
Монголын эдийн засгийн форум – 2025 өнөөдөр өндөрлөнө.
Монголын эдийн засгийн хэтийг тодорхойлж, гадны хөрөнгө оруулагчдад үүцээ задлан, дотоодын бизнесийн орчинд төрийн бодлого, хууль, эрх зүйн орчноо тодорхой болгодог томоохон үйл явдал билээ.
Энэ жил дэлхий дахин бүхэлдээ эдийн засгийн тодорхойгүй нөхцөлд орж, Трампын тарифын бодлого, улс орнуудын дайн тулаан, геополитикийн асуудлууд хурцдаж хөрөнгө оруулагчид эргэлзээнд орж, төлөвлөлтөө хором минутаар өөрчилж байна.
Харин Монгол Улсын эдийн засаг уул уурхайн түүхий эдийн хэт хамаарлаас үүдсэн төсвийн орлогын тасралт, газрын тосны бүтээгдэхүүний хомсдол, орлогын бууралтаас үүдэн валютын нөөцийн хомсдол, ханшийн хөөрөгдөл, дотоод инфляцын өсөлт зэрэг эдийн засгийн нэн эмзэг үед энэхүү форум зохион байгуулагдаж байна. Нэмэх нь улс төрийн нөхцөл байдал тогтворгүй буюу өмнөх засгийн газар огцорж шинэ засаг нь дөнгөж бүрдсэн энэ үед хөрөнгө оруулагчдыг татахын тулд томоохон амлалт, бизнесийн таатай орчныг санал болгохгүй л юм бол “Монголын эдийн засгийн форум-2025” үр дүнгүй болно.
Тэгвэл Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд илтгэлдээ юу хэлэв,
Тэрбээр илтгэлдээ эдийн засгийн бүтэц болон засаглалын шинэчлэл, хүний хөгжлийг багцалсан бодлогоо танилцуулахдаа “ABCD” ба “5D” стратеги гэсэн нэр томъёоллыг ашиглан хөрөнгө оруулагчдад анхны илтгэлээ танилцууллаа.
Г.Занданшатарын 5D стратеги
Double GDP – ДНБ-ийг 10 жилийн дотор хоёр дахин өсгөнө
Double Export – Экспортын хэмжээг хоёр дахин нэмэгдүүлнэ
Double Renewable Energy – Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг хоёр дахин нэмнэ
Double Independence – Эдийн засгийн бие даасан байдлыг баталгаажуулна
Double Digitalization – Төрийн үйлчилгээг бүрэн цахимжуулж, дижитал эдийн засаг байгуулна
ЕРӨНХИЙ САЙДЫН ИЛТГЭЛЭЭС ОНЦЛОХ ЭШЛЭЛ:
Агуу Монголоо ахин “Агуутгая”
- Аливаа улс орны ирээдүйг шинээр урган гарч байгаа ирээдүй хойч үе нь тодорхойлдог. Цаг хугацааны тодорхой үеийн дараа энэ хүч өөрөө сэргэж, буцаж ирдэг юмаа гэж хэлсэн. Үүгээрээ бид агуу Монголоо ахин “Агуутгая” гэж хэлж байна.
Засгийн газрын хамгийн том мега төсөл “Хүний хөгжил”
- Нээлттэй, хүчирхэг, чөлөөт сэтгэлгээтэй залуучууд бол монгол хүн бол монголын үндэсний баялаг юм. Монголын өөрчлөлт шинэчлэлт бол хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно. Үүнийг бид “Нэг монгол” гэж нэрлэж байна.
Нээлттэй, үр ашигтай, харилцан итгэлцэлтэй хөрөнгө оруулалтыг дэмжинэ
- Манай улс газрын ховор элемент, зэс алтны төдийгүй газар дээр асар их баялагтай түүхтэй орон. Энэхүү баялагаа бид нээлттэй, үр ашигтай, харилцан итгэлцэлтэй хөрөнгө оруулалтыг дэмжих замаар байгалийн баялаг зөв ашиглах бодлогыг хэрэгжүүлнэ.
“Урьчихаад урдаг биш залчихаад заамддаг биш” зарчмыг баримтална
- Гадаад, дотоодын бүх хөрөнгө оруулагчид ээлтэй зарчмыг баримтална. Энэ бүх эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийн нэг чухал асуудлыг онцолж хэлмээр байна. Энэ бол Энержетик Монголиа буюу “Эрчист монгол”. Монгол Улс эрчим хүчний маш баян нөөцтэй орон. Зөвхөн нар, салхины эрчим хүчийг ашиглан 2600 гегабайтын эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай гэж эрдэмтэд тооцоолдог. Эрчим хүчний салбарт гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид ажлаа эхлээд явж байна.
Гэнэтийн сюрприз барьдаггүй ярилцаж хэлэлцэнэ
- Одоо урьдчилан хөрөнгө оруулагчдадаа бизнесийнхэндээ гэнэтийн сюрприз барьдаггүй ярилцаж хэлэлцдэг механизмыг бий болгосон. Энэ бүх чиглэлүүд бол зөвхөн яриа биш. Өнгөрсөн Засгийн газрын хуралдаанаар ажлын хэсгүүд, шуурхай багуудыг томилж, эдгээр өөрчлөлт шинэчлэлтийг эхлүүлэх үүрэг даалгаврыг бүх сайд нар биелүүлнэ.
Ерөнхий сайд илтгэлээ таницуулсныхаа дараа Олон улсын эдийн засгийн сурвалжлагчид “Хөрөнгө оруулагчдын итгэлийг даах нь” сэдвээр ярилцлага өгч, Засгийн газрын хэрэгжүүлж буй 14 мега төслийн талаар танилцуулсан юм.
Монголын эдийн засгийн форум-2025 чуулганы өнөөдөр Чухал ашигт малтмал, тогтвортой олборлолт, Дижитал эрин, Сэргээгдэх эрчим хүч, ирээдүйн ажиллах хүчний нөөц боломж зэрэг сэдвийн хүрээнд нэгдсэн болон салбар хуралдаанууд үргэлжлэх юм.