
Зураач, яруу найрагч Б.Мөнхбаяртай ярилцлаа.
“HEAVEN” буюу “Еэвэн”-ийн түүх ингэж эхэлсэн
Улсын их дэлгүүрийн ардхан талд “Еэвэн” нэртэй урлан бий. Энд хоёр зураач амьдарч, уран бүтээлээ туурвидаг. Залуу зураачид, яруу найрагчдын хөл тасардаггүй энэ газрын түүх болон эзнийх нь дотоод ертөнцөд тавтай морил.
–Танай урлан их сонирхолтой юм. Нэг харахад гэр шиг, нөгөө талаас уран бүтээлийн орон зай шиг санагдлаа. Урлангаа яагаад “Еэвэн” гэж нэрлэх болов?
–“Еэвэн” гэдэг нь “heaven” (диваажин) гэдэг үгтэй адилхан сонсогддог байсан юм. Манайх чинь газар доорх диваажин шүү дээ. Монгол хэлэнд “еэвэн” гэдэг үг байдаг болохоор, тэгж нэрлэсэн.
Нацагдоржийн номын сантай ойрхон болохоор залуус дугуйлан тараад л манайд ирцгээдэг. Гэхдээ одоо түүнийг болих хэрэгтэй санагдаж байгаа.
Уран бүтээл хийдэг газар хэт задгай болчихоор зохисгүй юм. Ганцаараа сууж, бүтээл хийх орон зай хэрэгтэй байдаг.
“Батаа эзгүй, би гэртээ…”
-Хоёул байдаг байх аа. Та л ганцаараа байна уу? Уг нь хоёуланг чинь суулгаж байгаад ярилцана гэж бодсон юм сан. Гэхдээ яах вэ. Та хоёрын яагаад хамт амьдарсан түүхийг сонсмоор санагдлаа?
–Батаа маань эзгүй, би гэртээ л сууж байна. Найз маань Сэлэнгэ явсан, удахгүй ирнэ. Би анх оюутан цэрэгт явж ирчихээд энэ газрыг олж ирсэн. Наймдугаар сарын 15-ны орчимд нүүж орсон байх. Оюутан цэрэг байхдаа менингит туссан. Цэргийн төв эмнэлэгт хэвтэж байхад хэн ч намайг эргээгүй, харин Батаа ирсэн. Тэгээд сэтгэл хөдлөөд “хоёулаа хамт амьдаръя” гэж хэлсэн юм.
12 дугаар ангиа төгсдөг хавар МҮИС-ийн 11 давхарт өрөө түрээслэн, залуусыг ур чадварын шалгалтад бэлдүүлж байлаа. Миний шавь нар надаас ах, эгч ч байсан. Тэр газар одоо урлан болсон. Тусдаа гараад хоёр жил болж байна.
Бие даагаад амьдрах, өөрийнхөөрөө байх сайхан. Буцаад энгийн амьдрал, энгийн гэр лүү очих хэцүү. Тэсдэггүй. Гэртээ хамгийн ихдээ хоёр, гурав хононо. Давчдаад ирэхээр Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэнд очоод суучихдаг. Батаа маань удахгүй Хятад явна. Тэгээд л ганцаараа үлдэх байх. (санаа алдлаа)
-Урланд өлгөөтэй зургуудыг харахад ихэнх нь хөрөг зураг харагдлаа. Эр, эм хамаагүй хүмүүсийн хөргийг зурах юм уу? Зураач найз залуутай болбол нэг л мэдэхэд чи хувцсаа тайлсан байдаг гэдэг хоржоонтой үг санаанд орчихлоо шүү.
-Хамаагүй дээ. Захиалга орж ирвэл бүгдийг нь л зурна. Би наймдугаар ангиасаа эхэлж хөрөг зурж эхэлсэн. Дараа нь гудамжинд нэг хэсэг хөрөг зурсан. Нийтдээ 1,000-аад хүний хөрөг зурсан байх. Тэгж явсан маань надад ямар ч хичээлээс илүү үр дүнтэй санагддаг. Цаас, холст, канвас бүгд дээр нь л зурсан. Гудамжинд хүмүүсийг ажиглаад суух их гоё шүү.
ЭМЭЭГИЙН МИНЬ ЮБКА МИНИЙ ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ БАЙДЛЫГ ИЛЭРХИЙЛДЭГ
-Таныг анзаараад байхад эмээ нарын өмсдөг их урт юбка өмсөж яваа харагддаг. Сонирхолтой дүр төрх бий болгож буй нь тэр үү?
