
АНУ болон БНХАУ хоёр зөвшилцөлд хүрч, бие биеийнхээ импортын бараанд тогтоосон гаалийн татварын нэмэгдлээ бууруулахаар тохиролцжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп улс орнуудын импортын барааны гаалийн татварыг нэмэгдүүлж, худалдааны дайн зарласнаас хойш талууд анх удаа хэлэлцээрийн ширээний ард сууж, зөвшилцөлд хүрсэн байна.
Хоёр улсын байгуулсан гэрээний дагуу Вашингтон, Бээжин хоёр импортын бараанд тогтоосон гаалийн татваруудынхаа заримыг нь цуцалж, заримыг нь 5-р сарын 14-нөөс 90 хоногийн хугацаатай хойшлуулжээ.
Үүний үр дүнд АНУ-ын Хятадын импортын бараанд оногдуулсан татвар 145 хувиас 30 хувь, Хятадын АНУ-ын импортын зарим бараанд оногдуулсан татварын 125 хувиас 10 хувь болж буурах аж.
Түүнчлэн Бээжин импортын татварын нэмэгдлээс гадна АНУ-д чухал ашигт малтмал экспортлохыг зогсоох шийдвэрээ цуцалжээ.
90 хоногийн дараа хоёр улсын хойшлуулсан татварын нэмэгдлүүд ахин хэрэгжиж эхэллээ гэхэд Вашингтоны Хятадын импортын бараанд оногдуулах гаалийн татвар 54 хувь болж, харин Бээжингийн АНУ-ын импортын бараанд оногдуулах татвар 34 хувь болж өсөх аж.
АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент талууд аль аль нь худалдааны харилцаагаа таслахыг хүсэхгүй байгаагаа илэрхийлсэн гэсэн бол Бээжингийн зүгээс хоёр улс зөвшилцөлд хүрсэн нь үл ойлголцлыг даван туулж, харилцаагаа гүнзгийрүүлэх суурь болж өгсөн гэжээ.