
2025 оны дөрөв сарын 18-ны өдөр, Япон Улсад ур чадварын дадлагажигчаар ирсэн найман Монгол иргэн, үндсэн ажилтнаар ажиллаж байгаа гурван хүн нийлж танилцах уулзалт хийжээ. Улмаар согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, хоорондоо муудалцан, нэгэндээ хүч хэрэглэн танхайрч ноцтой гэмтэл учруулжээ.
Хэрэгт Точиги мужийн Канамү хотын Цагдаагийн газар шалгалт явуулж байгаа бөгөөд Элчин сайдын яам уг хэрэгтэй холбоотойгоор холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Япон Улсын Эрүүгийн хуулиар бусдын биед халдах, гэмтэл учруулах, танхайрах зэрэг үйлдлүүдэд торгууль, 2-15 жилийн хорих ял оногдуулдаг аж.
Иймд, Япон Улсад амьдарч ажиллаж буй монгол иргэдийг хууль дүрмийг чанд мөрдөж, бусдын амь нас, эрүүл мэндийг хүндэтгэн, тухайн улс орны түүх, соёл, зан заншлыг ойлгож, үйл ажиллагаа явуулах нь маш чухал гэдгийг анхааруулж байна.