-Арван жилдээ би их онц сурдаг хүүхэд байлаа. Сургуулийн захирал, багш бүгд л сайн ханддаг байсан. Зарим хүүхдийг ээмэг зүүгээд, үснийхээ өнгийг өөр болгоод ирэхэд загнадаг бол надад юм хэлж байгаагүй. Сургууль дээрээ дүрэмт хувцас ч өмсөж үзээгүй. Нүүрээ ч будна. Тэглээ гээд нийгмээс надад гадуурхал ирдэггүй. Найзтайгаа гадуур явж байх үед хүмүүс чам руу хараад, гайхаад байх юм гэж хэлдэг л дээ.
Яг үнэндээ тэрийг нь тоодог ч үгүй, мэдэрдэг ч үгүй. Манай өвөө, эмээ хоёр их гоё хүмүүс байдаг. Цагаан сараар өвөө, эмээ хоёр нэг нь гонжтой, нэг нь плажтай сууж байдаг. Урлан дээр өмсдөг плажууд маань бүгд эмээгийнх. Би нэг удаа цагирган ээмэг зүүж байтал эмээ надад “ийм муухай ээмэг битгий зүү, энийг зүү” гээд өөрийнхөө ээмэгнээс хүртэл өгсөн. Ер нь гэрийнхэн ойлгож байхад бусад хүмүүсийн юу гэж хэлэх нь надад хамаагүй.
-Хувцас, үсний өнгөөс гадна та саяхан ном гаргасан байх аа. Таны номын шүлгүүд их сонирхолтой санагдсан?
-Тийм. Уран бүтээлчдийн нэвтрүүлгийг үзэхээр уусан, идсэн паянгаа л ярьдаг. Гэтэл бид амьдарч байгаа учраас л паян тарьж байгаа болохоос биш ярихын тулд паян гаргадаггүй. Тиймээс надад “урлагт яг юу хийх гээд байгаа юм, чиний зураг, шүлэг яагаад ийм юм?” гэсэн яриа л байвал зүгээр гэж бодож байна. Таныг энэ талаар ярих гэж асуусанд харин баярлаж байна.
БИ ХҮМҮҮСИЙГ ӨӨРЧЛӨХИЙГ ХҮСДЭГ
-Би хүмүүсийг өөрчлөхийг л хүсдэг. Хүн урлагт орох тусмаа л зөөлөн болдог юм шиг санагддаг. Харгис, хэрцгий үйлдэл, сэтгэлгээ байхгүй болдог.
Би өөрийгөө өмнө нь ямар байснаа мэднэ шүү дээ. Одоо эргээд харахаар илүү тайван болсон. Хүмүүс тэрийг минь ойлгож эхэлбэл илүү дэм болох байх. Хүмүүс нэгнээ хайрлах хэрэгтэй. Уран зураг, яруу найраг, хөгжим бодит байгаа юмыг яаж харж байгаагаас л болох байх.
Янз бүрийн “изм”-үүдийг гадна талаас нь хараад яваад байх шиг. Гэтэл постмодернизм нь яг юу юм? Ван Гог яагаад тэгж зурдаг юм бол гэж боддог нь ховор. Бодит зүйлийг хараад тэр үеийн мэдрэмжээ ойлгоно тийм үү? Дараа нь ямар өнгөөр зурахаа шийднэ.
Гэтэл постмодернизм тийм өнгө ашигладаг гээд ойлгочих жишээний. Тэгээд ирэхээр урсгалынх нь мөн чанарыг ойлгож чадахгүй, хэн нэг зураачийг л давтаж буй хэрэг. Яг үнэндээ би постмодернизм хийлээ гэж бодоход Ван Гогоос тэс өөр өнгөтэй гаргана. Ван Гог шиг өнгөтэй зурлаа гээд постмодернизм болохгүй.
Зураач яагаад үргэлж үнэ цэнтэй байх вэ гэхээр зурж байхдаа өөрөө шийдэл олдогт л оршино. Жишээ нь, таныг зурж байхдаа хойно нь хана байх уу, үгүй юу гэдгийг би л шийднэ шүү дээ. Шилтэй зурах уу, нүдтэй зурах уу дээр хүртэл ярина. Амедео Модильяни гэдэг зураач хэлэхдээ “Нүдийг чинь таньсан цагт сүнсийг чинь зурна” гэсэн байдаг.
