
УИХ-ын чуулганы хурлаар Б.Түвшин нарын 41 гишүүн өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийлээ.
Хуулийн төсөлд ажилтны хоол, унааны мөнгөнөөс НДШ тооцохгүй байх тухай заалтыг тусгасан гэдгээрээ онцлог юм.
Энэхүү хуулийн төслийн заалтууд хэрэгжвэл төсөвт ямар нөлөө үзүүлэх вэ гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.
Тэрбээр,
- Хоол, унааны хөнгөлөлтөд шимтгэл ногдуулахгүй байвал 891 тэрбум,
- Ажил олгогчийн шимтгэл төлөх цалин хөлсний дээд хязгаар тогтоовол 175 тэрбум,
- Гэрээт ажилчны шимтгэлийг чөлөөлбөл 127 тэрбум төгрөгийн ачаалал төсөвт ирнэ.
Ингээд нийтдээ 1 их наяд 197 тэрбум төгрөгөөр Нийгмийн даатгалын сангийн орлого буурна. НДС-ийн зарлагыг 20 хувиар бууруулах эсвэл энэ хэмжээгээр санд төсвөөс татаас олгох буюу татвар төлөгчдийн нуруун дээр ачаалал ирэх эрсдэл үүсэхээр байна. Тиймээс энэ хуулийн төслийг дэмжих боломжгүй байна. Энэ хуулийн төслийг Засгийн газраас өргөн барих хуулийн өөрчлөлттэй нэгтгээд, цуг өргөн баръя гэсэн саналтай байгааг хүлээж авна уу” гэв.
Харин УИХ-ын гишүүн Б.Түвшин “Хоолны мөнгөнөөс болж дампуурдаг сан гэж байж болохгүй. Хоолны мөнгөнөөс нь, унааны мөнгөнөөс нь нийгмийн даатгал авахгүй байхаар тэр сан дампуурдаг юм бол аль хэдийнэ дампуурсан гэсэн үг. Яг үнэндээ эдийн засгийн том сэргэлтүүдийн тухай яриад байгаа юм” гэлээ.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “ Хууль санаачлагч эл хэлэлцэж байгаа асуудлыг хойшлуулах горимын санал гаргаад, ирэх долоо хоногт намын бүлгүүдийн хурлаар хэлэлцье. Тэгээд дахин УИХ-аар хэлэлцүүлэг хийе” гэсэн юм.
Ийнхүү Б.Түвшин гишүүн горимын санал гаргасан тул пүрэв гарагийн УИХ-ын чуулган өндөрлөж, Нийгмийн даатгалын ерөнхий хуультд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг ирэх долоо хоногт хэлэлцэхээр боллоо.