
Өнгөрсөн Бямба гараг буюу 2025 оны Тавдугаар сарын 24-ний өдөр Монголын Бодибилдинг Фитнесийн Улсын аварга шалгаруулах “Монголын Мистер Мисс 2025″ тэмцээн болж шилдгүүдээ тодрууллаа. Уг тэмцээнд оролцож буй тамирчдын тэр их тэсвэр тэвчээр, хөдөлмөр, тууштай байдлыг бахдаж шагшихгүй байхын аргагүй. Тэдгээр тамирчид дунд “Анх тэмцээнд орж байгаа учраас арай л их сандарчихлаа. Позуудаа сайн бэлддэг байж” гэж харамссан өнгө аястай яриа дэлгэн суух Н.Баянжаргал эгчийг зорин очсон юм. Түүний хувьд Фитнесийн спорттой анх холбогдсон түүх нь тийм ч гэгээтэй биш. 2019 онд автомашины осолд орж бүсэлхийнээс доош бие нь мэдээгүй болжээ. Онош нь тодорхой болохгүй залхааж, хоёр суга таягийн тусламжтай дөнгөн данган явж буй түүнд фитнесийн төв, сайн багш нар аврал нь болсон хэмээн тэрбээр ярилаа.
АНХ ФИТНЕСИЙН ЗААЛНЫ БОСГООР АЛХАЖ БИШ МӨЛХӨЖ ОРСОН
-Намайг Нармандахын Баянжаргал гэдэг. Би 50 настай. Одоогоос зургаан жилийн өмнө буюу 2019 онд автомашины осолд орон нуруу нугасны гэмтэл авсан. Ингээд гэнэт л бүсэлхийнээс доош саажилттай болчихсон. Бие болоод сэтгэл зүйн хувьд маш хүнд байдалд орж байгаа юм. Бие дааж хийж чадах зүйлгүй хүний асаргаанд орж бүх зүйл орвонгоороо эргэсэн. Хоёр хөл минь гэнэтхэн мэдээгүй болсон шигээ буцаат гэнэт л мэдээ ороод яваад эхлэх болов уу гэж горьддог байлаа. Эмнэлэг, сувилалаар ч уйгагүй явсан. Гэвч хэдэн жил яваад үр дүн үзэхгүй болохоор залхдаг юм билээ. Эмч нар хөдөлгөөн заслын эмнэлэгт эмчлүүл гэж ихэнхдээ хэлдэг байв. Гэвч тэр сэргээн засах төвүүдийн дараалал гэдэг олдох юм биш. Нэг өдөр “Өө би фитнест яваад өөртөө хөдөлгөөн засал хийж болох юм байна шүү дээ” гэх бодол орж ирсэн юм. Тэгээд л хоёр жилийн өмнө анх фитнест явж эхэлсэн. Фитнесийн заалныхаа хаалгыг татаачгүй байж хэцүү гэдгийг нь мэдэрсэн. Учир нь манай гэртэй хамгийн ойр фитнес заал гурван давхарт байрладаг. Хоёр суга таягтай арайхийн явдаг надад гурван давхарын шат гэдэг “хүршгүй оргил” шиг санагдаж байлаа. Анх фитнесийн заалны босгоор алхаж биш бараг л мөлхөж орсон санагддаг юм./инээв/Өдөр ирэх тусам гурван давхарын шатыг туулах хугацаа минь богиносож фитнес зааланд өнгөрүүлэх хугацаа минь харин уртасч байв. Хоёр хөл минь миний анх төсөөлж байсан шиг гэнэтхэн мэдээ ороогүй ч өдөр тутмын уйгагүй дасгалын үр дүнд аажим аажмаар мэдээ орж байлаа. Ингэж л би хөл дээрээ боссон.
БИ ЧИНЬ ФИТНЕСИЙН ТӨВИЙНХӨӨ “БУГ” НЬ ШҮҮ ДЭЭ
–Sky фитнест яваад би хоёр жил зөвхөн өөрийнхөөрөө л хөдөлсөн. Харин 10 сарын өмнөөс багштайгаар хичээллэж эхэлсэн. Фитнест явж эхэлж байхад “Чи яагаад төмөр өргөөд өөрийгөө зовоогоод, хоол ундаа сойгоод байгаа юм бэ? Ингэж ачааллаж болох бие хаатай хүн биш шүү дээ чи” гэж санаа зовж үглэх хүмүүс ойр тойронд цөөнгүй байсан. Гэсэн ч биед минь үр дүнгүүд гарч эхлэхтэй зэрэгцээд тэр хүмүүсийн санаа зовинол ч арилж байв. Фитнесийн багш, тамирчид, хамт олноосоо маш их урам авдаг. Хөгжилтэй зүйл хэлэхэд би чинь 2024 оны фитнесийнхээ “буг”-аар шалгарсан бүр өргөмжлөлтэй хүн шүү дээ./инээв/ Учир нь би өдөр бүр дор хаяж 5-6 цагийг зааландаа өнгөрүүлдэг.
-50 насандаа анх Монголын Бодибилдинг Фитнесийн Улсын аварга шалгаруулах тэмцээний тайзан дээр алхаж үзлээ. Үүнийг би мөрөөдөж ч зүрхлээгүй. Өөрийгөө ямар азгүй хүн бэ гэж гутардаг үе байсан бол өнөөдөр би өөрийгөө ямар азтай хүн бэ гэж баясаж сууна. Би одоо тайван, стрессгүй, эрүүл, маш их энергитэй хүн болсон. Хөгшин залуу, өвчтэй эрүүл гэлтгүй бүх л хүмүүсийг фитнесийн спортыг өдөр тутмынхаа амьдралын нэг хэсэг болгоосой гэж хүсэж байна.