
Гашуун яриа нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт машин засварчнаас инженерийн хэмжээнд хүртлээ хөдөлмөрлөсөн Б.Батбаяр оролцлоо. 10 гаруй жилийн өмнө гурван хүүхдээ дагуулж, орон нутгаас, нийслэл хотод шинэ амьдрал эхлүүлэхээр ирж байсан тэр өнгөрсөн хугацаанд туулж мэдэрсэн амьдралынхаа талаар болон хөдөлмөрийн үнэ цэн, үр өгөөжийн тухай ярилаа.
-Гурван хүүхдээ дагуулаад хотод амьдрахаар ирнэ гэдэг таны хувьд эргэлт байсан байх. Яагаад ийм сонголт хийх болов?
-Би өөрийгөө их зөв шартай юм болов уу гэж боддог. 10 гаруй жилийн өмнө эхнэрээсээ салаад гурван хүүхэдтэйгээ хотод орж ирсэн. Эхнэрээсээ салсан хүн сэтгэлээр унаж, архи дарсанд орчих гээд байдаг бол би уухгүйг хичээж, өөрийгөө завгүй байлгах юм сан гэдэг бодолтой байсан нь олон. Заримдаа караокед ороод хоёр гурван дуу дуулаад, орилчихдог байлаа. Салалтын ард үр хүүхэд өнчирдөг нь л маш том алдаа. Маш няхуур, суурьтай хандахгүй бол үр хүүхэд өнчрүүлэх маш хэцүү байдаг.
Хүүхдүүд их өрөвдмөөр юм билээ. Багаасаа ээжийн хараа хяналтгүй болсон хүүхдүүд эмэгтэй хүн харахаараа л аниа аниа гэж гүйгээд жигтэйхэн байдаг юм.
-Ганц бие аавуудын амьдрал хэрхэн өрнөдөг юм бэ?
-6-7 жил ганц бие аав явахаар яг эмэгтэй хүн шиг, авгай шиг болдог юм билээ. Орой ажлаасаа ядраад л ороод ирэхэд хөвгүүд юм чинь хувцсаа урчихсан байна. Хиртэй болчихно. Орж ирж хараад, үглээ болчихдог юм билээ. Эрчүүд чинь тийм байдаггүй шүү дээ. Хувцсыг нь хараад л үүнийгээ угаачихгүй яасан юм гэдэг. Жаахан хүүхдүүд болохоор угааж чадахгүй л дээ. Ажлаасаа орж ирээд, тостой гар хуруугаа угаачхаад, хүүхдүүдийнхээ хувцсыг угаагаад сууж байхад муу ээж минь уйлаад сууж байж билээ. Тэр бол миний л хийсэн үйлийн лай. Тэгэхээр би өөрөө л үүрэх ёстой. Хамгийн гол нь үглээ болдог нь л хэцүү юм билээ. Эмэгтэй хүн шиг л болчихдог.
Одоо суусан хань минь сайхан хүн. Гурван хүүхдийг минь хүнийх гэж гадуурхдаггүй. Ээж шиг нь л байдаг. Сургалтдаа явахгүй яасан юм, яагаад хичээл тасалж байгаа юм гээд би мэдээгүй байхад, тэр бүгдийг мэдчихсэн байдаг.
-Хүүхдүүд ээжтэйгээ холбоотой юу?
Хэдэн хүүхдийнхээ ээжид гомддог ганц зүйл байдаг юм. Салснаас хойш хүүхдүүдийгээ гээд нэг ч удаа яриагүй. Ямар ч байсан хүүхдүүдийнхээ хувцсыг хиртэй явуулчихгүй юм сан, уранхай байлгахгүй юм сан гээд орой орж ирээд, зүү хүртэл хөндлөн барьж үзэж л байсан. Өмдийг нь тайрч хасаад, урагдсан байсныг нь оёод л. Энэ бол миний үүрэг учраас хүнд, зовлонтой байсан гэж хэлж чадахгүй. Мэдээж хийх л ёстой зүйл.
-Хотод орж ирэх ямар байсан бэ?