Нүдэнд тэгтэл их ач холбогдол өгч, асар цөөхөн хүмүүсийг нүдтэй зурсан гэдэг. Тэгэхээр миний зорилго тийм л юмыг хийхийг хүсдэг гээд ойлговол дээр. Бусдаар гоё харагддаг зургийг бол өчнөөнөөр нь зурж чадна. Дэндүү амархан. Яагаад Рембрандтын хөргүүд хүчтэй байдаг вэ гэхээр хүний амьдралыг энгийнээр харуулдагт оршино.
Бүх зовлон шаналал, баяр хөөрийг нь өнгөөр дамжуулаад харуулж болно. Бийрийн бичилт, өнцөг, өнгө тавилтаар шийдэж байна. Тэрнээс бид утасны камер шиг зурж яах юм бэ. Сайндаа л фото зураг шиг зурна биз дээ.
ӨӨРИЙГӨӨ ТЭВЭРЧ АРГАДМААР САНАГДСАН ЮМ
-Яг тэр утгаар ч зураагүй л дээ. Өөрийгөө л тэвэрч байгаа юм. Өөрийгөө аргадмаар санагдсан юм. Төгс байх ёстой гэсэн стресс байдаг даа. Тэрнээс гарахын тулд “зүгээр ээ, зүгээр шүү дээ” гэж өөртөө хэлж байгаа нь энэ. Хүүхэд төрүүлэхээр аз жаргалтай байгаа ч гэсэн нэг тийм стресстэй болдог доо.
Яг тэрэн шиг үедээ дуу зохиож, зураг зурсан юм. Өөрийгөө хайж, өөрийгөө таньж байгаа үед нь аргадмаар санагдсан. Яг үнэндээ хүн тэвэрснээс өөрийгөө тэвэрсэн нь илүү дээр ч юм бил үү. Зохиосон дуугаа дуулахаар ч тэр тэврүүлж байгаа юм шиг санагддаг.
-Уран зургийн хувьд ямар урсгалаар зурдаг вэ. Ямар нэгэн измд баригдахгүй зурж байна уу?
-Би чинь болоогүй шүү дээ. Одоо чинь дөнгөж хоёрдугаар курс. Гэхдээ яах вэ, нэг тийм хүссэн зүйлийнхээ талаар ярья. Толгойд төсөөлөгдөөд байгаа юм. Мэдрэмжүүд нь ч гэсэн бүрэлдчихсэн. Би маш олон цаашаа харсан хүн зуръя гэж бодсон. Тэр үзэсгэлэнгийн бүх дүр нь цаашаа харчихсан байна. Хүн тийш ороход хөгжим сонсогдоно, зургуудынх нь хажууд богино мөртүүд байж бас болно. Яг үнэндээ бүх хүмүүс яваад өгнө, цаашаа харна.
Хэн ч чам руу харахгүй. Тэгэхээр тийш орсон хүмүүсийг асар их ганцаардаасай гэж бодож байна. Урлагийн бүтээлүүд хүнд ямар нэгэн мэдрэмжийг өгөх л ёстой. Түүнээс биш мастер ажиллагаандаа ч байдаггүй. Галерей дотор хүмүүс нэг шил тавьсан байхад л тойрч үздэг. Санаандгүй тавьсан ч үзнэ. Ямар нэгэн мэдрэмж өгч байгаа болохоор л тэгж байгаа юм.
Яг тэрэн шиг дандаа цаашаа харсан хүмүүсийн зураг дундуур явсаар хамгийн төгсгөлд нь нэг толь тавьчихъя гэж бодсон. Хэний ч царайг харахгүй явсаар байгаад өөрийнхөө царайг харвал юу мэдрэх бол.
Гэхдээ хэлж мэдэхгүй байна. Уран бүтээлчид хэн нэгэнд тийм мэдрэмж төрнө гэж боддоггүй байх. Бодоогүй бичсэн учраас уран бүтээл болдог байх. Үүнийг би өнгөрсөн жилийн намраас л бодсон. Одоо гаргана. Сая ярьж суухдаа л миний далд ухамсар тийм байж дээ гэж ойлголоо.
