
Хүн амын төвлөрөл ихтэй Улаанбаатар хотод жил бүр 184.6 мянган тонн төмс, хүнсний ногооны эрэлт үүсдэг. Гэвч одоогийн хадгалах хүчин чадал нь ердөө 89.1 мянган тонн буюу хэрэгцээний 43 хувийг л хангаж байна.
Тиймээс 50 мянган тонн багтаамжтай шинэ агуулах байгуулах хэрэгцээ бодитоор тулгарч байгаа юм. Энэхүү хэрэгцээг хангах үр дүнтэй шийдэл бол Хүннү хотын Логистикийн нэгдсэн төв юм.
Уулзалтын үеэр хүнсний хангамжийн логистикийн үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагын төлөөллийн зүгээс лаборатори барихаас гадна агуулахын хувьд агаар сэлгэлт болон хөргөлтийн системийг анхнаас нь зөв шийдвэрлэх нь чухал гэдгийг тодотгож байв.
Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлыг түшиглэсэн анхны дагуул хот Хүннү хотод тээвэр логистикийн нэгдсэн төвийг нийт 1019 га талбайд барина. Үүнээс 400 га талбайд тээвэр логистикийн бүсийг байгуулах юм. Уг төлөвлөлтийн хүрээнд ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд өнөөдөр нийслэлд хүнс, худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллага, холбоодын төлөөлөлтэй уулзаж, санал солилцлоо. Ийнхүү логистикийн төвийг шинээр байгуулахдаа тэдний саналыг тусгаж, олон улсын стандартад нийцсэн ажил төлөвлөж, гүйцэтгэх юм.
Эх сурвалж: НЗДТГ, ХМОНХХ