
ХУД-ийн 18-р хороонд байрлах халуун ус дамжуулах шугамыг 4 сар орчим хугацаанд засварлахаар болжээ
Тодруулбал, “Монгол Улсын Засгийн газар болон Дэлхийн банкны Олон улсын Хөгжлийн Ассоциацийн хамтран хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төсөл”-ийн хүрээнд, Хан-Уул дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Суруга салаа” чиглэлийн 2х400 мм голчтой дулааны шугамыг шинэчлэх барилга угсралтын ажил хийгдэхээр төлөвлөсөн.
Тус ажлыг “Хангилцаг” ХХК 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 9 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд гүйцэтгэнэ.
Иймд дээрх хугацаанд хэрэглээний халуун ус хязгаарлагдах болохыг үүгээр мэдэгдэж байна. УБДС ТӨХК-аас зарим хэсэгт холбоос шугамууд гаргаж, халуун усаар түр хангах боломжийг судлан ажиллаж байгаа бөгөөд шугамын эзэмшигч байгууллагуудтай зөвшилцөлд хүрсэн тохиолдолд зарим хэрэглэгчдэд халуун ус залгах боломжтой болох юм. Иргэд, хэрэглэгч та бүхэн дээрх хугацаанд хүлээцтэй хандана уу” гэсэн мэдэгдлийг УБДС-ТӨХК, Харилцаг ХХК-аас гаргажээ.
Тус мэдээллийг УБДС-ТӨХК-аас тодруулахад, “Дулаан шугам засварлах ажлыг энэ сарын 19-ний өдөр эхлүүлсэн бөгөөд VIII сарын 20-ны өдөр хүртэл засна. Гэхдээ 5 хоногийн дотор өөр дулааны сүлжээнээс халуун ус авч, айл өрхүүдэд түгээж ажиллана. Хэсэгчилсэн байдлаар хязгаарлаж буй тул аль байршлуудад халуун ус хязгаарлахыг эргэж мэдээлнэ” гэлээ.