БИ ХҮМҮҮСИЙГ ГАНЦААРДУУЛЖ ХАЙРЛАНА
-Хүнийг хайрлана гэхээр сайн сайхнаар л тургиад байвал түүндээ хахаад үхчихнэ. Нэг талаараа хүүхдээ хайрлахдаа хэсэгхэн хугацаанд хайхрахгүй орхих нь ч гэсэн хайрлах байхгүй юу. Аав ээжүүд хэтэрхий бүх юманд нь оролцоод байдаг нь бүрэн хайр биш. Хүнийг өөрт нь зовох боломжийг нь үлдээх хэрэгтэй. Зовлонг нь өгч чаддаг, өөрийнх нь байлгаж чаддаг аав ээжүүд л мундаг. Хайрлана гэхээр хүнээс зовлонг нь арилгах гээд байдаг. 365 хоног хүн зовохгүй байвал эсрэгээрээ аймшигтай биз дээ. Тиймээс л хэсэг ч гэсэн ганцаардах боломжийг нь олгоё гэж бодсон юм. Ганцаардуулж хайрлана гэсэн үг. Зовлонг нь өөрт нь үлдээж байгаагаараа нь хайрлана.
-Одоодоо бодитой зовох тухай л яриад байх шиг?
-Ницшегийн хөгжмийг сонсохоор үнэхээр лаг кино үзэж байгаа юм шиг санагддаг. Экзистенциализмыг танихаасаа өмнө би мэдэрсэн. Тэр үедээ абсурд гэдэг үгийг ч мэдэхгүй байхдаа зүгээр л тоос гэж бодож явсан. Байгалийн шинжлэх ухаан судалдаг байхдаа огторгуй, гараг эрхэс хэмээх том зүйлийн хажууд бид өчүүхэн зүйл юм байна шүү дээ гэдэг бодлоос эхлээд оршихуйн хямралд орсон. Тэр оршихуйн хямралаас нэг шүлэг бичээд гарч байсан. “Миний эзгүйд” гэдэг шүлэг. Экзистенциализмыг мэдэхгүй байхдаа бичиж, тэр утга учиргүйгээс гарсан гэсэн үг шүү дээ.
Нэг ёсондоо үхнэ гэж бодохоо больсон. Утга учиргүй шүү дээ. Төрчихлөө, төрсөн бол эцсээ хүртэл амьдрамаар байна. Тэгээд л болоо. Амьдрал утга учиргүй. Би харин утга учиргүйд нь баярлаж байгаа. Заавал тэгэх шаардлагатай гэдэг хүлээсээс гарсан.
Гэхдээ би нихилизмын эсрэг байр суурьтай. Амьдрал утга учиргүй болохоор үхнэ гэдэг чинь дэндүү хайран. Нэгэнт л төрчихсөн юм чинь яах вэ дээ. Сайхныг нь, муухайг нь ч мэдрээд л дуусах ёстой байх. Нисэх ёстой бол нисээд л хамгийн хүчтэйгээр газарт унахыг л хүссэн.
-Нихилизмээс гарах арга нь уран бүтээл гэж ойлгодог. Түүний хажуугаар хайрлаж, хайрлуулах ч бас сайхан санагддаг. Та тэгж боддог уу?
-Би их хайранд өссөн. Уран бүтээлч нар зовлонд өсөж, зовлонгоороо юм гаргадаг даа. Надад тийм зүйл байхгүй. Олон хүний хайранд өссөн болохоор хайраар л уран бүтээлээ туурвидаг. Дөнгөж төрснөөс хойших амьдрал бол солонгос драм шиг ээдрээтэй. Дөнгөж төрсний дараа аав ээж маань салсан. Төрсөн аав минь өнгөрсөн юм билээ. Тэгээд ээж минь намайг эцэггүй өсгөхгүй гээд төрсөн ахдаа үрчлүүлсэн гэсэн.
Үрчилж авсан ээжийгээ жинхэнэ гэж боддог, төрүүлсэн ээжийгээ бага ээж гэж боддог байсан. Тиймээс би хоёр ээжтэй. Одоо гэхдээ өргөж авсан ээж минь өнгөрчихсөн л дөө. Манай ээж дээрээ дөрвөн ахтай айлын бага охин. Хамгийн бага ганц охиноос нь төрсөн ганц хүү болохоор өвөө, эмээ маань амины ганц л гэж өсгөсөн.
