
Иргэн Г.Батсүх Үндсэн хуулийн цэцэд хандлаа.
Тэрбээр, Төрийн хэмнэлтийн тухай хуульд тендерийн худалдан авах ажиллагааг 05-р сарын 31-ны дотор багтааж дуусгах, гүйцэтгэсэн ажлын мөнгөн дүнгийн босго нь дотоодын ААН-үүдийг боомилж байна гэж үзэж ҮХЦ-д гомдол гаргаж байна.
Жишээ нь Сэлбэ дэд төвийн барилгын ажилд нэг ч Монгол компани орж ажиллах боломжгүй болчхоод байгаа юм. Өөрөөр хэлбэл Сэлбэ дэд төвийг Хятадын барилгын компаниуд л барихаар байна.
Тиймээс Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.2 дахь хэсгүүд нь Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан зохицуулалтыг зөрчсөн болохыг тогтоож өгөхийг ҮХЦ-ээс хүсэж байгаа аж.
Тэрбээр ҮХЦ-д гаргасан өргөдөлдөө :
“Хэмнэлт хийх нь зөвхөн төсвийн үр ашгийг нэмэгдүүлэх, зардал хэмнэхэд чиглэсэн байж болох ч зарим тохиолдолд төсвийн санхүүжилт зогсох, орхигдох нь эдийн засгийн аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлэх магадлалтай. Жишээ нь, төрийн төсөл, арга хэмжээнүүдийн үргэлжлэл болон чанарт шууд нөлөөлж болзошгүй бөгөөд энэ нь нийгмийн хөгжилд сөргөөр нөлөөлж, тогтвортой байдалд аюул учруулж болно.
Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас зарласан Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хорооллын бүтээн байгууллалтын тендэрт ганц ч Монгол Компани оролцох боломжгүй нөхцөл тавиад хуулийнхаа дагуу 2025 оны 05-р сарын 30-ны өдрийн дотор бүрдүүл гэх шаардлага тавигдсан. Тухайлбал техник өгөгдлийн буюу тендэрийн худалдах авах ажиллагааны баримт бичигт Сүүлийн таван жилийн борлуулалтын орлогоос аль нэг жилийн борлуулалтын орлого нь төсөвт өртгийн 30 хувиас багагүй байх гэсэн өндөр босго тавьсан.
Бодитоор бол Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтын төсөвт өртөг нь нийтдээ 840 тэрбум төгрөг, багц болгож хуваасан хэдий ч хоёрдугаар багц нь л гэхэд жилийн 136 тэрбум төөргийн борлуулалтын орлоготой байхыг шаардсан. Иймд хэмжээни орлоготой хувийн компани өнөөдрийн Монгол Улсад байх нь маш ховор. Нөгөө талаас энэ нь Монгол Улсын хуулийн этгээд, аж ахуй нэг ажилтай, орлоготой байхын эсрэг зохицуулалт болж байна. Иймд хэмжээний төсөв өртөгийн боломжийг тэндер зарласнаас 5 сарын дотор материалаа бүрдүүлж өгнө гэдэг бол Монгол Улсын Хуулийн этгээдийн хувьд асар хүндрэлтэй юм.
Үүнээс шалтгаалан гадаад компаниудад давуу нөхцөл бүрдэж, дотоодын эдийн засаг, үндэсний компаниудын оролцоо хязгаарлагдаж, улсын эдийн засгийн хяналт, аюулгүй байдал алдагдах эрсдэл бий болоод байна.
Үндсэн хуулийн 5 дугаар зүйлд зааснаар төр эдийн засгийн зохицуулалт хийхдээ нийгмийн хөгжлийг хангах зорилготой байх ёстой. Гэтэл Монгол Улсын хуулийн этгээд орох боломжгүй шаардлага, бүрдүүлэхэд ч хүндрэлтэй давчуу цаг хугацаа тавигдах нь төсвийн зохицуулалт, үүнийгээ дагаад нийгмийн хөгжилд саад учруулсан Үндсэн хуулийн шаардлага зөрчсөн хуулийн зохицуулалт болж байна.
Төсвийн хэмнэлтийг зөвхөн орлого, зардлын хэмжээнд анхаарч, хэмнэлтийг хэрэгжүүлэх нь нийгмийн суурь хэрэгцээ, хүн амын амьдралын чанарыг хангахад сөрөг нөлөө үзүүлж байна. Тухайлбал, нийгмийн үйлчилгээний төсөвт хэмнэлт хийх нь тухайн чиглэлийн тусгай хөтөлбөр, төсөл, арга хэмжээг зогсоох, хойшлуулах, бүр цуцлах зэрэг үр дагаварт хүргэж, улмаар төрийн зүгээс хүлээсэн нийгмийн сайн сайхны төлөөх үүрэг, зорилгыг биелүүлэхэд саад учруулж байна.
Мөн Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.2 дахь хэсгүүд нь батлагдсан төсөл, арга хэмжээг богино хугацаанд багтаахыг шаарддаг бөгөөд хугацаа хэтэрсэн тохиолдолд санхүүжилтийг хасах зохицуулалттай. Энэ нь тухайн төсөл арга хэмжээнд оролцох боломжийг хязгаарлаж, зарим тохиолдолд иргэдийн үндсэн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх нөхцөл үүсгэж байна.
Иймд төсвийн сахилга бат, хэмнэлтийн зорилго нь нийгмийн хөгжлийг хангах төрийн үндсэн чиг үүрэгтэй зөрчилдөхгүй, харин нийцтэй, тэнцвэртэй хэрэгжих шаардлагатай. Гэвч одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн эдгээр заалтууд нь Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан эдийн засгийн зохицуулалт нь хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилготой байх гэсэн үндсэн зарчмыг зөрчиж байна” гэжээ.