
Хамгийн логикгүй, хамгийн муу менежер бол төр. Төр данхар бас давхар.
Шинэ Засгийн газар 2025 оны төсвийн тодотголоо боловсруулахдаа төрийн өөрөө бүсээ чангалж, хэмнэлтийн тодотгол хийж буй. Ингэхдээ яамгүй сайд нарын Үндэсний хороодыг татан буулгаж, төрийн албаны дарга сэтэртнүүдийг 9% цомхотгон, чиг үүргийн давхардал, хийдэл ихтэй хөрөнгө үрсэн төрийн өмчийн компаниудыг нэгтгэх, татан буулгах арга хэмжээ авч буй.
Монголын төр хувийн хэвшлийн үйл ажиллагаа, чөлөөт эдийн засгаа хумигдуулж өөрөө томорсоор оролцохгүй ч юмгүй болсон.
Хуушуур, бууз, плов, нүхэн жорлон оролцоогүй юм төрд байхгүй шахуу /энэ өгүүлбэрт баримт шаардлагагүй/.
Ингэх бүрдээ бүтцээ томруулсаар ирсэн билээ. Толгойтой бүхэн л нэг агентлагийн дарга, бүтээмжийн менежер, БЭТ болж хувирсан. Арай хайр сэтгэлийн яамны сайд, нойр хоолны менежер томилчихоогүй.
Гэтэл нүүрсээрээ л амь зогоодог манай улсын эдийн засгийн нөхцөл байдал хүнд байдалд орсноор 2026 оны хөгжлийн төлөвлөгөөнд зааснаар төрийн албан хаагчдын эхний хэсгийг дараа онд цомхотгоно.
- Тухайлбал Төрийн захиргааны албан хаагчдыг 10 хувиар бууруулж, 2153 хүнийг,
- Тусгай албыг 25 хувиар бууруулж, 12270 хүнийг,
- Төрийн үйлчилгээний албыг 9 хувиар буруулж, 3658 хүнийг,
- Улс төрийн албыг 9 хувиар бууруулж, 340 хүнийг тус тус чөлөөлнө.
Чөлөөлөөд яах вэ?
Мэдээж хуулийн дагуу цомхотголд орсон төрийн албан хаагчдад нөхөн олговор олгоно гэдгийг холбогдох албаны хүмүүс хэлсэн. Ингэхдээ 26.8 тэрбум төгрөгийг төсвийн мөнгөнөөс тэдэнд олгоно.
Мөн Ерөнхий сайд Г.Занданшатар цомхотголд орох албан хаагчдыг хувийн хэвшил дэх сул орон тоонд зуучилна хэмээгээд буй. Гэтэл төрөөс гологдсон тэр албан хаагчдыг яг ямар хувийн хэвшлүүд ажилд авах вэ.
Татвар, нийгмийн даатгалдаа дарлуулчихсан хувийн хэвшлүүдээ төр яаж дэмждэг вэ гэсэн асуулт тавибал хариулах хүн олдохгүй л болов уу. Хамгийн логикгүй нь төсвийн мөнгийг хэмнэнэ, төрийн данхар байдлыг арилгана гэснээ 28 тэрбумыг олгоно гэх. Хувийн хэвшилд зуучилна гэснээ хувийн хэвшлээ хясан боогдуулдаг нь бас тэд.
Бүүр тэнэг нь цомхотгох ажилчдадаа тэтгэмж олгохгүй бол хууль зөрчинө. Мөн цаана нь хэдэн мянган төрийн албан хаагчийн ар гэр талхнаасаа салах болно. Яамаар ч юм бэ дээ гэдэг үгийг л хэлж суугаа болов уу. Яамаар ч юм бэ дээ.