Нэгдүгээр ангид ордог жилээ би математикийн олимпиадын аварга болсон. Тэгээд л гэрийнхэн намайг математикийн хүн байна гээд бодчихгүй юу. Тасралтгүй тэр хичээлээр л шахуулаад нийслэлийн аварга хоёр удаа болж байсан. Харин дараа нь уран зураг руу ороход олон хүн харамссан. “Хайран хүүхэд, хайран хүүхэд” гээд л.
Тэр хүмүүст би өөрийгөө батлахыг хүсдэг. Сүүлд ном гаргачихаад математикийнхаа багшид аваачиж өгсөн. “Багш аа, миний сонголт буруу байгаагүй шүү” гэдгийг хэлэхийг хүссэн. Багш ч гэсэн миний шавийн сонголт буруу байгаагүй гэдгийг хэлэх шиг болсон. Гэхдээ бид нүдээрээ л тэгж ярилцсан. Нүднээс их зүйлийг мэдэрч болно. Тэгэхээр тантай санал нэг гэсэн үг.
-Миний ном хоёр бүлэгтэй. Эхний бүлэг нь “Урсгал” гэдэг бүлэг. Хүмүүс харьцангуй ойлгож болох шүлгүүдээ энд ангилсан. Урсгалын дагуу бичсэн учраас урсаад л орчихно.
-“Далайд тэнгэр байдгийг батлах гэж
Тэнгэрт далай байдгийг батлах гэж
Гарцаагүй
Бороо орно” гээд л үү?
-Тийм. Эхний ном учраас хүмүүс тэс хөндлөн юм бичвэл угаасаа л ойлгохгүй. Дараагийн “Эсрэг урсгал” бүлэгт байгаа шүлгүүдийн ихэнхийг нь хасах гэж байсан юм. Редактор Л.Сайнбаяр ахаас зөрүүдэлсээр байгаад энэ бүлгийн шүлгүүдээ оруулсан. “Та энд битгий хүр, надад итгэчих. Түүнээ редакторын үг дээрээ биччих” гэж л хэлсэн.
Эсрэг урсгал дээрх шүлгүүдийн юу нь эсрэг урсгал вэ гэдэг дээр жишээ ярья. Хүмүүс хайрын тухай шүлэг бичлээ гэхэд өмнөхөө сайжруулаад ч юм уу, хуулбарлаад өгсгөж байгаа. Гэтэл бидэнд шинэ үзэл санаа хэрэгтэй. “Эмгэн, өвгөн, нохой гурав амьдарч байжээ” гэж эхэлдэг нэг шүлэг байгаа. Гэтэл тэр шүлгийн юу нь үнэн юм бэ гэхээр эмгэн, өвгөн, нохой гурав амьдарч байсан нь л үнэн байхгүй юу. Уран бүтээлч хадаас хадсан бол малгай ч болтугай өлгө гэдэг дээ. Тэгэхнээ би хадаас хадчихаад малгай өлгөөгүй юм. Өлгөхгүй гэж зөрүүдэлсэн гэсэн үг. Тийм үзэл санааг л яриад байна. Бусдаар шинэ зүйрлэл, шинэ үг, хуучин үгийг шинээр ашиглахаас илүүтэйгээр үзэл санаа нь л хэрэгтэй байсан.
Цасан дээр хэвтэх
Хөрсөн дээр хэвтэх ялгаагүй
Ялгаатай бүхэнд бид өөр ханддаг болохоор
Цасан дээр хэвтэх, чам дээр хэвтэх ялгаагүй…
Чамд хэлэх үгээ цасанд хэлэх
Хавар болоод хөрсөнд шингэх
Тэр үг чамд хүрэхгүй байх
Тасалгааны цэцэг, ангийн цонх
Ялгаатай бүхэнд бид ижил хандаж
Ядаж чи надад дурлаж чадах
Энэ хайрын шүлэг биш!
Ондоо нь гэвэл:
Цасан дээр хэвтэх
Хөрсөн дээр хэвтэх
Цас миний дээр орох,
Хөрс ч бас миний дээр орох
Би хөрсөнд хэвтэх /шүлгээ уншиж өгөв/
Энэ шүлэгт эхнээс нь хайрын шүлэг гэж бодогдуулангуутаа хайрын шүлэг биш гэж тунхаглаж байгаа юм. “Цас миний дээр орох” гээд шууд үхэл болгочихсон юм. Иймэрхүү тоглолтууд л надад сонирхолтой санагддаг. Хүмүүс “аяганы шаналлыг бичвэл чи яруу найрагч” гэж ярьдаг даа. Аяганы шаналлыг бичих амархан, биччихнэ. Гол нь юу нь хамгийн гоё санагддаг гэхээр шүлэг бичээд инээмээр байна шүү дээ. Хаха гээд маш чангаар инээвэл гоё юм биш үү. Заавал гуниглаж яах юм.