Би Таван толгойд том машины жолооч байсан юм. Тэгэхэд мөнгө гэдэг зүйлээр гачигдаж үзээгүй. Өдөртөө 300-400 мянган төгрөг үрээд байхад юу ч бодогддоггүй байсан. Энд ирээд сар ажиллачхаад 500 мянган төгрөгийн цалин авдаг байлаа. Ийм цалингаар яаж амьдрах юм бэ гээд тэр үедээ их гутарсан. Ажлыг бол голдоггүй. Дугуй байсан чиг л хийдэг байлаа. Хүмүүс ганц дугуй нөхөх ажлыг тээр шаагаад хийдэггүй байсан бол би хийгээд л. Ер нь хөдөлсний хүчээр л мөнгө гэдэг зүйл орж ирдэг. Насны залууд ядарна гэдэг зүйлийг ерөөсөө мэддэггүй байсан. Ядарна гэж ер нь яахыг хэлдэг юм бол, залхуу хүрэхийг ядрах гээд байдаг юм байх даа гэж боддог байсан. Одоо бол ядарна гэдэг зүйл мэдэгддэг юм байна. Жаахан суучихмаар санагдаад л болдоггүй юм билээ. Гэхдээ ер нь суусан хүн хожигдоно. Хөдөлсөн хүн хожно шүү. Хөдөлгөөний дутагдлаас авхуулаад л. Амардаг өдрөө хэвтээд өнжчих юм бол нуруу, бөөр өвдөөд босож чаддаггүй. Ажлаа хийгээд яваад байх юм бол зүгээр яваад байдаг. Ажиллаад явахад хүнд зүйл байна. Мэдэхгүй, чадахгүй зүйл гарч ирнэ. Олон төрлийн машин янзалдаг байсан. Сүүл рүүгээ голчлоод Crown дээр ажиллаж эхэлсэн. Болохгүй, бүтэхгүй бүх зүйлийг оролдож үзсэнийхээ хүчинд аль болох танин мэдэх гээд л зүтгэж байна.
-Ихэнх засварын газрууд үйлчлүүлэгчдээ мөнгө гэж хардаг талаар та хэлж байсан. Энэ талаар тодруулбал?
-Одоо дадлагажуулж байгаа хүүхдүүддээ хэлдэг. “Хүний зүгээр байгаа зүйлийг сольж болохгүй шүү” гэж. Ихэнхдээ сэлбэгтэй газрууд сэлбэгээ борлуулахын тулд, яах вэ борлуулалтаас нь шалтгаалж цалин өгнө гэдэг байх. Тэгэхээр хүүхдүүд сэлбэгээ борлуулахын тулд, хүний зүгээр байгаа эд ангийг их сольдог. Яг оношилж чаддаггүй. Хэчнээн сая төгрөгөөр солиулчхаад байхад дуу нь хэвээрээ байна гэсэн асуудал олон ирдэг. Тэгж байж хүний сэтгэлд хүрнэ шүү дээ. Сэтгэлийг нь татчихвал, бие хаачих вэ гэдэг үг бий шүү дээ. Тэр бол яг үнэн үг.
-Аав минь намайг гарын дүйтэй гээд их магтдаг байсан. Бага байхдаа цагаан сарын таваг хийгээд, түүгээрээ цагаан сараа хийдэг байлаа. Миний хүү гарын дүүтэй гээд л. Сийлбэрийн багажаа өөрсдөө хийсэн хүн л сийлбэрчин болдог гээд л, өөрөө нухаж хийгээд л, ааваасаа асуудаг байлаа. Аав минь одоогоос 4-5 жилийн өмнө өөд болсон. Нас ахих тусам аавыгаа л их үгүйлэх юм. Аавын тухай дуу явахаар хоолой зангираад л. Хэдэн хүүгээ харахаар, “Би тэдний насан дээр аавыгаа боддоггүй байж дээ” гэж боддог юм. Тэгж байхад нь тээр шаалгүй хийгээд өгч байхгүй яав даа л гэж одоо харамсдаг юм. Миний аав мөн ч хөдөлмөрч хүн байсан шүү.
-Таны амьдралыг бүхэлд нь аваад үзвэл хамгийн гашуун үйл явдал нь юу байсан бэ?
-Гашуун мэдрэмжийг би элэг бүтэн байхдаа л амсаж үзсэн дээ. Архи дарсыг хэтрүүлж уудаг байсан. Нохойн замаар амьдарсан. Тэр хугацаа миний санаанаас гардаггүй юм. Яах гэж тэгж уудаг байсан юм бол. Элэг бүтэн байсан шүү дээ. Хүн өөрийгөө жигшихгүй юм бол архи дарснаас гарахгүй байх. Би хааяа жаахан уудаг. Гэхдээ тэгж уухаа больсон. Сүүлийн үеийн хүүхдүүд харин сайхан болсон байна. Архи дарснаас хол явах юм. Хамгийн хэцүү зүйл нь тэр хар тамхи гэх юм. Тэрнээс л хол байгаасай.