас сурвалжлан мэдээ, мэдээллээ цаг алдалгүй шуурхай хүргэхээр Сэтгүүлч А.Алтанчимэг, Зураглаач Ц.Мандуул нар ажиллаж байна.

Өнөөдөр Дюсселдорф хотод Олон улсын оюутны спортын холбоо буюу FISU–ийн Ерөнхий 39 дүгээр ассамблейг зохион байгууллаа.
Уг ассамблейд Монголын оюутны спортын холбооны ерөнхийлөгч Д.Баясгалан тэргүүтэй зочид, төлөөлөгчид Монгол Улсаа төлөөлөн оролцсон юм.
Түүнээс уг хурлын талаар товчхон тодрууллаа.
“Оюутны спортын холбооны гол зорилго бол тамирчдад “Бие бялдрын төгс төгөлдөр, оюун мэдлэгийн өндөр амжилт“ гэсэн уриатай зохион байгуулагдаж байна. Үргэлжлүүлээд энэ бол дэлхийн хамгийн том оюутны спортын их наадам. Жишээлбэл, энэ удаа 150 орны, 10 мянга орчим тамирчид, спортын 18 төрлөөр тэмцээнд оролцож байгаа.
FISU бол өөрөө энэ тэмцээнийг зохион байгуулдаг гол байгууллагын нэг учраас өнөөдөр хуралдаж, өнгөрсөн 2 жилийнхээ тайлан, ирэх 2 жилийнхээ зорилтуудыг баталлаа. Статистикаас харахад Олимп, ДАШТ–ий медальтнуудын бараг 60%-иас илүү нь Универсиадын энэ тэмцээнүүдээс төрөн гарсан байдаг.
Тамирчид бол оюутныхаа энэ насан дээрээ л спортын хамгийн өндөр амжилт үзүүлдэг. Монголын бүх олимп, дэлхийн аваргууд, дээрээс нь тив, дэлхийн аваргууд энэ Универсиад тэмцээнээр дамжиж орсон. Энэ удаад манай улс спортын 8 төрлөөр оролцож байгаа.
Түүнээс гадна Спортын биеийн тамирын тухай шинэ хуулиар оюутны шигшээ баг бол Улаанбаатар хотын дэргэд байгуулагдахаар болсон. Энэ нь спортын хөгжил дэвшилд маш их хувь нэмэр оруулна гэж үзэж байна. Олон улсын оюутны спортын холбооны хүрээнд өвөл, зуны универсиад наадмыг 2 жилдээ нэг удаа зохиогддог. Сондгой жилүүдэд Оюутны универсиад, тэгш жилүүдэд спортын 24-28 төрлөөр ДАШТ зохион байгуулагддаг. Түүнээс гадна Азийн оюутны спортын холбооноос тусдаа тэмцээн зохион байгуулагддаг.
Бид энэ бүх тэмцээнүүдэд аль болохоор өөрийнхөө тамирчдыг оролцуулах чиглэлийг барьдаг. Зөвхөн тамирчид биш дасгалжуулагч, техникийн ажилтнууд, шүүгч, тухайн тэмцээнтэй холбогдолтой дүрэм, журмуудыг боловсруулах дээрээс нь энэ Олон улсын оюутны спортын холбооны дэргэд дэлхийн хамгийн том эрдэм шинжилгээний илтгэл, хурлууд зохиогддог. Үүнд ч биеийн тамирын чиглэлээр ажиллаж байгаа бүх багш сурган хүмүүжүүлэгч нарыгаа оруулах чиглэлүүд барьдаг“