БИ САЙН ХАЙРЛАСАН УЧРААС ХАЙРЫН ШҮЛЭГ САЙН БИЧДЭГ

-Үзэл санаа ярихаар их сонирхолтой санагдаад байх юм. 20 настай хүмүүс чинь өөрийгөө ч олж амжаагүй явах тохиолдол байдаг биз дээ. Та ер нь яг ямар үзэл санаатай хүн бэ?
-Магадгүй би юм бүрэн уншиж таниагүй байж мэднэ. Гэхдээ утга зохиолын хүрээллээ харахад хэлэх гээд байгаа юм нь адилхан. Түүнээ арай өөрөөр л хэлж байгаа болохоос ялгаагүй. Түүнээс шинэ юм гаргаж ирсэн нь надад харагддаггүй. Хоорондоо ярихдаа “Тэр сайн уншсан, сайн бичсэн байна” гэж ярьдаг. Гэтэл үзэл санааны тэсрэлт байхгүй. “Тэр тийм шинэ үзэл санаа гаргаж ирж ээ” гээд ярих хэрэгтэй биз дээ.
Миний үзэл санааг хүн ойлгохгүй, бас тоохгүй. Тиймээс тодорхойлж хэлмээргүй байна. Утга зохиолын хүрээлэл нь тоохгүй байхад энгийн хүмүүс яаж ойлгох юм бэ. Эсвэл цаг үедээ л ойлгогдох байх. Зураач, яруу найрагчид ямар давуу тал байна гэхээр аливаа зүйлийг бүхлээр нь харж чаддагт л гол учир бий. Зураачид шүлгийг зохиомжилдог.
Уран зургийг уншдаг шигээ шүлгийг уншиж чаддаг. Жишээ нь, тэр шүлэгт ямар үг орсноороо ямар мэдрэмж төрөхийг мэддэг. Ямар ч утга авцалдаагүй үгсийг уншаад байхад ч мэдрэмж төрнө. Түүнийг яруу найраг болгож болно. Ойлгохгүй ч байж болно. Угаасаа ойлгоод ч яах юм. Мэдрэхэд л болно.
Постмодернист фронтын командлагч Б.Батзаяа боллоо ч гэж байх шиг. Тэр хэлбэртээ утга учир нь байдаггүй. Этгээд сонин үг хэллэг ашиглаад, задгай бичиж байгаад ч орчин үеийн урлаг болохгүй. Хүнд нэг юмыг шууд хэлэхгүй, далд ухамсарт нь нөлөөлж байвал дараагийн түвшний уран бүтээлч гэж харна.
Яагаад абстракт зургийг хүн үздэг юм. Дүрс ч олж харахгүй хэр нь мэдрэмж төрж байгаа учраас л тэр. Тэгэхээр үзэл санааны хувьд тийм л зүйл биднээс хол байна. Зураачид харьцангуй түүнийг ойлгож болохоор. Яагаад гэвэл дэлхийн урлаг хаана явааг багцаалддаг.
Одоо удахгүй AI-тай холбоотой зүйрлэлүүд ч гэсэн шүлэгт орж ирнэ. Ахуйгаа бичихгүй байя гэвэл шинэ юм болж болно. Хэлбэр нь л өөрчлөгдсөн болохоос ахуй нь өөрчлөгдөөгүй. Тиймээс бидэнд үзэл санааны хувьд цоо шинэ юм л хэрэгтэй.
Дараа нь үнэн байх л хүчтэй. Хайрлаагүй, дурлаагүй хүндээ хайр дурлалын шүлэг бичиж чадахгүй шүү дээ. Хайрыг огт мэдэхгүй, нэг бол үнэхээр сайн мэддэг байж л үнэн шүлэг бичнэ. Хүн үхэхийг үнэхээр хүсэж байж л үхлийг бичиж чадна биз дээ. Надад байгаа хайрын шүлгүүд муу биш. Би сайн бичсэн учраас биш, сайн хайрласан учраас л тэр шүлэг сайн болдог.
