
Уг нь 2025 оны төсвийг түүхэндээ анх удаа нэг ч төгрөгийн алдагдалгүй байхаар баталсан.
“Тодотгол хийхгүй” гэж байнга үглэдэг Сангийн сайд Б.Жавхлан парламентын гишүүдийн шаардлагаар 2025 оны төсвийн тухай хуулийг хэрэгжиж эхлэхээс өмнө тодотгол оруулж, алдагдалгүй болгон баталсан.
Гэвч Б.Жавхлан сайд энэ төсөвтөө дахиад л өөрийн гараар тодотгол хийхэд хүрлээ.
Шинэхэн тангарагаа өргөсөн Засгийн газрын эхний сорилт “2025 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөл буюу ТОДОТГОЛ.
Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын нэгдсэн чуулганы үеэр “Монгол Улсын 2025 оны төсөвт нэн яаралтай хэмнэлтийн тодотгол хийнэ”, “Төрийн өмчит компаниудын тоог цөөлж, хувьчлалыг эрчимжүүлнэ” гэж мэдэгдсэн. “Нэн яаралтай” гэсэн учраас Төсөвт “тодотгол оруулахаар Сангийн яам ажиллаж эхэлсэн” гэж Сангийн сайд Б.Жавхлан чуулганы үеэр гишүүдийн асуултад хариулахдаа хэлсэн.
Өнөөдөр 12:00 цагт Анхны хуралдаанаа зарласан Засгийн газар хэлэлцэх асуудлаа 2025 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл гэж тодорхойлжээ.
ТОДОТГОЛ хийх шалтгаануудыг харая:
- Тодотголоор 2.3 их наядыг хасна.
- Хэмнэлтийн хуулийн хугацаа 2025 оны тавдугаар сарын 31-нд дуусгавар болсон.
- Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг өөрчилсөн. /Яамгүй сайд нарыг бүтцээсээ хассан/
Төсвийн тоог харцгаая:
- ДНБ 95 их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн орлого 33.4 их наяд, нийт орлогынхоо гуравны нэгийг төр зарцуулдаг. Дээрх 33.4 их наяд төгрөгийн дийлэнх нь урсгал зардал болдог учраас өнөөх соёлын төвүүд, данхар бүтцийн цалин, зардал зэргийг үүндээ багтаадаг. Үүнийгээ л тодотголоороо багасгах учиртай.
- Ам.долларын нөөцөө тогтвортой бүрдүүлж, төгрөгийн ханшаа хамгаалахын тулд Төв банк мөнгөний бодлогын шийдвэрээ эргэн харах.
- ҮСХ-ны сүүлийн мэдээллээр инфляц 8,9% болсон. Үүнийг 6%-д хүргэх зорилтод төсвийн тодотгол гол үүрэг гүйцэтгэнэ.
- Нүүрсний үнэ буурч, 825 юаньд хүрсэн.
- Коксжих нүүрсний экспорт 13%-иар буурах хүлээлттэй байна.
- АМНАТ-ын орлого буурсан.
- Алтны экспортын хэмжээг 17 тонн болгож, ханшийг 2900 ам.доллароор тооцон төсвийн тодотголд тусгана.
Ерөнхий сайд Засгийн газрын бүрэлдэхүүнээ танилцуулж, УИХ-д тангаргыг нь өргүүлж, өнөөдрөөс сайд нар нь тамга тэмдэгээ хүлээн авч байна.
Одоо ажлаа хийцгээ.
Олон улсын нөхцөл байдал, дотоодын эдийн засгийн хүндрэл, томоохон төслүүдийн явц, өвөлжилтийн бэлтгэл, эрчим хүчний эрсдэл. Цаашлаад стратегийн ордууд, Ухаа худаг, Онтрэ ХХК яриа хэлцэл, Баялгийн сангаа арвижуулах гэх мэт олон асуудал эдийн засаг, нийгэмд хариулт хүлээж байна шүү Сайд нар аа. Улс төрөө одоо болихгүй бол улсын амьдрал зогслоо шүү дарга нар аа!!!