Хоёрхон төө асар хол зайтай
Хөнжилд минь чи сүүлийн удаа хэвтэснээс хойш
Наалдсан олон эмэгтэйн хэн нь ч чам шиг
Нуруугаараа тийм чанга тэвэрсэнгүй
Азтай гэж үү /шүлгээ уншиж өгөв/
гэхэд л хайртай хүнтэйгээ хамгийн сүүлд хамт хонохдоо биедээ ч хүргэхгүй, цаашаа хараад л унтсан байхгүй юу. Хүнд бодит мэдрэмж өгөх гэж байгаа учраас л бодит сэтгэгдэл төрүүлэх хэрэгтэй биз дээ. Тэгэхээр үнэн маш хүчтэй. Хөгжмөөр яривал минорын аялгуу л байхгүй юу. Никитоны “Цамцаа тайл”–ын солог сонсож байгаа юм шиг л зүйл. “Би чамд аймаар хайртай” гээд өөдөөс хэлдэг. Уг нь зүгээр л нэг хөгжим. Гэтэл өөдөөс яриад байдаг юм.
-Урлагаас тусдаа л зохицуулалттай байвал гэж боддог доо. Түүнийг урлаг руу оруулахгүй байхад л болоо. Бусдаар муу муухай зүйл биш. Эсэргүүцдэг нь уран бүтээлчид л болохоос, бусад салбарт хэрэгтэй л зүйл шиг санагддаг. Урлаг хийлээ ч дата дээр л суурилна биз дээ. AI-ыг сэтгэл зүрхтэй болгоод, хооронд нь дурлуулаад, хаягдуулаад, төрсөн бүтээгч гэж боддог зүйлийг нь алдаж үзүүлэх юм бол хамаа алга. Түүний дараа бол болох байх. Яг үнэндээ хэлбэрийг л дуурайдаг биз дээ. Зарим уран бүтээлчид ч гэсэн AI-аас ямар ч ялгаагүй хэлбэр л дуурайдаг. Тийм учраас хөгжлөө хөгжлөө гэхэд хэлбэр л дуурайна. AI урлагт орж ирсэн ч айх зүйл байхгүй дээ.
Хүн яг үнэндээ төгс биш учраас л хүн байгаа юм шүү дээ. Хүнийг амьтнаас салгаж байгаа зүйл нь алдах, гутрах л биз дээ. Хулгана, муур сэтгэлээр унаад амиа хорлодоггүй биз дээ.
Хүн гар хөлөө цохино, бүдэрч унана. Ингээд бодохоор хүн амьтдын дундаас хамгийн болхи. Болхи учраас л бусад амьтдын дараа нь жинхэнэ оршдог доо. Тиймээс би AI-д санаа зовдоггүй. Санаа зовж байна гэдэг нь бууж өгсөн л гэсэн үг. Би хэзээ ч бууж өгөхгүй. AI чадах ч үгүй.
-Та ер нь хэр эготой вэ?
-Эготой. Гаднаа л их эготой. Дотроо бол мөнхийн шаналдаг. Өөрийгөө хэзээ ч болоогүйг мэддэг. Өөрийгөө голоод, шахаад, зовоодог болохоор өөрийгөө тайтгаруулах гээд дуу хүртэл зохиосон. “Зүгээр шүү дээ. Ийм л байдаг биз дээ” гэж хэлж байгаа юм. Бусдаар гаднаас хүмүүс харахдаа өөрийгөө мэдэрсэн мэдрэл гар гэж боддог байх.
Угаасаа тэгж харагдахыг ч хүсдэг. Гаднаас харсан хүмүүсийн хариуд харин 10 жилийн дараа яг энэ хэвэндээ гацсан байвал тэнэг. 10 жилийн дараа л батална. Эготой харагддаг болохоос дотроо бол өөр байх. Дотоод маань хүлээн зөвшөөрөхөөс нааш зогсож чадахгүй. Хүлээн зөвшөөрөх ч үгүй. Төгс рүү тэмүүлнэ.
-Миний асуугаагүй, таны яримаар зүйл үлдсэн үү?
-Зүгээр л амармаар байна. Амсхиймээр байна. Ядарч байна. Шуурган дунд тасралтгүй явж байгаа юм шиг санагдаж байна.